Д.Батжаргал генерал ба Инжаннашийн бичигт хөшөө

2019-06-21

  

Эртний сударт “Хүн өөрийн язгуур угсаагаа эс мэдвээс ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэж сургасан байдаг. Монголчууд биднийг “сармагчин лугаа адил” болгохоос урьдчилан сэргийлэх вакцин нь “Монголын Нууц товчоо”, “Лу. Алтан товч”-оос гадна В.Инжаннашийн алдарт “Хөх судар” түүхэн роман. Энэхүү хөлгөн романыг ярихад заавал Германы нэрт монголч эрдэмтэн Вальтер Хейссигийг дурсах хэрэг гардаг. Учир нь, профессор В.Хейссиг өнөөдөр бидний уншиж, улмаар язгуур угсаагаа мэдэж авч байгаа “Хөх судар”-ын оршил өгүүлэл -12 анги, 69 бүлгийг 1940-өөд онд Өвөрмонголоос “нээж илрүүлсэн” эрхэм юм. Ингэж тэрбээр уран бүтээлээр нь В.Инжаннашийг бид бүхнээ танилцуулан алдаршуулсан. Түүнчлэн энэ цаг дор Д.Батжаргал генерал гэдэг оюунлиг нэгэн эрхэм санаачлан В.Инжаннашийн бичигт хөшөөг ШШБЕГ-ын байрны үүдэн тус газар босгож бичгийн их хүмүүнд хүндэтгэл үзүүлсэн.

Тэрбээр манай улсад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулан, тус газрын даргын алба хашиж байхдаа уг хөшөөг босгуулсан түүхтэй. Д.Батжаргал генералын санаачлан босгосон боржин хөшөөн дээрх үг нь “Хөх судар” романы оршил өгүүлэл “Товчит тольт”-ын гуравдугаар ангийн төгсгөлд байдаг. В.Инжаннаши зохиолч тэнд “Мянган оны учир шалтгааныг бийр бэхээс асууж Мяралзан эрээлжлэх үйл явдлыг судар бичиг лүгээ хэлэлцмүй” бичсэн билээ.

Бичгийн их хүмүүн ИНЖАННАШИXIX зууны монгол бичгийн уран зохиолын нэрт төлөөлөгч Ванчинбалын Инжаннаши 1837 оны тавдугаар сарын 15-нд Өвөрмонголын Зостын чуулганы Түмэдийн хошууны Шударга бат хороонд тайж Ванчинбалын долдугаар хүү болон мэндэлжээ. Багадаа Хасчулуу гэсэн нэртэй явсан энэ эрхэм уран бүтээлээ яруу найргаар эхэлсэн байна. Түүний бичсэн “Тэргүүлэгч цэцэг ба хос болжмор”, “Цагаан үүл”, “Сайхан хур”, “Аж амьдрал”, “Бөгтөр ноён”, “Гашуудал” зэрэг утга уянгын олон сонирхолтой шүлэг яруу найраг бий. В.Инжаннаш дорно дахины бичгийн үлгэрийн хэв маягийг бүтээлчээр ашиглаж “Нэгэн давхар асар”, “Улаанаа уйлах танхим” гэдэг хоймсон романыг гучаад насандаа буюу 1860-аад оны сүүлчээр туурвисан.

В.Инжаннашийн зохиол бүтээлээс хамгийн алдартай нь түүхэн роман “Хөх судар” нь юм. “Хөх судар” нийтдээ 200 шахам жилийн үйл явдлыг хамарсан 120 бүлэгтэй том зохиол байсан боловч одоогоор 69 бүлэг олдоод буй. Уг романы эхний найман бүлгийг эцэг Ванчинбал нь 1830 оны үеэс бичиж эхлээд дуусгаж чадалгүй тэнгэрт хальжээ. Хүү В. Инжаннаш 1871 онооос үргэлжлүүлж, 1891 оныг хүртэл хорин жил бичсэн. Тэрбээр зохиолоо түүхэн баримтад яг захируулан бичсэнгүй элдэв сонирхолтой дүр дүрслэлийг өргөнөөр ашиглан бичсэнээрээ өвөрмөц болсон байдаг. Бичгийн их хүмүүн В.Инжаннаши 1892 онд давхарласан таван тоот буюу 55 насандаа тэнгэрт дэвшжээ.

                                    Aguulga.mn Е.МЯГМАРСҮРЭН