Анх удаа Наадам эхлүүлсэн хязаалангийн уралдаанд Д.Даяндэмидийн хонгор түрүүлэв

2019-07-10

 

———- Хотгойдын унага нь хөө Хонгор халиун зүстэй дээ ————

Хүннү гүрэн буюу тулгар төрийн 2228, Их эзэн Чингис хааны байгуулсан Монгол Улсын 813, 1921 онд ялсан Ардын хувьсгалын 98 жилийн ойг тэмдэглэх таван өдрийн Улсын баяр наадам Хүй долоон худагт морин уралдаанаар эхэллээ. Урьд өмнө нь наадмыг шүдлэнгийн уралдаанаар нээдэг байсныг энэ жилээс болиулж анх удаа хязаалангаар эхлүүлэв.Хойшид хязаалан морины уралдаанаар Улсын баяр наадмыг эхлүүлдэг уламжлал тогтох юм байна. Энэ насны хурдан морины уралдаанд уяачид 184 хүлэг мордуулсан. Түрүү айргийн хурдан ажнай хөлгүүдийг танилцуулъя.

—Түрүү: Хонгор хязаалан. Эзэн нь Д.Даяндэмид. Хөвсгөл, Мөрөн сум

—Аман хүзүүнд: Зээрд хязаалан. Эзэн нь Д.Мөнхбат. Өвөрхангай, Баян-Өндөр

—Айргийн гуравт: Хүрэн хязаалан. Эзэн нь Н.Баттөмөр. Баянхонгор, Бууцагаан

—Айргийн дөрөвт: Цавьдар хязаалан. Эзэн нь Т.Цогбадрах. УБ, Чингэлтэй

—Айргийн тавд: Хээр хязаалан. Эзэн нь Б.Нямжав. Төв аймгийн Баян сум.

    Түрүү магнай үрээ нь “Хотгойдын унага” дуунд гардаг хурдан ажнайн зүстэй юм билээ. Хөвсгөлийн хотгойд ардын энэ дуу нь:

Хотгойдын унага нь хөө Хонгор халиун зүстэй дээ
Хорин тавны найран дээр Хоохон цолыг авсандаа

—Унага насандаа уяагдаад Даага насандаа давхиад
—Долоон хошуу наадамдаа Долоон удаа түрүүлжээ

Ноёд ноёдын үүдэнд Ногттойгоо дүүхэлзэнэ
Ногтлоод ирсэн хүүдээ Нойрон дундаа үүрсэнэ

—Хаад хаадын үүдэнд Хазаартайгаа дүүхэлзэнэ 
—Хазаарлаад ирсэн хүүгээ Харан харан баясна аа

Алтан сайхан амгайг нь Аягийг нь тааруулж татаарай
Алтан сайхан зоог нь Аяар, аяар гуядаарай.

—Мөнгөн мөнгөн зуузайг нь  Мөрийг нь тааруулж татаарай 
—Мөлгөр сайхан зоог нь Зөөлөн зөөлөн гуядаарай” гэсэн үгтэй байдгийг наадамчин түмэн сайн мэдэх байхаа.

Е.МЯГМАРСҮРЭН