“МЭРГЭН БУУДАГЧ” ТАТААР ба ЕСҮНХЭ МЭРГЭН

2019-07-02

 

 

XIII зууны үеийн монгол цэргийн нум сум харвах ур чадварыг харуулсан хоёр том түүхэн баримт бий. Нэг нь дайснаа дарж дархан цолоо мандуулсны дараах энх цагийн баяр наадмын харваа, нөгөө нь алс Баруун этгээдэд дайлаар мордож байлдан дагуулах дайны үеийн “мэргэн буудагч”-ийн харваа.

Чингис хаан бөмбөрцгийн талыг байлдан дагуулж эзэнт гүрнээ байгуулсан гэсэн ерөнхий ойлголт олон хүнд байдаг. Гэтэл Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ц.Нацагдорж тэргүүтэй эрдэмтэд энэ байлдан дагуулал  Америк тивийг Испанийн хааны албат, итали аялагч Колумб нээхээс 300-гаад жилийн өмнө болсон учраас дэлхийн гуравны хоёрыг байлдан дагуулсан гэж  тооцох ёстой гэсэн өөр гаргалгаа хийдэг. Тухайн үед байгаа эсэх нь тодорхойгүй байсан Америк тивийг өнөөдөр Чингис хааны байлдан дагууллын XIII зууны газрын зурагт оруулж тооцох нь буруу гэнэ. Чингис хаан болон Евразид тэр цаг дор мэдэгдэж байсан нутаг, улс орныг 100 хувь гэж тооцоход монгол цэргийн морин туурай хүрч тамгалсан газрын хэмжээ нь бөмбөрцгийн гуравны хоёр буюу 66.66 хувь болж байгаа юм байна. Зарим нь бүр Австрали, Африк тивийг XIII зууны газрын зургаас хасч тооцоод Чингис хааныг дэлхийг бүхэлд нь байлдан дагуулсан гэсэн хэтийдсэн томьёолол гаргадаг.

Баруун Европт Чингис хаанаас илүүтэйгээр Бат хааныг сайн мэднэ. Учир гэвэл, Өрнө зүгийн их аян дайныг Бат хаан удирдан, байлдан дагуулж байснаас үүдэлтэй. Дээр нь монголчуудыг татаарууд гэж нэрлэнэ. Польш улсын Краков хотын төвд Гэгээн Мариягийн сүм  буй. Энэ нь Европын Загалмайн шашинт улсын хотууд дахь Гэгээн Мариягийн бусад сүмээс онцгойрох ялгаа байхгүй. Гэхдээ Бат хааны байлдан дагуулалтай холбоотой бүрээн дуу цаг тутам тус сүмийн 80 метр өндөр цамхгийн тагтан дээрээс эгшиглэдгээрээ олны анхаарал татсаар 778 оныг үдэн өнгөрөөж, одоо ч өдөр хоногийг өртөөлөн үргэлжилсээр байна.

Польшийн эртний Xанлиг улсын нийслэл Краков хотод Бат хааны цэрэг 1241 оны гуравдугаар сарын 18-нд орж иржээ. Тус хотын төвд Гэгээн Мариягийн сүмийн хос цамхаг сүндэрлэнэ. Цамхгийн оройн тагтан дээрээс тусгай харуулууд  гал усны гэнэтийн аюул гарах, дайсан довтлохоор ирж явааг хотын оршин суугчдад зарлан сэрэмжлүүлэн бүрээ үлээж дуут дохио өгдөг уламжлалтай. Тэр нь зүгээр жирийн бүрээн дуу биш, тусгай ая дантай “Мариягийн дуудлага” гэсэн нэртэй.

Тэртээ XIII зууны Польшийн түүхэн судар номд: -“Татааруудын (монголчуудын) довтолгооныг хэн ч зогсоож чадахгүй байгаа тухай, замд таарсан хот тосгодыг эзлэн түйвээж Краков хот руу ойртож яваа гэсэн муу мэдээ хотын оршин суугчдыг айдаст авахуулна. Тэдэнтэй хамгийн ойрхон оршдог хаяа хот Сандомир руу татаарууд довтолсон нь аюул айл буусныг илтгэлээ. Бат хааны Хайду жанжны удирдсан түмт цэргийг тосон байлдсан Владимеж воеводын удирдсан Краковын цэрэг, Владимеж воеводын захирсан Сандомирийн цэрэг татааруудад бут цохигджээ. Владимеж воевод энэ тулалдаанд алагдаж, Краков болон Сандомирийн ван “ичимтгий” хочит IV Болеслав гэр бүлээ аван Мажар/Унгар/ руу зугтахаар шийджээ. Гайт тэр өдөр Гэгээн Мариягийн цамхгийн харуул бүрээчин залуу сүмдээ очихоор Краков хотын гудамжны чулуун замыг товшуурдан гүйх шахам явахад дөнгөж үүр цайж байв. Түүнд муу совин төрж, үүнээс улбаалан маш эрт босч  харуулын цамхаг руугаа чавхдаж яваа нь энэ. Хот даяар нам гүм, хүмүүс гүн нойрондоо автана. Харуул залуу сүмийн цамхгийн байрандаа ирээд эргэн тойрныг хянамгайлан хараачлаад бүх зүйл хэвийн байгаад сэтгэл амран дуг хийжээ. Төд удалгүй тэрбээр цочин сэрж, босон харайлаа. Хотын хаалга руу татаар цэргүүд ойртож явааг олж үзэв. Харуул бүрээгээ шүүрэн авч “Мариягийн дуудлага” аяыг тоглож эхэллээ. Хотын оршин суугчид сэрсэн хэдий ч эхлээд учрыг үл ойлгон “Унтуулахгүй бүрээ үлээгээд, энэ харуул галзуурав уу. Ер нь юу болоод байна вэ” хэмээн бие биенээсээ асууж нойрмог нүдээ нухална. Харуул бүрээгээ зогсоо зайгүй үлээж байлаа. Эцэст нь хүмүүс хотод нь татаарууд довтлохоор ирж явааг анхааруулсан дуудлага болохыг ойлгов. Бүрээчний тоглох “Мариягийн дуудлага” ая хотоо хамгаалагчдын хувьд ангийн (цэргийн) туг болж хувирлаа. Төрөлх хотоо харийн дайсанд алдахгүйн төлөөх тулалдаанд орлоо. Морьд янцгаах, шархдагчдын шаналах дуу тэнгэрт хадна. Харвасан сум, шидсэн чулуу агаар зүсэн тас няс хийнэ…Хотынхоо төлөө амь үл хайрлан тулалдагчдын уриа болж, зогсоо зайгүй эгшиглэж байсан бүрээн дуу – “Мариягийн дуудлага” ая тасалдлаа. Татаар цэрэг тэр харуулын хоолойг онож харван чимээгүй болгожээ. Татаарын суманд харуул ийнхүү амь эрсэдсэн ч бүрээгээ хөсөр унагасангүй, гартаа тас атгаастай чигээрээ хөшлөө. Татаарыг эсэргүүцэн тэмцэгч эх орончид удирдлагагүй болов. Краков хот даяар агшин зуур нам гүмд автав. Гэтэл өөр нэг бүрээчин түүний хөгжмийн зэмсгийг аваад дахин бүрээ үлээлээ. Краковынхон нүүрлэсэн аюултай тулж хотоо хамгаалахаар эрслэн бослоо” гэж бичсэн байдаг. Бат хааны цэргүүд Краков хотыг гуравдугаар сарын 28-нд бүрэн эзлэн авсан.

Түүнээс хойш 700 гаруй жилийн турш Польшийн өмнөд хэсэгт оршдог сая шахам хүн амтай, улсынхаа хоёр дахь том хот Краков хотын Гэгээн Мариягийн сүмийн цамхгийн орой дээрх тагтан дээрээс цаг тутам “Мариягийн дуудлага” аяыг бүрээгээр тоглож байгаа. Энэ нь төрөлх хотоо татаар монголчуудаас хамгаалан тулалдахад уриалан дуудсан бүрээчин харуулын гэгээн дурсгалд зориулсан үйл юм. Одоо цагт тагтан дээрээс бүрээ үлээх харуул “Мариягийн дуудлага”-ыг эгшиглүүлэхдээ төгсгөл хэсэгт нь зориуд хагас октаваар доошлуулан үндсэн аяыг алдаж тоглодог.  Бүрээн дуу ая дангаа ингэж алдаж байгаа нь дайсан татаарын харвасан сум хоолойд нь туссанаас нэр нь үл мэдэгдэх нэгэн баатар эр амь эрсэдсэнийг эмгэнэн дурсаж байгаа хэрэг.

Зоос бүхэн хоёр талтай. Дээр дурдсан эмгэнэлт түүх бол нэг тал нь. Харин нөгөө талаас нь харвал Бат хааны цэргийн “мэргэн буудагч” харваачийн ур чадварыг хэр сайн болохыг илтгэсэн баримт байжээ гэж хэлж болно. Гэгээн Мариягийн сүмийн бүрээчин рүү нум эвшээлгэж, сум тавьсан тэр цэргийн нэрийг өнөөдөр бид мэдэхгүй. Мэдэх ч аргагүй. Дайн тулааны үед бусдаас онцгой үүрэгтэй байдаг “мэргэн буудагч”-ийн нэрийг бүхий л цаг үед чандлан нууцалсаар ирсэн бус уу.

Харин ингэж чандлан нууцлах шаардлагагүй, өөрөөр хэлбэл дайн тулааны бус цаг дор баяр наадам хийхэд хамгийн шилдгээр тодорсон нэгэн харваачийн нэрийг хад чулуунаа сийлсэн. Энэ бол Хавт Хасарын хүү Есүнхэ  мэргэний тухай өгүүлсэн “Чингисийн чулууны бичиг” нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн гэрэлт хөшөө. Уг гэрэлт хөшөөг босгосон он цаг нь Краков хотыг Бат хааны цэргүүд дайлаар авахаас 17 жилийн өмнөх үе. Чингис хаан Дундад Азид аян дайн хийж Хорезм улсыг дийлэн хураасныхаа дараа 1224 онд Буха Сужихай гэдэг газар Монголын ноёд, цэргийн жанжнуудаа хуралдуулсан байна. Их үйл хэргийн дараа болсон энэхүү томоохон цугларалтын үеэр найр наадам хийж шилдэг сайн харваачдынхаа цэц мэргэнийг сориход Есүнхэ мэргэн 335 алд газарт байг оножээ.

Есүнхэ (1190-1270) нь Чингис хааны төрсөн дүү Хавт Хасарын хүү бөгөөд түүний харвааны тухай тэмдэглэсэн гэрэлт хөшөөний бичээс нь “Чингис хаан” гэж нэгдүгээр мөрний дээд хэсгээс эхэлдэг учраас шинжлэх ухааны судалгааны эргэлтэд “Чингисийн чулууны бичиг” гэсэн нэрээрээ алдаршсан юм.

Одоо ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажид хадгалж байгаа энэхүү гэрэлт хөшөөг Байгал нуурын зүүнтэй Нэрчүүгийн тэндэх Хуандайн балгас гэдэг газраас 1818 онд олсон байна.  Хөшөөн дээрх бичээсийг олон эрдэмтэн тайлан уншсаны дотроос Хөдөөгийн Пэрлээ гуайнх хамгийн зөв гэж хүлээн зөвшөөрөгдсөн байдаг тул энд толилууллаа. “Чинггис хан-и Сартаул иргэн таулжу баужу Хамуг Монггол улус-ун нойати Буха-Сужихай хуригсан тур йэсүнхэ онтудур-ун хурван заут гучин табун алдас-тур онтудлага” буюу Чингис хаан нь Сартаул иргэнийг дайлж бууж бүхийд Хамаг Монгол улсын ноёд Бух сужигай хурсанд Есүнгэ ондутруун гурван зуун гучин таван алдаст ондуутлаа хэмээн бичжээ. Бичээст гарч байгаа онтудур-ун, онтудлага гэсэн үгийг цэцэн онох, мэргэн оносон гэж тайлбарладаг.