35000 ДОНОР ба НЕАНДЕРТАЛЬЧУУДААС өвлөсөн I БҮЛГИЙН ЦУС

2019-06-28

 

 

 

Австричуудын мөнгөн тэмдэгт нь еврод шилжихээс өмнө буюу 2002 оны хоёрдугаар сарын 28-ныг хүртэл гүйлгээнд хэрэглэж байсан 1000 шиллингийн дэвсгэр дээр тухайн орны иргэдийн төдийгүй хүн төрөлхтөний бахархал болсон суут эрдэмтний хөрөг, түүний агуу нээлтийг илэрхийлсэн зураг бий. Энэ эрхэм бол 1930 оны Нобелийн шагналыг физиологи, анагаахын шинжлэх ухааны салбарт хүртсэн Австрийн биологич Карл Ландштайнер (1868-1943). Тэрбээр дөрвөн бүлгийн цус байдгийг тогтоосноор цус сэлбэх эмчилгээ зөв гольдрлоор эрсдэлгүй үр дүнтэй болох асуудлыг 100 хувь шийдсэн юм. Сайх эрдэмтний агуу нээлтээр хүн төрөлхтөн мэдсэн зүйл нь: Донорын цусны хүчилтөрөгч зөөгч улаан эсийн гадаргад байрлах химийн нэгдэл-“эсрэг төрөгч” нь өвчтөний цустай холилдохдоо дархлааны урвал үүсгээгүй нөхцөлд л цус юүлэх нь ямар ч эрсдэл аюулгүй, сайн үр дүнд хүрнэ. А, В гэсэн хоёр төрлийн “эс төрөгч” байдаг. Эдгээр “эс төрөгч”-өөс үндэслэн хүний цусыг А. В, АВ, 0 (аль нь ч байхгүй) гэж дөрөв ангилж болно.

0 бүлгийн цусыг бусад аль ч бүлгийн цустай хүнд юүлэхэд дархлааны урвал үүсэхгүй таардаг. “0” нь хуучин нэршлээр I бүлгийн цус юм.

А бүлгийн цусыг А “эсрэг төрөгч”-ийн эсрэг нь эсрэг бие агуулсан В болон 0 бүлгийн цустай өвчтөнд хийж болохгүй. “А” нь хуучин нэршлээр II бүлгийн цус юм.

В бүлгийн цусыг А болон 0 бүлгийн цустай өвчтөнд хийж болохгүй. Учир нь эдгээр бүлгийн цусанд В “эсрэг төрөгч”-ийн эсрэг нь эсрэг бие агуулагддаг. “В” нь хуучин нэршлээр III бүлгийн цус юм.

АВ бүлгийн цусыг зөвхөн А ба В “эсрэг төрөгч”-ийн эсрэг нь эсрэг бие агуулаагүй цустай өвчтөн буюу ижил АВ цусны бүлэгтэй өвчтөнд юүлж болно. “АВ” нь хуучин нэршлээр IV бүлгийн цус юм.

Нэмж тодотгоход, цусны бүлгийн I, II, III, IV гэсэн нэршлийг дэлхий даяар хэрэглэхээ больсон. Гэвч нэгэнт хэвшсэнээрээ бид I бүлгийн цус I, II, III, IV-тэй бүгдэд таарна. II бүлгийн цус II болон IV-тэй таарна. III бүлгийн цус III болон IV-тэй таарна . IV бүлгийн цус зөвхөн IV-тэйгээ таарна гэж ярьж байгаа. I буюу О бүлгийн цус нь хамгийн эртнийх хэмээн тооцогддог бөгөөд неандертальчуудын үеэс (МЭӨ 60000-40000 жил) өнөөг хүрсэн. II буюу А бүлгийн цус нь МЭӨ 25000-15000 жилийн хооронд бий болсон.  III буюу “В” бүлгийн цус нь МЭӨ 15000 жилийн тэртээ бий болсон. IV буюу “АВ” бүлгийн цус нь одоогоос 1000 жилийн өмнө I болон III бүлгийн цус холилдсоноор бий болжээ. Цус бий болсон гэдгийг ийм цустай хүмүүс бий болжээ гэж ойлговол зохилтой.

Карл Ландштайнерын нээлт 1902 онд гарснаас зургаан жилийн дараа анагаахын шинжлэх ухаанд цусны бүлгийг тогтоож, цус сэлбэдэг олон улсын стандарт журам тогтсон бөгөөд Дэлхийн I дайны жил 1914-1918 онд нөхцөл байдлаас үүдэж цус сэлбэх, цусан бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах арга хөгжиж, шинэ шатанд гарсан байна.

 

АМЬТНЫ ЦУСААР ДОНОРДСОН ОН ЖИЛҮҮД 

Дашрамд сонирхуулахад, цус юүлэх буюу одоогийн бидний хэллэгээр цусны донорын үйл ажиллагааг эрт дээр цагт ч эрхэлж байсны анхны баримт нь, мэдэгдэж байгаа эх сурвалжаас харахад МЭӨ үед хамаардаг. Донор нь бэлэглэх гэсэн утгатай латин үйл үг “доно”-гоос гарвалтай билээ. Эртний Ромын яруу найрагч Овиди Назонын “Метаморфоз”(хувирал) туульсад насанд дарагдсан Пелид өөрийн цусныхаа оронд залуу хүний цус сэлбэн залуужих талаарх зөвлөгөө хэлж шүлэглэсэн мөр бий. Анагаахын эцэг гэгддэг Гиппорат (460-377 МЭӨ) өвчтөнүүдэд эрүүл хүний цус уухыг зөвлөдөг байжээ. Эртний Ромын язгууртнууд тулаанд алагдсан мэсчин боолуудын цусыг ууж, залуужих туршилт хийж байсан түүхтэй.

Дундад зуунд ч донорын цусаар өвчтөн эмчлэх оролдлого үргэлжилж байлаа. Үүний жишээнд XY зуунд Ромын пап YIII Иннокентийн амь насыг аврахаар гурван жаал хүүгийн цусаар бэлдмэл хийж, хэрэглэж үзжээ. Гэсэн ч энэ оролдлого үр дүнд хүрээгүй. Английн эрдэмтэн Ричард Лоуер (1631-1691) нохойны венийн судсанд дарс, шар айраг, сүү хийж амьд үлдэх эсэхийг нь 1666 онд анхлан туршиж үзжээ. Туршилт амжилттай болсны дараа нэг нохойг зориуд шархлуулж цусыг нь гоожуулсан байна. Цусаа дуусч үхэтхийн унасан нохойнд хоёр дахь нохойны артерийн судаснаас ханасан цус сэлбэж амьд үлдээн хөл дээр нь босгож чаджээ. Тэрбээр энэ туршилтаа шиинжлэх ухааны нээлт гэж үзэж, түүгээр ч зогсохгүй Лондон хотноо Эзэн хааны нийгэмлэгийн танхимд илтгэл тавьж байв. Ричард Лоуерын туршилтын үр дүн Европ дахиныг шуугиулан олон эрдэмтний хорхойг хөдөлгөж эхэллээ. 1667 онд Английн Самуэль Пипе гэдэг эмч хонины цусыг донор болгон хийлгэх хүн хайсан зарлал гаргав. Төд удалгүй 20 шиллингийн төлбөр аваад туршилтад орох хүн ч олдлоо. (Хонины цусаар донордуулсан туршилтын үр дүн нууц хэвээр үлдсэн).

Ричард Лоуерийн “нээлт”-ийн дуулианд хөтлөгдсөн Францын нэртэй философич, математикч Жак-Батист Дени мэргэжлээ сольж, донорын сэдвийг барьж авч оюун ухаан сорилоо. Тэрбээр амьтанд цус хийх нэлээд хэдэн туршилт явуулж дадлагажсаны эцэст мэс засалч Эффезерийн хамтаар 1667 оны зургаадугаар сарын 15-нд Парис хотноо хүнд өвчтэй 16 настай хөвгүүнд хурганы 250 мл цус хийв. Тохиолдлоор байж магадгүй, ямар ч болов сайх хүүгийн өвчин илааршжээ.

Анхны туршилтдаа урамшсан Жак-Батист Дени сэтгэцийн өвчтэй Антон Моруа гэдэг эрд тугалын цус хийж донордоод хэрэгт орсон. Өвчтөн нас барснаар, эхнэр нь эрдэмтнийг шүүхэд өгч, улмаар Францын парламент түүнийг амьтны цусаар донордон өвчтөнийг эмчлэхийг нь бүрмөсөн хориглолоо. Тухайн үед амьтны цусаар донордсон эмчилгээг Франц, Англи, Итали, Германд нийтдээ 20 удаа хийсэн байдаг.

Дээр дурдсан бүтэлгүй оролдлогуудаас хойш эмчилгээнийн цус юүлж донордох арга мартагдсан байна. Харин энэ цагаас 150-иад жилийн дараа Английн эмч Жеймс Блендель донорыг сэргээж, 1818 онд ходоодны хорт хавдартай өвчтөнд хүний цус анх удаа сэлбэсэн. Өвчтөн 56 цагийн дараа талийгаач болжээ. Харин эмч маань амаржаад төрсний хүндрэлээс болж их хэмжээгээр цус алдсан эхэд хүний цус сэлбэсэн нь амжилттай болжээ. Жеймс Блендель донорын цус хийсний дараа өвчтөн эмэгтэйд илэрч байсан зовиурыг цусан дахь агаарын бохирдол, хамгийн чухал нь ҮЛ НИЙЦСЭН ЦУСТАЙ холбон тайлбарлажээ.

Түүний таамаглал болох үл нийцсэн цусны тухай ойлголтыг шинжлэх ухааны түвшинд нээлт болгон гаргаж ирсэн суут эрдэмтэн нь Карл Ландштайнер болохыг нийтлэлийнхээ эхэнд өгүүлснийг уншигчдадаа дахин сануулъя.

Нэмж бас хэлэхэд монголчуудаас цөөн бус хүн “Би Бөртэ чонын удамтай билээ” гэж омогшоод Гуа маралын төрөл зүйл бор гөрөөс, хар сүүлт, цагаан зээрийн түүхий цус ууж, хаврын ядаргаагаа тайлдаг зуршил нь Жеймс Бленделиэс өмнөх үеийн амьтны цусаар донордсон жишээтэй агаар нэгэн байх чинь юу вэ. Ёстой “ичмээр дамшиг” байгаа биз.

 

МОНГОЛ УЛС 35 МЯНГАН ДОНОРТОЙ

Карл Ландштайнер хүмүүс бидний цусны найрлага, ааш авирыг тогтоож өгсний ачаар цусны донорын эмчилгээ асар үнэ цэнтэй болсныг хэлэх юун. Их эрдэмтний ачийг өнө мөнхөд санан дурсахын үүднээс дэлхий даяараа түүний төрсөн өдөр зургадугаар сарын 14-нийг тохиолдуулан “Дэлхийн Цусны донорын өдөр”-ийг жил бүр тэмдэглэдэг билээ. Манай улс дэлхийн сайн санаат бүх хүнтэй хөл нийлүүлэн 2004 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд хэдхэн хоногийн өмнө энэ өдрийг “Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн: Хэнд ч, хаана ч” гэсэн уриатайгаар Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордны Их танхимд анх удаа “Цусны 1000 донор”-ын Үндэсний чуулган хийж, хүндэтгэн ёсоллоо.

Өнөөдрийн байдлаар 60 гаруй улс 100 хувь сайн дурын, төлбөргүйгээр доноруудаас цус бэлтгэж байгаагийн нэг нь манайх юм. 2015 оны дөрөвдүгээр сард Монголын Улаан загалмайн нийгэмлэг санаачлан Эрүүл мэндийн яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарласан нь эдүгээ уламжлал болон сайн үйлсийн нэгэн аян болж төгөлдөржсөн.

Мэргэжлийн байгууллага болох Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ) нь 1956 оны нэгдүгээр сарын 20-нд Цус сольж эмчлэх газар нэртэйгээр анх үүдээ нээж, дараа нь 1962 оны төгсгөлөөр Цус сэлбэх төв станц болон өргөжсөн бөгөөд 1994 оноос одоогийн нэр хаягтай болсон газар. Манай улсын хэмжээнд сүүлийн арван жилд донорын тоо болон цус,цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ хоёр дахин өссөн сайн үзүүлэлт байгаа. Хэрвээ Та 17-60 настай, 45 кг-аас дээш жинтэй, ямар нэгэн хүндрүүлэх өвчин эмгэггүй бол тус төв, түүний харьяа газруудад хандан цусны донор болж, буянтай үйлсэд нэгдэж болох юм шүү.

Харин цусаа өгөөд мөнгө авдаг гэсэн социализмын үеийн дүрэм, журам 1994 оноор тасалбар болсон гэдгийг хэлье. УИХ-аас 2000 онд баталсан Донорын тухай Монгол Улсын хуулийн 6.1.2, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 64.1-д зааснаар цусаа өгөхөд зарцуулсан цагийнхаа ажлын цалин хөлсийг л хасуулалгүй бүтэн авна гэж ойлгох ёстой. Манай улсын доноруудаас буянтай үйлсээрээ олон түмэндээ хүндлүүлж яваа эрхмүүдийн жагсаалтыг: “Алтан донор” өргөмжлөлийн анхны эзэн, 2001 оноос нийтдээ 200 удаа цусаа бэлэглэсэн Д.Бум-Эрдэнэ, 153 удаа цусаа бэлэглээд байгаа “Алтан донор” Д.Эрдэнэчулуун, мөн 150 удаа цусаа өгсөн “Алтан донор” Ц.Энхтөгс нар тэргүүлдэг. Нэмж бахархахад, 2018 онд Монгол Улсын хэмжээнд, Улаанбаатар хотод 26057, аймаг орон нутагт 8243 нийт 35 мянган донор цусаа бэлэглэжээ. Их зохиолч Д.Нацагдорж

“Жаргалан жаргалан жаргалан

Энэ дэлхийн түмэн жаргалан

Түүний дотроос чухам жаргалан

Эрүүл энхийн нэгэн жаргалан” гэж бичсэн. Энэхүү чухам жаргаланг бүтээлцэж яваа сайн үйлстэнүүд нь донор Та бүхэн билээ.