ДОНОЙН хөндийн БОТГОН ХАД

2019-06-19

 

——- Монгол домог ———

Сүн далайг шалбааг, Сүмбэр уулыг гүвээ байсан эрт галаваас хойш далан түмэн жилийн дараах цаг дор долоон түмэн адуутай Доной баян гэж нэгэн эрхэм одоогийн Завханы Алдархаан сумын төв Алдар суурингийн зүүн хойд талын нутагт аж төрөн суудаг байжээ. 25 км үргэлжлэх тэр сайхан тэгш талыг хожмоо эрхэм баяны алдраар “Донойн хөндий” гэж нэрлэх болсон байна. Доной баян уг хөндийг адуу нь дүүргэж байвал долоон түмэн адуугаа бүрэн, эс дүүргэвэл дутуу гэж мэддэг байсан гэнэ.

Доной хоёр охинтой, бага балчир байхдаа чулуу өрж тоглосоор энэ хөндийд Их тоглоот, Бага тоглоот гэдэг хоёр жижиг толгодыг бий болгожээ. Их тоглоотын орой дээр том охин нь, Бага тоглоотын орой дээр бага охин нь тоглодог байсан гэдэг. Охид нь өсч том болон өсвөр насандаа хүрэхийн үедээ өдөр бүр нэг нэг байдсан гүү иддэг болж гэнэ. Нэгэн удаа Доной баян хоёр охиндоо “Адуу олон уу, өдөр олон уу. Идэхээ жаахан багасга” гэж хэлжээ. Эцгийнхээ энэ үгэнд гомдоод эрх танхил өссөн эгч, дүү хоёр ор сураггүй алга болж олдохоо больжээ.

Доной баян охидоо эрж хайж явсаар том охиных нь гарын зэс бугуйвч олдоход тэр газрыг Их зэс, бага охиных нь зэс бугуйвч олдоход тэр газрыг Бага зэс гэж, охидынхоо толийг нь олсон газрыг Хялман толимон гэж нэрлэжээ. Тэрээр хоёр охин нь Завхан голд ороод замаг иддэг лусын амьтан-загас болж хувирсан гэж таамаглаж байвч эргээр нь урсгал даган уруудаж, буцаж өгсөж олонтаа яваад барааг нь харж огт чадсангүй.

Ингээд Доной баян долоон түмэн адуугаа долоо хоног услалгүй сойж байгаад нэгэн өдөр Завхан голоос услахад голын урсгал тасарчээ. Голын сайр хөрсөн дээр алтан загаст хувирсан  том охин нь, мөнгөн загаст хувирсан бага охин нь алтан нарны гэрэлд гялталзанхан гялалзанхан байхыг олж харсан байна. Тэрээр  алтан загас гарсан голын харалдаа газрыг Их жаргалант, мөнгөн загас гарсан голын харалдаа газрыг Бага жаргалант хэмээн нэрлэжээ.

Ийнхүү хоолыг нь харамлаж байж охидоо замаг идэштэн загас болгосондоо Доной баян харамсаж долоон түмэн адуугаа “хулжсан нь хулан бол, тарсан нь тахь бол” гээд тараачихсан гэдэг.

Дашрамд өгүүлэхэд, одоо Донойн хөндийд Завхан аймгийн Нисэх онгоцны буудал байдаг. Энэ сайхан тэгш дүүрэн хөндий нь Монголын орчин үеийн драматургийг үндэслэгч, төрийн хошой шагналт Д.Намдаг (1911-1984), Дорнын яруу найрагч, төрийн шагналт Б.Явуухулан (1929-1982) зэрэг Монгол тулгатны сартваах эрхмүүдийн өссөн нутаг билээ. Хүүхэд насандаа тэдний тоглож явсан уул толгодын нэг нь Донойн хөндийн хойморт байдаг Ботгон хад  юм. (Дэнхэн хад ч гэж нэрлэдэг). Явуу найрагчийн мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож буй.

                                           Aguulga.mn

Е.МЯГМАРСҮРЭН