Хятан-Их Ляо улсын үеийн шилдэг үзмэрийн үзэсгэлэн 9 дүгээр сар хүртэл үргэлжилнэ  

2019-07-05

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын Өвөрмонголын Хятаны шилдэг үзмэр” үзэсгэлэн Монгол Улсын Үндэсний түүхийн музейд нээлтээ хийлээ.

Нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчид сайд Шин Хаймин тэргүүтэй хоёр улсын соёл, түүхийн салбарын төлөөлөгчид оролцож, тууз хайчиллаа.

X-XII зуунд Монголын өндөрлөгийн өмнөд хэсэг, одоогийн БНХАУ-ын умард хэсэгт аж төрж байсан Хятанчууд 916 онд Их Ляо улсыг байгуулан 200 гаруй жил оршин тогтносон байдаг. Тэдний түүхэнд холбогдох гоёл чимэглэл, тоног хэрэгсэл, зан үйлийн эд өлөг зэрэг 70 иж 450 гаруй ховор үзмэрийг дэлгэсэн тус үзэсгэлэн өнөөдрөөс эхлээд ирэх 9 дүгээр 6-ныг хүртэл үргэлжилнэ.