Зочид буудлын ертөнцийг бүрэн өөрчилсөн Конрад Хилтоны шийдлүүд

2019-07-03

Дэлхийн 113 оронд нийтдээ 5700 гаруй сүлжээ зочид буудлыг ажиллуулж буй Hilton-ий 100 жилийн ой энэ жил тохиож байна. Банкны бизнест хөл тавиад дампуурч баларсан Конрад Хилтон энэхүү зочид буудлын сүлжээг байгуулсан түүхтэй.

Тэгэхэд Конрад Хилтон 31 настай байв. Хэдийгээр банкны ажил нь дампуурсан ч тэр бизнест амжилт олох найдлагаа алдалгүй, алдаанаасаа сургамж авч, заавал том зүйл бүтээхээр тэмүүлж байв. Харин ямар салбарт юу хийхээ хараахан олоогүй байлаа.

Ингэж яваад Техас мужийн Сиско хотноо очихдоо тэндэхийн Mobley зочид буудалд байрлахаар оржээ. Гэтэл үүдний танхимд хүмүүс шоргоолж шиг бужигнаж байх юм гэнэ. Бүгд л сул өрөөний төлөө өрсөлдөн гүйлдэж, хоорондоо муудалцаж зодолдох нь холгүй.

Үүнийг хараад Хилтонд “Ийм их эрэлттэй бизнесийг эвтэйхэн хийчихвэл…” гэсэн санаа орж иржээ. Удалгүй Хилтон яг тэр зочид буудлыг худалдан аваад ажил нь маш богино хугацаанд амжилт олж эхэлсэн байна.

Сайн дарсыг оноор нь мэддэг шиг сайн зочид буудлыг муугаас нь ялгах ухаан Конрад Хилтонд анхлан төрж, хэрэгжүүлсэн юм. Одоогийн бидний яриад байдаг таван одтой, гурван одтой гэх мэт ангиллыг тэр бий болгосон. Яахав, АНУ-д зочид буудлыг нэг их одтой гэх мэтээр хэлэх гэдэггүй тал бий. Европ тивд бол одыг их чухалчилдаг. Харин Их Британид үндэсний хэв маягаараа од биш титэм хэрэглэх гэнэ. Энэтхэгт бүр оноогоор тооцох жишээний… Гэхдээ хэлбэр нь өөр ч утга агуулга нь бол яг л Хилтоны санаачилсныг л дагаж яваа хэрэг.

1-2 одтой зочид буудалд зайлшгүй шаардлагатай зүйлсийг бага хэмжээгээр байрлуулдаг. Харин 3 одтой зочид буудалд үйлчилгээ өргөжиж ирнэ. Өдөр бүр өрөөний цэвэрлэгээ, зурагт, мини-баар юмуу хөргөгч, мөн зочид буудал нь бассейн, бэлтгэлийн заал, хэвлэлийн танхимтай байх ёстой. Дөрвөн одтой зочид буудалд массаж гэх мэт нэмэлт үйлчилгээнүүд нэмэгдэнэ. Таван одтой зочид буудлын үйлчилгээ ямар ч дутагдах гачигдах зүйлгүй төгс байх учиртай гэх мэт.

Хилтоны зочид буудлын бизнесээ өргөжүүлэхдээ барьсан бодлого бол “Үйлчлүүлэгчийн ямар ч санал гэнэтийн байхааргүйгээр бүхнийг бэлдсэн байх ёстой” гэсэн чиг баримтлал юм. Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгчдийн хүсдэг бүхэн байх ёстойгоос гадна мөн тухайн цаг үеийн шаардлагыг мэдэрч бэлдсэн байх ёстой ажээ.

Мөн алдартай юмуу онцгой зочдод зориулсан тусгай гэнэтийн бэлгүүдийг тэр бодож олжээ. Сарнай цэцгэнд дуртай алдартай дуучин байлаа гэхэд өрөөндөө ороход тэр цэцэг ширээн дээр байж байх жишээтэй. АНУ-ын 31 дэх Ерөнхийлөгч Герберт Гувер чихрэнд их дуртай байж л дээ. Түүнийг олж мэдээд яг дуртай чихрийг нь ширээн дээр тавьчихсан байсанд их олзуурхан баярласан гэдэг. “Жижиг сажиг зүйл гэдэг бол огт жижиг сажиг юм биш” гэж Хилтон хэлдэг байж.

Конрад Хилтоны тархинд байсан бодол бол “Би хамгийн шилдэг зочид буудлын сүлжээг байгуулна”. Тиймээс тэр бүгдийг төгс байлгахыг зорьдог. Зочид буудал худалдан авах боллоо гэхэд олон талыг харна. Түрүүн хэлсэнчлэн жижиг деталийг ч орхихгүй.

Зочид буудлаас нь хүмүүс инээмсэглэж гарч байна уу? Зочид буудал руу ямар зам хөтөлж байна? Үүдний гэрлүүдийн байрлал зохимжтой юу? Хэдэн гэрэл нь асаж, хэд нь шатсан байна? Үүдний өрөөний зохион байгуулалт ямар байна? Гэрэл хаана тусч байна? Үйлчилгээний ажилчдын харилцаа соёл хэр байна?  гээд бүгдийг тэр төгс байлгахыг эрмэлзэж, хатуу шаардлага тавина. Одоо зочид буудлын өрөөнүүдэд зурагт байдаг шүү дээ. Тэгвэл зурагт байрлуулсан анхны зочид буудал бол Hilton юм. Мөн л Конрадын санаа.

Европ тивд анх байгуулсан Hilton-ий сүлжээ нь Hilton Istanbul Bosphorus. Hilton-ий сүлжээнээс хамгийн урт нэртэй нь гэж байгаа.

Конрадын анзаарсан бас нэг зүйл бол ресепшний орчин нэг л хоосон оргиод байж. Ингээд тэнд үйлчлүүлэгчид шаардлагатай байж болох ариун цэврийн ойр зуурын хэрэглэл, эм, сонин, ном, ундаа зэргийг байрлуулж өгчээ. Зочин үүднээс л ойр зуур хэрэгтэй бүхнээ авчих бололцоог бүрдүүлсэн нь энэ. Хүмүүс аливаа зүйлээ мартах нь элбэг тул зочид буудлын үүднээс нөхөөд авахдаа баяртай байдаг.

1950-аад оны үед эмэгтэйчүүд гадуур ганцаараа явах нь ховор байж. Заавал хэн нэгэнтэй ханьтай явдаг. Үүний Конрад мэдэлгүй яахав. Тиймээс зөвхөн эмэгтэйчүүдийг бодож зочид буудлынхаа өрөөнүүдэд дэлгүүр, эмнэлэг гэх мэт шаардлагатай газруудын утасны жагсаалтыг байрлуулах болжээ.

Одоогийн энэ мини-баарууд ч Конрадын санаа. Тэр л анх Хонконг дахь салбартаа 1974 онд мини-баарыг байрлуулсан юм билээ. Хүмүүс байн байн гараад байлгүй гэртээ байгаа юм шиг хөргөгчнөөс хэрэгтэй зүйлээ авчих боломжийг нээж өгсөн нь асар их ашиг авчирсан гэдэг.

Мөн Конрадын бодож олсон нэг зүйл бол сүлжээ зочид буудлуудаа нисэх онгоцны буудалтай ойрхон байлгах. Зочид өглөө эрт юмуу эсвэл шөнө дөлөөр нисэх онгоцны буудал руу яаран явах явдал түгээмэл байдаг тул зочид буудлуудаа ойрхон байлгахаар тооцсон хэрэг. Ингэснээр зочид буудалдаа аяллын соёлыг оруулж өгсөн гэж хэлж болно. Жуулчдаас гадна онгоцны нисэгч, үйлчлэгчдийг тэр огт мартаагүй юм.

Хүмүүс өөр улс оронд очихдоо дассан газраараа үйлчлүүлэхийг хүсдэг. Учир нь мэдэхгүй танихгүй газар дасаагүй зочид буудалд буухад хэнд ч таатай биш. Тиймээс Hilton-оо дэлхий даяар тараан сүлжээ болгожээ. Hilton-ий чанар, үйлчилгээг мэддэг үйчлүүлэгчид тэднийг л шууд сонгодог болгосон байна.

Одоо Hilton-ий гол өв залгамжлагч нь 91 настай Баррон Хилтон. Конрадын хөвгүүдийн нэг. Харин олон түмэн бол түүний ач охин Парис Хилтоныг андахгүй.

Сонирхолтой нь Конрад Хилтон өөрийнхөө бүх хөрөнгөө сайн үйлсийн санд хандивлачихсан тул Баррон нэлээн зарга шүүх болж байж өв залгамжилсан юм билээ. Баррон гэхдээ аавынхаа адил сайн үйлсэд их мөнгө зарцуулдаг хүн гэдэг.

News1.mn Р.Гэгээ