Монгол Ардчилалд нэгдэцгээе

2019-06-30

— Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төлөө —-

Одоо Үндсэн хуулийн зөвхөн 35 хувь хүртэлх хэмжээнд  нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой юм. Үүнээс хувь нь давбал нэмэлт, өөрчлөлтийн тухай асуудал бус тав дахь шинэ Үндсэн хууль болоод явчихна. Тэгэхээр, 1992 оны дөрөв дэх Үндсэн хуулиас өнгөрсөн цаг үед үүргээ нэгэнт гүйцэтгэсэн, цаашид одоо болон ирээдүй цагийг бодож зохицуулан  өөрчлөх шаардлагатай 35 хүртэлх хувийн зүйл, заалтад “гар хүрнэ” гэж ойлгож болно. “Гар хүрсэн” тохиолдолд найман жилийн дотор дахиж өөрчлөхгүй гэсэн хуультай.

МАН  нь 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Эрх мэдлийн харилцан хяналт, тэнцэлтэй, тогтвортой, хариуцлагатай төрийг бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ” хэмээн  тусгаж ард түмэндээ амласан. Тийм ч учраас тус намаас нэр дэвшиж сонгогдсон 64 эрхэм гишүүн бүгд “Хэрвээ би хийхгүй юм бол, хэрвээ чи хийхгүй юм бол, хэрвээ бид  бүгдээрээ хийхгүй юм бол хэн энэ Үндсэн хуулийг өөрчлөх юм бэ” гэж эв санаагаа нэгтгэн зориглон хөдөлж мэдэхгүй чадахгүй зүйл огт үгүй болсноор нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн хийх ёстой болж байна.

Эдгээр 64 эрхэм түшээ маань бүгд биш юм гэхэд, олонх нь 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ урьдчилан мэдэж байгаа нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах улстөрийн ажил бүтэмжтэй болох том түлхүүр билээ. УИХ-ын гишүүдийн 3/4 хувь буюу 57-гоос дээш саналаар нэмэлт, өөрчлөлтийг батлах зохицуулалттай байгаа болохоор 64, 57 гэсэн тоог харьцуулахаар долоон тооны зөрүү гарч байна, бас дээр нь шинэ өөрчлөлтийн төлөө ШИНЭ намын гурван гишүүн дэмжсэн санал өгнө гэж тооцохоор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орох  баталгаат магадлалын тоолуурын зүү 100 хувь руу савлаж байна. Харин Д.Лүндээжанцан гишүүнийг “Үндсэн хуулийн эх баригч” гэж нэрлэж буй нь тохиромжгүй бус уу. Гэхдээ өөрт нь хэр таалагдаж байгааг мэдэхгүй байна. Энэ удаад шинэ тав дахь Үндсэн хууль батлахыг зориогүй учраас, уг нь “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ЭХ БАРИГЧ”, эсхүл “Үндсэн хуулийн 35-ын ЭХ БАРИГЧ” гэвэл зөв томьёолол болох юм.

Дашрамд хэлэхэд, 1992 оны Үндсэн хуульд өмнөх 1924, 1940, 1960 оны анхдугаар, хоёрдугаар, гуравдугаар хуульд зааснаас, Монгол Улсын иргэн бидний эрхийг асар томсгож, үүргийг маш багасгаж өгсөн. Философичид иргэншсэн нийгэмд иргэн хүн хуулийн хүрээнд зөв зохистой аж төрөх нөхцөлийг “эрх үүрэг нь тэнцүү байх” гэж тодорхойлдог. Энгийнээр бодоход үүрэг хүлээгээгүй тохиолдолд сайх хүнтэй хариуцлага тооцно гэж юу байх вэ. Ахмадуудын гаргасан шинэ нэр томьёо- “хариуцлагагүйн зуд” ч үүнийг илэрхийлдэг. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд иргэний эрх, үүргийн харьцааг тэнцүү биш гэхэд тэнцүүдээ болгох нь зохистой. Уншигч иргэн таны болон бид бүхний, 1992 оны Үндсэн хуулиар хамгаалагдсан ЭРХИЙГ үүрэгтэй нь зэрэгцүүлэн толилуулъя.

 

Үндсэн хуулийн АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:

-1/амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно;

-2/эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй;

-3/хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;

-4/ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй;

-5/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй;

-6/эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно;

-7/сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно. Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно;

-8/соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална;

-9/шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;

-10/нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно. Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно;

-11/улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй. Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;

-12/төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;

-13/халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална;

-14/Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно;

-15/шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;

-16/итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно;

-17/төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;

-18/улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй.

 

Үндсэн хуулийн АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ

1.Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:

1/Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх;

2/хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

3/хуулиар ногдуулсан албан татвар төлөх;

4/эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах.

2.Хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн.