Одоог хүртэл ээжтэйгээ хамт амьдардаг одод

2019-07-02

Эцгийн гэрээс гарч, өөрийн зоргоор амьдрахыг мөрөөдөж зүтгэдэг нь байхад эхийнхээ дэргэдээс холдолгүй үргэлж хамтдаа байхыг хүсдэг, дасч ээнэгшсэн нэгэн бас байдаг. Оддоос одоог хүртэл ээжтэйгээ хамтдаа амьдарч буй гурван эрийг дурьдая.

Хамгийн эхэнд дурьдагдах хүн бол Леонард Ди Каприо. Тэрбээр олон жил кино урлагт зүтгэсний шанд хэдхэн жилийн өмнө “Оскар” гардсан. Харин 44 нас хүрсэн ч гэсэн ээжийнхээ дэргэдээс холдож төвдөхгүй яваа нэгэн. “Хувийн амьдрал минь их тогтворгүй гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Миний амьдралд ганц л чухал эмэгтэй байдаг. Тэр бол миний ээж Ирмелин Индербиркен” гэж тэр хэлсэн байдаг.

Леог ердөө нэг настай байхад эцэг эх нь гэр бүлээ цуцлуулсан юм билээ. Үүнээс хойш ээж нь хүүдээ бүх амьдралаа зориулсан. Одоо ч гэсэн хүүтэйгээ хамт амьдарч, хааяа хамтдаа улаан хивсэн дээгүүр алхдаг. Хүүгийн харшийг ээж нь маш сайн харж ханддаг гэдэг. Зарим сониуч хэрэгтэй дуртай бүсгүйчүүдийг усаар шүршиж хөөдөг гэнэ билээ.

Сар гаруйн өмнө загвар өмсөгч Ирина Шейкээс харилцаагаа тасалсан Брэдли Күпер ээжтэйгээ хамт амьдарсаар ирсэн эр. Аавыгаа өөд болсны дараагаар Брэдли ээжийнхээ хамт Лос-Анжелест нүүж иржээ. Тэр хагацал зовлонг ээжтэйгээ хамт даван туулж, эцэстээ хамтдаа холливүдийн амжилт өөд өгссөн ч гэж хэлж болно. Ээж нь ямар бүсгүйтэй найзалж болохыг бараг зааж өгдөг тухай ч цуу яриа дэгдсэн удаатай. Ирина Шейктэй хамт амьдарч байхад ээж нь хажуу өрөөнд нь хамтдаа байсан юм.

Ролан Гаррост 12 удаа түрүүлсэн Испанийн нэрт теннисчин Рафаэль Надаль мөн эхийнхээ дэргэдээс холддоггүй. Тэр ээжийгээ хамгийн гэгээн ариун хүн хэмээн дээдэлж, бага насны хөгжилтэй гэрэл зургуудтай цомгоо байсхийгээд хамтдаа дэлгэж үздэг гэдэг.

Надалийн амжилтын эх тулгуур ээж нь. Сэтгэлээр унасан, гэмтэж бэртсэн үед ээжийн халамж, урмын үг, их хайр түүнийг дэмнэж босгодог ажээ. Гэр бүлээ маш их дээдэлдэг болохоор эцэг эх нь салахад Надалийн амжилт ч хэсэг зуур уналтад орж байлаа.

News1.mn Р.Гэгээ