Хэдхэн “ГАР БАРИЛТ”-ын зайтай ХҮМҮҮН ХОРВОО

2019-07-01

Икс тайлан гаргадаг, гаргадаггүй, үүсгэн байгуулснаасаа хойш үйл ажиллагаа   явуулдаг явуулдаггүй Төрийн бус байгууллага (ТББ) манай улсад 9200 байдаг. Зарим нь үүсгэн байгуулагчийнхаа нэрийн хуудсан дээр хаяг нь бичигдэх төдийгөөр оршин тогтнож буй.

Тэр олон ТББ-ын нэг болох “Хүмүүн хорвоо” нийгэмлэгийн тухай нэлээд хэдэн жилийн өмнө анх сонссон юм. Үүсгэн байгуулагчид нь эксүүд. Монгол Улсын экс Ерөнхийлөгч П.Очирбат, экс Ерөнхий сайд С.Баяр, Гадаад харилцааны экс сайд Ц.Гомбосүрэн, Сангийн экс сайд Баабар Батбаяр нар. Чихинү чимэг болсон аялгуут сайхан үгээр “овоглосон” тус нийгэмлэг нь Монголын түүхэнд дуудуулах нэртэй, дуурсах мөртэй явсан хувь түүхэн эрхмүүдийн цадиг намтрын товчооноор дамжуулан Монголчуудын түүхийг хартай цагаантай, үнэн байдлаар сэргээн бичих зорилготой.

“Хүмүүн хорвоо” нийгэмлэгийг 2013 онд байгуулсан бөгөөд үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын бүлэгт багтдаг аж. Аж гэх юу байх вэ. Явуулдаг болохыг, явуулж байгаагаа хэдхэн өдрийн өмнө

“Гончигжанцангийн БАДАМДОРЖ” (зохиогч Төрийн шагналт Б.Цэнддоо),

“Цэрэнсодномын ДАМДИНБАЗАР. ЖАЛХАНЗ ХУТАГТ” (зохиогч-дипломатч Ё.Отгонбаяр),

“Жамсрангийн ЦЭВЭЭН” (зохиогч-Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч С.Лочин) гэсэн гурван ном гаргаснаар үргэлжлүүлэн зарлан тунхаглав. Тус нийгэмлэг өөрсдийн захиалгаар бичүүлж хэвлүүлсэн эхний дөрвөн ботио 2015 оны хоёрдугаар сард уншигчдын гар дээр анхлан тавьсан.

– 1. БНМАУ-ын отгон Ерөнхий сайдын тухай дипломатч, нийтлэлч Д.Баярхүүгийн “Жамбын БАТМӨНХ

– 2. Ардын хувьсгалын дараахь Монгол Улсын анхны Ерөнхий сайдын тухай сэтгүүлч, нийтлэлч Г.Дашрэнцэнгийн “Догсомын БОДОО

– 3. Монголын шинэ үеийн утга зохиолыг үүсгэн байгуулагчийн тухай эрдэмтэн зохиолч С.Лочингийн “Дашдоржийн НАЦАГДОРЖ”

– 4. Маршалын тухай нийтлэлч Баабар Батбаярын, “Хорлоогийн ЧОЙБАЛСАН(хоёр дэвтэр) гэсэн ном байлаа.

“Хүмүүн хорвоо” нийгэмлэгийг үүсгэн байгуулагч Санжийн Баяр нэгэнтээ өөрт нь аавынхаа хэлж байсан “гар барилт”-ын тухай ухагдахууныг ярьж билээ. Тэрбээр  “Аав минь түүхч хүн болохоор намайг түүхийн ном уншуулах гэж их шахна. Би болохоор жаахан төвөгшөөнө. Эрт дээр үеийн түүх уншиж мэдээд надад ямар ч хэрэггүй санагдана. Аавын унш гэсэн Монголын түүхийн хэдэн ном нь цаг хугацааны хувьд их л алсарч холдсон санагдана. Миний энэ ойлголт, түүхийн ном унших дургүй байгааг аав минь ажиглаж мэдсэн шиг байгаа юм. Тэгээд хэлж байна. “Аав нь Юмжаагийн Цэдэнбал даргатай гар барьж явсан хүн. Бал дарга Маршал Чойбалсантай гар барьж явсан байж таарна. Маршал Чойбалсан болохоор Сүхбаатар жанжинтай гар барьсан нь мэдээж. Сүхбаатар тэргүүтэй Монголын төлөөлөгчид Хөдөлмөрчдийн их багш Ленинтэй уулзсан гэдэг байхаа… Тэгэхээр миний хүүгийн хувьд Цэдэнбал даргатай түүх талаасаа хоёр “гар барилт”-ын зайтай байна. Маршал Чойбалсантай гэхэд гурван “гар барилт”-ын зайтай, Сүхбаатар жанжинтай бол дөрвөн “гар барилт”-ын зайтай байгаа” гэж ярьж байсан хэмээн өгүүлсэн.

”Гар барилт”-ын зай. Энэ ямар лут ойлголт ухагдахуун бэ. Бид мэт нь “өвөөгөө сайн мэдэхгүй, ямар гэрэл зураг гэж байсан биш өндөр өвгөө бүр мэдэхгүй, элэнц, хуланцаа бүр мэдэхгүй” хэмээн удам судраа мэдэхгүй байгаагаараа бахархах өнгөөр ярьдаг хүмүүс. Гэтэл тэд минь ердөө хоёр “гар барилт”-ын, гурван “гар барилт”-ын, дөрөв таван “гар барилт”-ын зайтай байгаа бус уу. Дашрамд онцлоход “Хүмүүн хорвоо” нийгэмлэгийн эрхлэн гаргаж байгаа цуврал цадигт цаанадаж зургаан “гар барилт”-ын, наанадаж хоёр “гар барилт”-ын зайтай байгаа XX зууны Монголын түүхийг бүтээлцсэн алдартай хүмүүс хамрагдаж байгаа. Анхны дөрөв болон саяхны гурван “түүхэн эрхмийн цадиг” гарах хооронд бас зургаан номыг нийтэд толилуулсан. Эдгээр нь:

“Чин ван ХАНДДОРЖ” (зохиогч-дипломатч Ё.Отгонбаяр),

“Дашзэвэгийн СЭНГЭЭ” (зохиогч Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Х.Зандраабайдий),

“Донровын НАМДАГ” (зохиогч Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Х.Зандраабайдий),

“Цэндийн ДАМДИНСҮРЭН” (зохиогч Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч С.Лочин),

“Юмжаагийн ЦЭДЭНБАЛ” (зохиогч Төрийн шагналт Баабар Батбаяр),

“Дашийн ДАМБА” (зохиогч-дипломатч Ё.Отгонбаяр) юм.

                                                                                    Е.МЯГМАРСҮРЭН