Хүний шээснээс алт тунгаах гээд ФОСФОР ГАРГАЖ АВСАН АЛХИМИЧ

2019-06-13

 

  ЭНГИЙН МЕТАЛЛЫГ ШИЖИР АЛТ БОЛГОХ ГЭСЭН ЭРЭЛ ХАЙГУУЛ

        Алхимийг энгийн төмрийг алт болгох зорилготой хуурмаг шинжлэх ухаан хэмээн албан ёсоор тодорхойлдог. Эртний алхимичид тэнгэрийн од эрхэсийн тодорхой байрлалд хар тугалгыг алт болгож хувиргаж болно гэдэгт итгэдэг байжээ. Төмрийг халаах, цэвэршүүлэх зэрэг химийн урвалаар алт болгон хувиргах гэж маш  олон янзаар оролдож байсан бөгөөд тэдгээр туршилтын аргын ихэнх нь нууц хэвээр үлдсэн. Алхими, алхимичдийг Alchimia гэсэн латин гаралтай үгээр нэрлэдэг агаад үнэт бус металлуудыг шижир алт болгон гаргах гэсэн мөрөөдөгчид юм. Тэдгээр сэтгэгчид бол МЭӨ Александр (356-323) хааны үед, түүнчлэн Эртний Египет, Грек, Хятадад, Дундат зууны үед Баруун Европт ийм хүсэл мөрөөдөлтэй ажиллаж амьдарч байсан утоп эрдэмтэд. Алхимичдийн олонх нь алтыг хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний аяга, таваг шиг элбэг дэлбэг болгохыг зорьсон нийтлэг эрх ашгийн төлөө бус, харин ч бусдаас онцгойрох гэсэн хувь хүний бодгаль сонирхол тэмүүлэлтэй байсан хэмээн XX зууны алдартай сэтгэлзүйч Карл Густав Юнг тэднийг гоочилдог.

Эллинизмын үед алхими Египетэд анх нэвтэрч хожим XII зуунд латин хэл рүү араб ном судар олноор орчуулах болсон үеэс Европт цэцэглэн хөгжих үүд хаалгаа нээжээ. Алхимийг шинжлэх ухаан биш гэж бүрэн няцаагдсан XIX зууны эхэн хүртэлх хугацаанд Европын маш олон суут эрдэмтэн хямд төсөр аргаар алт гаргах алхимийн судалгаа хийж хайран цаг заваа дэмий үрсэн байдаг билээ. Тэдний төлөөлөл болгож агуу эрдэмтэн Исаак Ньютоны нэрийг хэлэхэд хангалттай болов уу. Жон Мейранд Кейнс гэдэг эрхэм  1936 онд, И.Ньютоны өвлүүлж үлдээсэн бичиг цаасыг дуудлага худалдаагаар аваад задалж үзэхэд тэндээс нь огторгуй гараг эрхэс, таталцлын тухай биш харин суурь металлыг хэрхэн алт болгон хувиргах талаарх судалгааны материал гарч иржээ. 1970-аад онд И.Ньютоны үсийг шинжлэхэд алхимичдийн ихэд сонирхон судалдаг мөнгөн ус, жирийн хүнд байх ёстой дундаж хэмжээнээс 40 дахин их буй нь илэрчээ. Үүнээс судлаачид нэгэн дүгнэлтэд санал нэгдсэн. Энэ нь: И.Ньютон Кембриж хотод өөрөө үүсгэн байгуулсан, дэлхийд анхных болох туршилтын лабораторидоо алхимиэр дэндүү их оролдож, маш хортой орчин нөхцөлд ажиллаж байсан учраас заримдаа хордлогод ордог байж. Тиймээс үе үе, гэнэтхэн эрдэмтэнд байтугай жирийн хүнд баймааргүй гэнэн шийдэл, алмай байдал гаргадаг байжээ гэсэн гаргалгаа. Агуу эрдэмтэн маань зарим өглөө цайгаа уухаа мартаад хөлөө унжуулан орон дээрээ суугаад үд хүргэдэг, оёдлын машины зүү шиг тэмтрүүл багажийг нүднийхээ ухархай руу хатгаж, ар хананд юу байгааг мэдэх гэж гэнэн сэдлээр туршсан, нарны  гэрэл хүний нүдэнд ямар нөлөө үзүүлэхийг судлахаар удаан хугацаагаар нар руу эгц ширтээд түр зуур хараагүй болж байсныг лаборатори дахь алхимийн хортой нөхцөлд туршилт явуулж байсантай нь холбож, хордлогонд орсон үедээ хачирхалтай үйлдэл гаргадаг байж үзэхээс өөр аргагүй юм.

Зөвхөн алхимич гэлтгүй газар газрын эрдэмтэд, нийт хүмүүс байгалийг таньж мэдэх шохоорхолдоо автан хий, цахилгаан, таталцлын хүч, дулаан зэргийг юунд ашиглаж, юу хийж болох вэ хэмээн турших явдал Дундат зуунд элбэг байжээ. XVIII зуунд гэхэд Америкт Бенжамин Франклин (1706-1790, Америкийн тусгаар тогтнолын гэрээнд гарын үсэг зурснаараа алдартай улстөрч, эрдэмтэн) аянга цахилгаантай бороон дундуур цаасан шувуу нисгэн тэнгэрт ниргүүлж үхэхээ шахаж, Францад эрдэмтэн Пилатр де Розье (1754-1785, химич, физикч) устөрөгчийн хий амандаа балган гал дээгүүр үлээж байж тэсрэлтэд өртөн хөмсгөө яз түлж байсныг дээр дурдсан сониуч зангийн туршилтын сонгодог жишээнд авч болно.

Үе үеийн алхимичид  хорвоо дээр байгаа түмэн бодисын аль нэгийг хувиргаж  алт гаргана хэмээн ухамсарт амьдралынхаа ихэнх цагийг дэмий өнгөрөөсөн. Харин үр дүнд нь, эсрэгээрээ дэлхийн шинжлэх ухаан алтыг ингэж гарган авч болохгүй юм байна гэсэн ганцхан үнэнд XIX зууны эхэн үед хүрсэн. Хямд замаар алттай болох аргыг олоогүй ч алхимичид органик бус хүчил, спирт гарган авах зэрэг ашиг тустай олон нээлт хийсэн. Алхими сэргэн мандахад Парацелсийн (1493-1541, Швейцарын алхимич, эмч, философич) нөлөөгөөр эм зүй хөгжин орчин үеийн Химийн шинжлэх ухааны эхлэлийг тавьсан билээ.

Алхимичдээс шинжлэх ухаанд бодитой, жин дарсан хувь нэмэр оруулсан жагсаалтын нэгдүгээрт хүний шээснээс алт гаргах гэж туршилт хийгээд оронд нь фосфор гаргаж авсан Германы Хенниг Бранд (1630-1710) зүй ёсоор бичигдэнэ.

 

 

ЖИЖИГ ГАРЫН ХУДАЛДААЧНААС АЛХИМИЧ, АЛХИМИЧЭЭС НЭРТ ЭРДЭМТЭН

Герман төдийгүй Европ тивийн олон улс орны газар нутгийг хамарч 30-аад жил үргэлжилсэн дайн самуун XYII зууны дундуур зогсож энх цаг ирэхэд Гамбург хотын харьяат хал цэрэг, эмч мэргэжилтэй Хенниг Бранд жижиг гарын худалдаачин болжээ.  Наймааны ажил нь санасанд хүрсэн ашиг орлого олохгүй байсан учраас анагаахын шинжлэх ухааны тодорхой мэдлэгтээ тулгуурлан алхимийн салбарт азаа үзэж хөрөнгө бэлтэй болохоор шийдсэн байна.

Одоо цагт бол ямар ч хүн, усан тэнэг л биш бол алхими руу орж асар хялбар аргаар алт гарган хөрөнгөжнө гэсэн алхам хийхгүй нь тодорхой. Харин XYII зуунд бол ийм шийдвэр гаргасан хүмүүсийг хөхиүлэн турхирч амжилт хүсэн ерөөдөг өөр байдал, өөдрөг үзэл ноёлж байв. Тэрбээр маш олон төрлийн бодис дээр маш олон хувилбараар туршилт явуулсан боловч үр дүн нь дандаа тэг гарчээ. Энэ бол сөрөг тал нь. Харин эерэг тал нь Хенниг Бранд өвчний онош тавьдаг жирийн эмчээс шинжлэх унааны эрдэм шинжилгээний судалгаа, туршилтыг эрдэмтний түвшинд хийдэг сэтгэгч болж төлөвшсөн байх юм. Тиймээс олон нийт түүнийг алхимич эрдэмтэн гэдгийг нь хүлээн зөвшөөрч эмч Хенниг Бранд гэхийн оронд эрдэмтэн гэж  нэрлэдэг, дууддаг болсон байлаа. Алхимич тэрбээр хүний шээсний найрлагыг судалж үзсэнийхээ дараа, алт гаргах ээлжит нэгэн оролдлогоо хийсэн. Энэ нь  хүний шээсийг химийн урвалд оруулж алт гаргах гэсэн туршилт байв. Дашрамд хэлэхэд, түүнд атаархсан хүмүүс сайхь судлаачийг, шээс шар өнгөтэй болохоор шар алт гарна гэж тахианы тархиар сэтгэсэн хэмээн “бор шувуу” нисгэсэн удаатай. Үүнд огт итгэх хэрэггүй. Түүний нэр хүндийг унагах гэсэн тухайн үеийн гүтгэлэг ярианы улбаа энэ зууны зарим судлаачийн ном туурвилд харагдаж л байдаг юм. Монголчуудын ярьдгаар муу үг модон улаатай гэдэг л энэ байх.

Хенниг Бранд цэргийн хуарангуудаар явж 20 литрийн 50 торх буюу нийт мянган литр шээс цуглуулав. Бүх шээсээ эхлээд лабораторийн нөхцөлд тусгай аргаар ууршууллаа. Ууршилтаас тунаж үлдсэн шар нунтаг дээр нүүрс, элс хольж халаан нэрэх аргаар химийн урвал явууллаа. Үр дүнд нь шээс алт болсонгүй, харин урьд өмнө нь хаана ч байгаагүй харанхуйд гэрэл цацруулдаг шинэ бодис, гарсан байна. Тэрбээр шинээр гаргасан энэ химийн элементдээ эртний грекээр “гэрэл цацруулагч” буюу латинаар “phosphorus” гэсэн нэр өгчээ. Алхимич эрдэмтний гавьяагаар цэргүүдийн шээснээс фосфор ийнхүү “мэндэлсэн” нь 1669 он юм. Хенниг Бранд шинээр гаргаж авсан фосфороо анхандаа нийтэд мэдэгдээгүй бөгөөд үүнийгээ цааш нь боловсруулж алт тунгааж гаргахаар маш олон удаа туршилт хийсэн. Тэрбээр сүүлдээ нэгд, фосфороос алт гаргах оролдлого бүтэл муутай байгаад шантарч, хоёрт, алхимийн эрдэм шинжилгээний үр дүнгүй ажилд бүх хөрөнгө мөнгөө зориулснаас улам ядуурч байсан учраас шинэ бүтээлээ зарж борлуулахаар шийджээ.

Хенниг Бранд шинэ бүтээлээ нийтэд ил болгомогц Европ даяар шуугиан болж, үнэ ханш нь ч жинхэнэ алтнаасаа давлаа. Ихэс дээдэс, баячууд оффис болон орд харшийн өрөө тасалгаандаа “харанхуйг гэрэлтүүлэгч” фосфороор маажиндсан ширээ, тавилгаар гангарч, тэр ч бүү хэл үсэндээ фосфор түрхсэн хүмүүс шөнийн цагаар зориуд гудамж талбайгаар зугаалан явдаг моод дэлгэрэв. Хенниг Бранд асар богино хугацаанд фосфорын худалдаанаас хөрөнгөжлөө, илүү ихийг олохоор фосфорын үйлдвэрлэлээ ч нэмэгдүүллээ. Харин сайхь эрдэмтний лаборатори, фосфор гаргадаг арга бусдад “хориотой бүс” байв. Тэр үеийн эрдэмтэн судлаачид алхимич Хенниг Брандын нууцад нэвтэрч чаддаггүй, гэтэл “харанхуйг гэрэлтүүлэгч” бодис моод болоод байгаад атаархан боож үхэх богино шидэмс хайх хэмжээнд бухимдацгаажээ. Германы нэртэй эрдэмтэн, химич И.Кункель (1630-1703) өөрийн дотнын анд И.Крафтад фосфорын нууц жорыг Хенниг Брандаас худалдаж авахыг санал болгож байв. И.Крафт 100 талерын үнэ хэлж Хенниг Брандад хандсан боловч огт хөдөлсөнгүй. (Европын мөнгөн зоос, улс орнууд өөрийнхөөрөө талеро, даллер, дальдре, таллеро, даальдер гэх зэргээр нэрлэдэг байсан). Урдаас нь 200 талерт бол худалдана гэж хариулаад “мөнхийн гэрэл-харанхуйг гийгүүлэгч”-ийг эх барьсан алхимич тэрбээр зах зээл дээр фосфороо улам ахиу хэмжээгээр зарж борлуулан баяжсаар байлаа. Гэсэн ч түүнд мөчөөрхөгч эрдэмтэд гараа хамхин зүгээр суусангүй толгойгоо гашилган “харанхуйг гэрэлтүүлэгч” бодис гаргахаар чармайж байв. Явсны эцэст хүрдэг, сурсны эцэст олдгийн үлгэрээр нааштай үр дүн ч гарлаа.

 

 

“БОЛОНИЙН ЧУЛУУ” БА ФОСФОРЫН НУУЦ ЖОРЫН ҮНЭ 100-ГААС 10 ТАЛЕР БОЛСОН НЬ

Италийн Болонья хотноо алхимич, гуталчин Винченцо Каскариола янз бүрийн чулууг шатааж халааж үзсээр нэг нь фосфортой адил “харанхуйг гэрэлтүүлэгч” болохыг тогтоолоо. Энэ чулуу нь танин мэдэхүйн түүхэнд “Болонийн чулуу” гэдгээрээ нэрлэгдэж үлдсэн. Саксоны шүүгч Болдуин шохойн чулууг архинд буцалгахад харанхуйг гэрэлтүүлэх шинж илэрч байгааг мэдэгдлээ. Бас дээр нь эмнэлгийн цэнхэр спиртийг кальц хлоридтой хольж урвалд оруулан гэрэл гаргаж болохыг тогтоов. Гэхдээ “Болонийн чулуу”, Болдиуны “Гомбергийн фосфор” нь, бүгд тодорхой хугацаанд гэрэл цацруулж байгаад больчихдогоороо Хенниг Брандадын фосфороос үнэлэмж нь хол дутуу байв.

1677 оны намар, одоогийн Германы Ханновер хотноо Иоганн Фридрих Герцогийн ордонд Хенниг Брандын фосфорын сэдэвт эрдэм шинжилгээний нээлттэй хэлэлцүүлэг болсон байна. Алхимич эрдэмтний нээсэн шинэ бодисоор бүрэн гэрэлтүүлсэн Герцогийн ордонд эндхийн номын сангийн захирал, нэртэй математикч, философич Г.Лейбниц (1646-1716) хүрэлцэн иржээ. Тэрбээр фосфорын нууц жорыг Хенниг Брандаас худалдан авах нь зохистой гэж үзсэн бөгөөд Герцогийн өмнөөс түүнтэй гэрээ байгуулан, албан тушаалын наймаа ярьж хүссэнээ гүйцэлдүүлсэн. Томоохон алба хаших болзол сонссон Хенниг Бранд нь нууц жороо маш хямдхан зарсан байдаг. Энэ үеэр Г.Лейбництэй өрсөлдөх нэгэн эрхэм Гамбург хотноо гарч ирсэн нь нэлээд эртнээс Хенниг Брандын фосфорын ид шидийг сонирхож байсан алхимич, профессор Иоганн Бёттгер (1682-1719)  байв. Ромын католик шашны ханлиг улс Майнц (Герман)-ын ордны эмч тэрбээр Хенниг Брандад мөн л албан тушаал амлан, нууц жорыг худалдан авах санал тавьсан. Гэвч Г.Лейбницээс хожимдсон санал байсныг бид мэдэх билээ. Нэмж сонирхуулахад, Г.Лейбниц, И.Бёттгер нар нь, фосфорын нууц жорыг мэдэхээсээ илүүтэйгээр Хенниг Брандыг фосфороос биш гэхэд өөр хямд бодисоос алт гаргах магадлалтай хэмээн итгэж, гэхдээ үүнийгээ нууцлаад байна хэмээн түүнийг хардаж байжээ. Тэдний хувьд алхимичтэй хамтран ажиллах гол зорилго нь ердөө энэ асуудал байсан аж.

Эдгээр үйл явдлаас фосфорын түүхийг ялимгүй урагшлуулан өгүүлэхэд, Хенниг Брандаас 100 талерийн үнээр нууц жорыг худалдаж авахыг И.Крафт анддаа зөвлөж байсан герман эрдэмтэн И.Кункель, мөн К.Кирхмейер нар тухайн жил буюу 1677 онд фосфор гаргаж авах өөрсдийн жорыг боловсруулсан байдаг.

Дээр дурдсан эрдэмтдээс гадна 1680 онд Английн нэртэй химич Р.Бойль (1627-1691) фосфор гаргаж авах аргыг Хенниг Брандынхаас хамааралгүйгээр нээсэн бөгөөд эрдмийн энэ ажлыг нь үнэлсэн Эзэн хааны нийгэмлэг тэр дор нь жинхэнэ гишүүнээрээ элсүүлсэн авчээ. Сайх эрдэмтнийг нас барсны дараа түүний герман шавь А.Ганквиц фосфорын үйлдвэрлэлийг шинэ шатанд гаргаж, анхны шүдэнз хийхээр завдаж байв.

Германы И.Кункель, Английн Р.Бойль нарын нээлтээс хойш фосфор гаргаж авах аргачлалын үнэ огцом унасаар эцэст нь ердөө 10 талер төлөөд “харанхуйг гэрэлтүүлэгч” фосфорыг хэрхэн бий болгох заавартай танилцаж болох хэмжээнд хүрсэн байна. “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”-н нэгэн жишээ нь энэ бизээ.

Эх сурвалж: Aguulga.mn Е.Мягмарсүрэн