Хөдөлмөрийн баатар Б.Шарав: Монголын урлагийг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай

2019-07-08

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлигаар  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай хүртлээ. Тэрээр шагналаа гардаж аваад сэтгэгдлээ хуваалцахдаа “Хөгжмийн урлагт хоёргүй сэтгэлээр 50 жил зүтгэсний үр шим надад ирлээ гэж бодож байна. Энэ бол зөвхөн миний гавьяа биш, надтай хамтран зүтгэж байсан уран бүтээлчдийн минь гавьяа. Мөн Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, түүнийг түшиж, гол үзэл баримтлалаа болгож явсны минь ач буян. Миний уран бүтээлийг үргэлж үнэлдэг ард түмэн, үргэлж дэмждэг төр засгийн байгууллагынхандаа талархаж байгаагаа илэрхийлье. Монголын урлагийг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хэлье” хэмээлээ.