Баривчлагдаад 60 хоног болсон тул Ассанжийг шилжүүлэн авах хүсэлтээ АНУ гаргав

2019-06-11

АНУ-ын Хууль зүйн яам “Wikileaks” цахим хуудсыг үндэслэгч, сэтгүүлч Жулиан Ассанжийг Америкт шилжүүлэн өгөх хүсэлтийг Их Британийн талд гаргалаа. Тус хоёр улсын хооронд байгуулсан гэмт хэрэгтэн солилцох гэрээний дагуу Ассанжийг баривчлагдсанаас 60 хоногоос хойших хугацаанд шилжүүлэн авах хүсэлт гаргах эрх нээгдэж байгаа аж. Жулиан Ассанжи нь Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамны байранд 2012 оноос орогнож байсан агаад тус улсын засаг, захиргаа АНУ-ын шахалтаар үргэлжлүүлэн байлгахгүй гэдгээ мэдэгдсэн.

Нэгэнт ийм шийдвэр гарсан учраас Лондон хотын цагдаа нар түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд баривчлан урьдчилан хорих газарт саатуулан суулгасан. Урьд нь Ассанжийг бусдыг бэлгийн дарамтад оруулсан гэх хоёр дахь ял тулгаж байсан Шведийн тал саяхан түүнтэй холбоотой хэрэг нь нотлох баримтаар батлагдахгүй байгаа тул авч хэлэлцэхгүй гэж мэдэгдлээ. Шведийн талаас асуудалгүй болсон Ассанжи нь одоо Америкийн төрийн болон цэргийн нууцад хамаарах 250 мянган хуудсыг нийтэд ил болгосон гэх нэг хэрэгт буруутгагдаж буй. Лондоны дүүргийн шүүхээс түүнд барьцааны нөхцөлийг зөрчсөн гэсэн хуулийн заалтаар 11 сар хорих ял оноосон юм. Англид энэ ялаа үргэлжлүүлэн эдлэх үү, эсхүл Америкт шилжүүлэн өгөх үү гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Хэрвээ АНУ-д шилжүүлэн өгвөл Ассанжид 175 жил хорих ял оноох юм.