Алтан тоос

2019-07-22

Атрын 60 жил,  “Дархан” сангийн аж ахуй үүсч хөгжсөний 60 жилийн ойд

Талх тариатай бол дуу хууртай” Ардын үг   

 

Баруун Алтайн хөвүүн Рэгзэнгийн Хашбаатар 1967 онд нутгаасаа гарч хангай нутгийг зорив. Эвлэлийн төв хорооноос залуусыг хаварын тариалалтанд ажиллуулахаар илгээхэд Сэлэнгийн Ерөөгийн Сангийн аж ахуйн Хүдэрийн  тариа бригадад иржээ. Талбай дээр үрсэлгээ хийхэд сээлкэн дээр анх удаа сууж үзэв. Тариа тарихад хамгийн их шороо тоостой ажил нь энэ. Бүтэн сар хагас эндээ ажиллав. Үрсэлгээ дуусгаад буцаж ирсэн Хашаа хачирхалтай нь, битүү шороон дундах өнөөх сээлкээ зүүдэлж хоножээ. Сээлкэн дээр анх хуваарилагдаж ирсэн хүмүүс шороо тоосноос нь халшираад ахиж суух нь бүү хэл бүр зугтаадаг байв. Гэтэл Хашаа яагаад энэ ажлаа зүүдлэх нь энэ вэ.

Учир нь ойлгомжтой. Тэр тариачин аавын хөвүүн. Ховдын Булган сумынхан эрт дээр цагаас тариа тарьж ирсэн уламжлалтай. Булганчууд анжисанд морь, тэмээ, үхэр хөллөн газраа хагалж гар тээрмээр тариагаа тээрэмдэн арвай будаагаа боловсруулан хэргэлсээр ирсэн. Хашбаатарын гэрийнхэн ч адилхан. Анжисаа шар үхэр, тэмээнд хөллөн газар хагална. Хашаа дөрөв таван наснаасаа л аавыгаа даган модон анжисныхаа дээрээс булцгар жаахан хоёр гараараа хир чадлаараа дарж өгнө. Аль болох сайн дарж өгвөл модон анжисных нь төмөр хошуу газарт гүн шигдэнэ. Хөрс гүнзгий хагалагдах тусмаа тарианы үр доош сууж арвин ургац авна. Тариачны хөдөлмөрийн ур ухаан ийм буюу. Рэгзэн гуайнх таван га газарт тариа тарьж ам бүлийнхээ арвай гурилын хэрэгцээг өлхөн хангаад илүү гарсаныг нь айлд арилждаг байв. Хадсан тариагаа нүдийг нь боосон мориор гишгүүлж цайруулна. Модон хударганд оруулсан илжигээ хөтлөн тээрмээ эргүүлж будаагаа тээрэмдэнэ. Шанаг будааг төлөгөөр солино. Наймын хувин будааг байдсан гүүгээр өгөх жишээтэй. Тариачин удамтай хөвүүн тариагаа зүүдэлсэний учир ийм.

 

ЭРЭГ ШУРАГ БҮРЭН

Хашбаатар модон анжисанд шар үхэр биш оньсон техник хөлөглөн тариа тарихаар  мөрөөдөв. Хүсэлдээ хөтлөгдсөн хөвүүн 1968 онд Орос улсын Алтайн хязгаарын Барнаул хотыг зорьж трактор комбайны жолооч механикчийн сургуульд сурлаа. Төгсөөд шууд Дарханы Сангийн Аж Ахуйд хуваарилагдан иржээ. Энэ үед улс орон даяар өрнөсөн атрын анхдугаар аян ид хүчээ авч байлаа. Залуухан мэргэжилтэн Хашбаатар ч энэ их тариан түрлэгэнд татагдан оров. Атрын анхдагч трактор комбайнчид талбай дээрээ шууд орос ах нараар заалган техникээ жолоодож сурсан. Удалгүй ажлын шаардлагаар  45 хоногийн курсээр тэднийг бэлдэж жолооч болгож байв. Тэгвэл Хашбаатар механикжуулагчийн мэргэжлийг бүтэн жил зургаан сар сурч эзэмшсэн болохоор эрэг шургийг нь ч нэгд нэгэнгүй заалгаж авсан гэсэн үг. Ийм учраас л тэр анхнаасаа тариаланч нөхөддөө техникээ яаж эзэмшихийг заан сургасаар өнөөг хүрлээ. Хонгорын аж ахуйдаа төдийгүй Увс, Завхан, Хөвсгөлд томилолтоор очиж тариа хураалцаж явсанаа дурсах дуртай. Онгоцоор нисэж очоод л тэндхийн комбайныг нь жолоодоод талбайд гардаг байжээ.

Хашбаатарын хөдөлмөрийн амжилт эхнээсээ л арвин. Дархан хотын болон аймгийн ургацын аваргаар 2 удаа шалгарч, Сангийн аж ахуйнхаа шилдэгээр 9 удаа тодорчээ. Энэ эрч нь улам чангарсаар Улсын аваргын болзолыг 7 удаа хангаж дөрвөн шагналыг нь авчээ. Жил бүр тогтмол 17-27 мянган центнер ургац хураасан. Энэ нь таван жилд хорин жилийн төлөвлөгөө биелүүлж байсан хэрэг. Ингэж тооцохоор  20 жилд 80 жилийн ажил хийсэн амжилттай. Ард түмэндээ арвин ургацын дээжээ өргөсөн бүтээлийг нь төр үнэлэн 1991 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн.

 

ЭРЧ ХҮЧ ДҮҮРЭН

Анхны атарчин Хашаа баатрынх эцэг өвгөдөөсөө үе дамжин эх газрын хөрс шороонд өөрсдийн гараар тарьж ургуулсан арвай будааныхаа гурилаа эрхэмлэн дээдэлж хэргэлсээр иржээ. Хашаа хөвүүнийг бага байхад арвайн гурил, бор гурилаа иддэг байв. Одоо эдний гэр бүлийнхний тарьсан амуу буудайгаар хийсэн гурил нь цэвцийсэн цагаан өнгөтэй. Гэхдээ эднийх бор гурилаа илүүд үзнэ. Ийм гурил тэжээллэг чанараараа илүү. Хамгийн гол нь эцэг нь хөвүүдтэйгаа хамтран тарьсан буудайн гурил өөр ямар ч гурилаас илүү амттай. Хашаа баатар насан турш өөрөө тарьсан будааны гурилаар хийсэн талхаа идсээр явна. Бие сэтгэлийн эрч хүч дүүрэн яваагийн нууц ч энэ буюу.

Хашаа баатар төрсөн нутаг Алтайгаасаа алсад  хоёр мянга нэг зуун км-ын тэртээх Дархан хотод ирж гал голомтоо тулж  идээшин дассан. Гэргий Бүрнээ нь ч тариаланч.  Хаш-Эрдэнэ, Болор-Эрдэнэ хоёр хүү нь удам залган тариаланч болцгоож  газар тариалангийн “Жаргалант Бөх” компанийг авч явна. Компаний нэрэнд Хашаа баатрын   долоон хүүхэд ороод ам бүлийн  есөн хүний нэр цөм багтсан утга учиртай.

Баруун Алтайн мөнх цаст сүрлэг уулс Бүрэнхайрханы бэлд бага балчираасаа аав ээжээ даган бог будаа, арвай тарьж өссөн хөвүүн Бурхант нутгийн өгөөмөр хөндийд дүүрэн шижиртэх буудайн шаргал түрүүг тавь дахь жилдээ хураасаар явна. Тариан далайд сэлүүрдэх хөлгийн бүхээгтээ тэрбээр “Мичид шүргэх Алтай” дууг аялана. Тэгснээ “Ургацын далай” заавал эгшиглэнэ. Тариан түрлэг ийнхүү ямагт дуу хуур даллана.

Рэгзэнгийн Хашбаатар таны эртний тахилгатай Буурал хайрханыхаа өвөрт суулгаж соёолуулсан амуу буудай тал дүүрэн халиурах болтугай!  

Алтан тариан түрлэгтэй нэгэн жараны бариан дээрээс, хөдөлмөр бүтээлдээ залуу насны эрч хүч, бадрангуй оргилуун сэтгэл зүрхээ зориулсан анхны атарчид та бүхэндээ баярын мэнд хүргэе!

Өвгөнхүүгийн Рагчаасүрэн- Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн.

2019.07.21.  Бурхантын хөндийн Дархан хотоос.