Баруун этгээд зорчсон тэмдэглэл Мажар улсаар явсан минь

2019-06-24

 

 

Билгүүн номч Б.Ринчен гуай Унгар улсын Шинжлэх ухааны академид 1956 онд хэлний шинжлэх ухааны докторын зэргийг анх удаа Монголоос хамгаалсан бөгөөд аян замын тэмдэглэлээ ном болгон 1957 онд бичээд 1959 онд хэвлүүлсэн нь “Баруун этгээд зорчсон тэмдэглэл Мажар улсаар явсан минь” гэсэн энэхүү бүтээл юм.

Тэрбээр “Манай эртний судар түүхэнд Мажар гэж язгуурын нэрээр нь нэрлэсээр ирсэн Унгар ард улсын нийслэл Будапештэд, Шинжлэх ухааны хүрээлэнд нь ном хаялцан, хэлний шинжлэх ухааны доктор зэргийг улс Монголдоо анх олж ирсэн”, “Мажар улсын нэр нь, манай Монголын Нууц товчоонд Мажар гэж гарснаас гадна, арвангуравдугаар зууны үөийн монгол бичигт, баруун Европын хан ванд явуулсан бичиг захидалд мөн Мажар гэж нэрлэсээр ирсэн билээ. Унгар гэж манайхан хориод жил хэвлэлд бичдэг нь, орос сонин бичиг мэтээс манайхан Венгер гэж авч бичдэг байсныг англи нар Hungary франц Hongriе герман Ungarn гэдэг байсан үүнд, оросууд эрт цагт үгр гэдэг байгаад, одоо ч шинжилгээний бичигт, финно-угорские языки гэх зэргээр тэр үгр гэдгээ хэрэглэвч, польш аялгуугаар дамжин, сүүлд Венгр гэдэг болсон нь польш хэлэнд у гэдгийг вен гэж дууддаг учир, угр гэдгийг венгр гэж, уголь гэж оросоор нүүрс гэдгийг венгль гэдэг авианы зүйтэйг бодоод, Унгар гэвэл дээр юм уу даа гэж манай хэвлэлд Венгер, Венгери, Венгр гэх зэргээр бичиж байсныг нь нэг мөр болгон Унгар гэж манай хэвлэлд бичүүлдэг болсон билээ…Мажар эрдэмтэн, мажар шинжлэх ухааны хүрээлэн, манай улсад суугаа мажар элчин сайд ч, яагаад танайхан бидэнтэй төрөл хэлтэй, олон зуун жилийн харилцаатай байгаад, манай улсын нэрийг эрт дээр цагаас Мажар гэж байснаа, биднийг хэл улыг маань мартуулах гэж байсан хапсбүргийн Австри-Германы нэрлэдэг нэрээр нэрлэдэг болов оо? Мажар гэдэг нэрээр нэрлүүлэхийг хүснэ гэсэнд, аргагүй зөв үг тул, улсын нэр томьёоны комиссод учраа гаргаж, ах дүү улсын төрийн зүтгэлтэн, эрдэмтний хүсэл, манай эртний соёлт ард түмний бичгийн хэлний уламжлалыг бодох нь түмэн зүй тул Мажар гэхээр тогтсон билээ“ гэж бичжээ.

Улмаар номынхоо 71 дүгээр талд “Мажар хэл, манай монголтой адил, энгийн долоон, урт долоон, бүгд арван дөрвөн эгшигтэй: а е (э) и о ө у ү, аа, ее (ээ) ии оо, өө, уу, үү. Урт эгшигт дээрээс нь ташуу зураас зурж, е (ээ) гэх мэтээр тэмдэглэдэг юм. Эгшиг нь бас эр, эм, эрс гэж нэг үгэнд эр эм эгшиг бараг орохгүй, тэр талаар монголтой яг адил. Монголтой нийлэх үг ч бий. Жишээ нь,

оросыг-орос,

гарыг-кар,

сахал гэхийг сакал,

цэрэг гэдгийг шэрэг,

хөх гэхийг көөк,

шинель гэдгайг көпеньег гэдэг нь манай хэвнэг гэдэг эсгий дээлийн нэр,

арвайг арпа,

аавыг апа,

бярууг борюу,

ихэрийг икэр,

тэвшийг тэпши,

баатрыг баатор,

алим гэдгийг алма (оросоор яблоко гэдэг энэ жимсийг манай зарим боловсрол нимгэн хүн яавлаг гэж орос үгээр хазгай дуудах нь oйрнooc бий болжээ)” хэмээн өгүүлсэн билээ.

Б.Ринчен доктор номынхоо төгсгөлд багцалсан 50 нүүр зураг хэвлүүлсэн бөгөөд тэнд хэдэн үхрийн зураг  тавиад, хамгийн гол нь анхаарал татсан тайлбар хийсэн байдаг. Тайлбар нь: “Дэлэм эвэртэй мажар хөх үхэр. Манай хайнаг шиг өтгөн сүүтэй мал. Үхрийн үрс гаргах хуучин сударт “Мажарис ун урту эбэр-ту көке үкер өскэгчи тэкэн тнгри -дэ йисун йисун сачун мөрүнэм” гэж дурддаг байсан нь, XIII зууны үеийн монголчууд энэ үхрийг хэлж дээ” гэсэн үгтэй.

            Үхрийн үрс гаргах гэдэг нь тухайн жилийн хавар гарсан нялх тугалуудыг анхлан ногтолж, зэллэхдээ хийдэг уламжлалт монгол ёслол. Уг ёслолын үеэр “Тугалын зэлнийхээ дээд эхэнд цагаан эсгий дэвсэж, олон зүйлийн тахил тавиад … зэлний доод эхэнд тавьсан цай идээг гэрт  оруулна…Гэрийн эзэн мөнгөн аягатай архи, хадаг барьж тусгайлан урьсан ерөөл магтаалчаас ерөөл талбихыг хүснэ” гэж соён гэгээрүүлэгч Х.Нямбуу доктор нэгэнтээ ярьж байсан. Эдгээрээс ухаарвал эрт дээр цагт Б.Ринчен докторын иш татсан Мажарын хөх үхрийн талаарх дуудлага үгийг үхрийн үрс гаргах ёслолд уригдсан ерөөлч хэлдэг байжээ гэж ойлгогдож байна.

Дашрамд хэлэхэд, манай гэрийн номын санд яагаад  “Баруун этгээд зорчсон тэмдэглэл Мажар улсаар явсан минь” ном байгаа бэ гэвэл “Дотоод шаталтын хөдөлгүүр”-ээрээ 1970, 1980-аад онд бид мэтийн, утга зохиолын  уран сайханчдыг байлдан дагуулсан Д.Урианхай найрагч уг бүтээлийг “Миний ширээний ном” гээд хэлчихсэн  юм. Түүний яриа үнэн ч байж магад, бас худал ч байж мэднэ. Гэвч даган дуурайх сэтгэлгээтэй, хамгийн гол нь сайхь найрагчийг шүтэн биширдэг над мэтийн олон залуус 2 төгрөг 60 мөнгөний үнэтэй энэ номыг хуучин номын дэлгүүрээс хямдарсан үнэ 1 төгрөгөөр, тэнд байсныг бүгдийг нь худалдан авч билээ.