1903 оноос эхлэн уралдсан шүдлэн насанд энэ удаад Г.Ганбаярын хар үрээ түрүүлэв

2019-07-10

Түүхт 2228, 813, 98 жилийн гурван ой давхацсан Улсын баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд уяачид 240 гаруй хүлгээ мордууллаа. Гарсан цагаасаа түрүүчийн үрээнүүдийг гүйцэж хурдалсаар ганцаараа түрүүлж явсан Төв аймгийн Угтаалцайдам сумын Г.Баттулгын зээрд халзан үрээ барианы зурхайн доор эгнэсэн наадамчид руу хадуурч хоргодож байгаад унаач хүүхдээ унагав. Хүүхэд нь мориндоо дахиж мордон уралдаанд нийлэх зуурт зээрд халзангийн ард нэхэж явсан Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Г.Ганбаярын хар үрээ барианы зурхай дээр түрүүлж гишгэн шүдлэн морины түрүү магнай болов. Аман хүзүүнд Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжавын хар үрээ оров. Харин Г.Баттулгын зээрд халзанг, мориндоо дахиж мордсон унаач хүүхэд нь гуядаж хурдлуулсаар гуравт давхиуллаа. Айргийн дөрөвт Завханы Цагаанчулуут сумын уугуул, 2019 оны Цагаан сараар Улсын алдарт уяач цолоор шагнуулсан Б.Баярдоржийн хар шүдлэн, айргийн тавд Говь-Алтайн Бигэр сумын О.Амгаланбаатарын хээр алаг хурдлав.

Шүдлэнгийн уралдаанд Төв аймгийнхан сайн наадлаа. Дашрамд сонирхуулахад, түрүү морины уяач Г.Ганзоригийн аав Дугаржавын Ганзориг нь морины хүрээнийхэнд хүндлэгдсэн, хурдан “ногоон” азаргаараа алдаршсан сайн уяач. Аман хүзүүний морины уяач Б.Нямжавын нагац ах Б.Рэгжийбуу нь 1949 оны Улсын баяр наадмын их насанд зээрд морио аман хүзүүнд хурдлуулж байсан алдартай уяач байжээ. Гуравт давхисан, хүүхдээ унагадаг зээрд халзангийн уяач Г.Баттулгын аав Гончиг нь Завхан аймгийн Отгон сумын харьяат бөгөөд Аймгийн алдарт уяач юм.

Шүдлэн морийг анх 1903 оны долдугаар сард VIII Богд Жавзандамбыг Цэцэнхан аймагт залж тусгай Даншиг наадам хийхэд (одоогийн Төв, Дорноговь, Дундговь аймгийн залгаа сумуудын нутагт) уралдсан. Шүдлэнгийн анхны уралдаанд Засаг ноён Дэмчигваанжил хээр үрээгээ түрүүлгэжээ. Үүнээс хойш улсын наадамд шүдлэн морийг 117 дахь удаа уралдуулсан нь энэ наадмынх. Боржигоны алдартай уяач Дэмчигваанжил ноён нь тухайн Даншигт одтой сайхан наадаж шүдлэнгээс гадна дааганы уралдаанд морио түрүүлгэж, соёолон, хязааланд улаан бор, ухаа зээрд үрээнүүдээ аман хүзүүнд хурдлуулж, их насаа 11-ээр, азаргаа 16-гаар давхиулжээ.

        Е.МЯГМАРСҮРЭН