Анжелина Жолигийн охин Захарагийн төрсөн эх нь охинтойгоо уулзахыг хүсчээ

2019-07-10

Анжелина Жоли болон Брэд Питт нар гурван хүүхэд үрчлэн авсны зэрэгцээ мөн гурван хүүхэд төрүүлсэн билээ. Одоо тэдгээр хүүхдүүд том болж буйн нэг нь эфиоп гаралтай охин Захара. Захара одоо 14 настай.

Захараг төрмөгц төрсөн эх нь охиноосоо татгалзсан тул асрамжийн газрын хүүхэд болсон юм. Жоли 2005 онд Захараг зургаан сартай байхад нь үрчлэн авсан. Тэгэхэд охин хэдэн сарын турш хоолны дутагдал, тураалын улмаас хэт турж эцсэн хэрзгэр туранхай байлаа.

Харин одоо бол Захара хэний ч харсан үзэсгэлэнтэй, цовоо охин болжээ.

Захарагийн төрсөн эхийг ДОХ-ын улмаас нас барсан гэж хэвлэлүүд мэдээлж байтал охиноо хоёр нас хүрэх үед гэнэт гарч ирж, ярицлага өгч дуулиан тарьж эхэлсэн юм. Ярилцлагууддаа Питт Жоли хоёрыг буруутгахын зэрэгцээ хүчиндүүлж жирэмсэн болсон тул хүүхдээ асрамжийн газарт өгсөн гэж мэдэгдсэн удаатай. Тухайн үед Питт Жоли хоёр Захарагийн төрсөн эх гэх Мантеваб Давит Лебисотой уулзаж, зөрчил маргаанаа шийдсэн байдаг.

Гэтэл 2017 онд Лесибо дахиад хэвлэлээр яриа өгч эхэлсэн. Энэ удаад тэрбээр охинтойгоо хааяа ч гэсэн уулзаж, харилцаж байхыг хүсдгээ илэрхийлсэн юм.

“Төрсөн эх нь амьд мэнд байгаа гэдгийг охин маань мэдээсэй л гэж би хүсдэг. Тэрнээс би охиноо буцаан авна гэж мөрөөдөөгүй. Зүгээр л хааяа ч гэсэн харилцаж баймаар санагддаг. Анжелина ээжийнх нь оронд ээж болж өсгөснийг мэднэ. Гэхдээ би охиноо өдөр бүр боддог. Хөөрхөн царайг хармаар санагддаг. Дуу хоолойг нь сонсохсон. Охиныхоо төрсөн өдөр бүр их шаналдаг. Учир нь түүндээ баяр ч хүргэж чадахгүй суудаг” хэмээн Лесибо мэдэгдсэн.

Лесибо сүүлийн үед ч охинтойгоо уулзахыг байн байн шаардах болжээ. Харин Анжелина Жоли өсвөр насны охиныхоо сэтгэлзүйд муугаар нөлөөлж магадгүй хэмээн цааргалсаар байгаа аж.

News1.mn Р.Гэгээ