“Хөөрхөн төрөх албагүй”-н жүжигчин таргалж, дэмжигчид нь таньсангүй

2019-06-24

“Не родись красивой” буюу Монголын телевизүүдийн дэлгэцнээ “Хөөрхөн төрөх албагүй” нэрээр гарсан киноны гол дүрийг бүтээсэн 39 настай жүжигчин Нелли Уварова “Хүний хувь тавилан” шоу нэвтрүүлгийн зочноор уригдан оролцжээ.

Катя Пушкаревагийн дүрийг бүтээсэн Нелли Уварова таргалсан тул зарим үзэгчид түүнийг шууд хараад таниагүй гэдгээ олон нийтийн сүлжээнд илэрхийлжээ.

“Би түүнийг таньсангүй шүү, эхлээд” гэх юмуу эсвэл “Их туранхай гэж бодож байсан чинь ийм том бүсгүй билүү”, “Нэлээн жин нэмжээ” гэх мэтээр хүмүүс сэтгэгдэл бичиж эхэлсэн байна.

“Хүний хувь тавилан” шоу нэвтрүүлэгт Нелли Уварова хувийн амьдралынхаа талаар ний нуугүй ярьжээ. Анхны нөхөр Сергей Пикаловоос салсан шалтгаанаа ч дурьджээ.

“Сережа намайг байнга дэмжиж, тусалсаар ирсэн. Миний нөхөр гэхээсээ сайн найз шиг минь болчихсон байлаа. Найз нартайгаа хамт шинэ жил тэмдэглэхээр явж байхдаа би машинд Сережад хэлсэн юм. “Чи яваад найз нартайгаа тэмдэглэчих. Би ганцаараа баймаар байна” гэж. Сережа гомдсон ч гэсэн “За тэгье дээ” гээд явсан. Надад дандаа бууж өгч, миний хүссэнээр л байдаг байсан.

Ер нь Сережагаас салсан нь миний л буруу. Би муу зан гаргадаг байсан. Нэг удаа түүнийг “Би нэг бүсгүйтэй учирсан” гэж хэлэхэд би үнэхээр их баярласан. Тэр үед бидний харилцаа урт насгүй нь тодорхой болчихсон байсан л даа” хэмээн Нелли Уварова өгүүлжээ.

Дараа нь тэрбээр жүжигчин Александр Гришинтэй гэрлэсэн юм. Удалгүй Уварова хөл хүндтэй болжээ. Гэвч яг хэний хүүхэд гэдгийг хамт олон нь мэдэхгүй тул Гришинд баяр хүргэх эсэхдээ ч эргэлзэж байсан гэнэ.

“Бид хоёр хувийн амьдралаа олны хүртээл болгохгүй гээд хамт амьдарч буй эсэхээ ч олонд мэдэгдээгүй юм. Тийм болохоор манай хамт олон хүртэл Гришинд хүүхэдтэй болсонд нь баяр хүргэх нь зөв эсэхдээ эргэлзсэн үе бий. Одоо би өмнөх шигээ муухай ааш гаргахаа больсон. Гэр бүлийн харилцаагаа дээдэлж, түүнийхээ төлөө тэмцэх ёстойг ойлгодог болсон” хэмээн Нелли Уварова ярьжээ.

News1.mn Р.Гэгээ