“Ардчилал бол төрийг барих маш муу хэлбэр, ГЭХДЭЭ ХҮН ТӨРӨЛХТӨН ИЛҮҮ ДЭЭР АРГА БОДОЖ ОЛООГҮЙ Л БАЙНА ШҮҮ ДЭЭ”

2019-06-11

 

 

 

 

Уинстон Черчилль: VICTORY. BBC-гийн санал асуулгаар XX  зууны хамгийн агуу Их Британи хүнээр тодорсон Уинстон Черчиллийн “Ардчилал бол төрийг барих маш муу хэлбэр, гэхдээ хүн төрөлхтөн илүү дээр арга бодож олоогүй л байна шүү дээ” гэсэн үгийг боловсролын түвшингөөс үл хамааран манай улстөрчид  ишлэх маш дуртай. Английн Ерөнхий сайдаар гурван удаа сонгогдож тус улсын түүхэнд хамгийн олон жил буюу 60 жил төр барилцсан тэрээр  “Ядахнаа эшлэл аваад сурчихна гэдэг боловсролгүй хүнд сайхан дэвшил” гэж хэлснийг зарим нь егөө, зөрим нь зөвлөгөө гэж өөр өөрийнхөөрөө ойлгодог.

Уинстон Черчилль манай улсын дөрөв дэх Ерөнхийлөгч шиг цэргийн сэтгүүлч. Өмнөд Африкт 1899 онд эхэлсэн Англи-Бүрийн дайнд “Морнинг пост” сонины сурвалжлагчаар ажиллаж байхдаа эрх үүргээ хэтрүүлэн байлдаж яваад Бүрийнхэнд олзлогджээ. “Цэргийн сэтгүүлч байлдахгүй” гэсэн хууль зөрчсөн түүнд бөмбөрийн дууны дохиогоор буудан алах ял оноосон байдаг. Монголчуудын ярьдгаар маш амны хишигтэй, англиудын нэрлэснээр амандаа “мөнгөн халбага” зуусан тэрээр оргож чадсан бөгөөд төмөр замаар дамжин Бүрийн эзэмшил нутгаас зугтан гарч 1899 оны арванхоёрдугаар сард Португалд хүрчээ. Уинстон Черчиль тулалдсан, баригдсан, цаазын ял сонссон, оргосон  тухайгаа адал явдлын тэмдэглэлээ “Морнинг пост” сонинд шуудангаар илгээж нийтлүүлсэн нь өөрт нь “үндэсний баатар” -ын нэр хүндийг авчирчээ. Түүнийг Португалаас Өмнөд Африкийн Дурбан дахь Английн цэргийн баазад ирэхэд их буугаар ёслолын буудлага хийж баатрын ёсоор хүндэтгэж угтжээ.

Уинстон Черчиллийн амьдралд тохиолдсон энэхүү сонирхолтой, эрсдэлтэй адал явдал нь түүнийг хожмоо Английн Ерөнхий сайд болоход, түүнчлэн Консерватив намынхныг Их Британид удаан хугацаанд тэргүүлэх улс төрийн хүчин байхад маш том СУРТАЛЧИЛГААНЫ МАТЕРИАЛ болсон юм. Бүрийн дайн дууссаны дараа ч Уинстон Черчиллийн адал явдлыг магтан дуулсан нийтлэл сонин болгонд гарч, түүний талаарх хөөрөгдсөн үлгэр домогт үндэслэсэн дуу шүлэг зохиогдож байлаа. Тэрээр 1900 оны Английн парламентын сонгуулийн үеэр тойрогт бүрт очиж адал явдлын түүхээ ярьж, Консерватив намынхаа нэр дэвшигчийг дэмжихийг санал болгож байлаа. Ингэснээр түүнийг дэмжигчдийн тоо сая саяар нэмэгдэж байв. Энэ хугацаанд илтгэх чадвар нь “задарсан” бөгөөд улмаар Английг тойрон явж төлбөртэй лекц уншин  мөнгө босгосон. Нэг сарын хугацаанд 4.5 мянган паундыг цуглуулж чадсан байна. Дараа нь тив алгасан Америк, Канадад очиж лекц уншаад 10 мянган паундын ашиг олжээ.  Ийнхүү 25 насандаа Африкт бөмбөрийн цохилуурын дуун дохиогоор цаазлагдах шахсан англи эр Английн улс төрд хөл тавихад бусдаас үл хамаарах санхүүгийн эх үүсвэртэй болсон байна. Тухайн үеийн тав, арван мянган паунд бол асар их мөнгө.

Түүнийг Их Британийн Засгийн газрын гишүүн, түүнчлэн Ерөнхий сайд байхад Дэлхийн I, II дайн болсон юм.  Нэгдүгээр дайны үед Тэнгисийн цэргийн сайд, Цэргийн үйлдвэрийн сайдын алба хашиж байлаа. Тэрээр нэг өглөө “Дайнд ялах аргыг би бодоод олчихлоо” гэж дуу алдсан гэдэг.  Английн усан флотын хөлөг онгоцны түлшинд хэрэглэдэг нүүрсийг бензинээр солих санаа төрсөн нь энэ байлаа. Тэр үеийн усан онгоцнуудын хөдөлгүүрийг  өндөр өртөгтэй нүүрс шатааж ажиллуулдаг байв. Мөдхөн дотоод шаталтат хөдөлгүүрт шилжих горимын эхлэл тавигдаж байгаа нь энэ. Англиуд усан онгоцны суурь түлш нүүрсийг хямд үнэтэй, зөөж тээвэрлэхэд хялбар бензинээр нэн даруй солихын тулд “Бритиш петролиум” гэсэн нефьтийн компани байгуулсан.

Дэлхийн II дайн эхлэхэд Уинстон Черчилль Тэнгисийн цэргийн сайдын албыг хаших болов. Нөхцөл байдал хүндэрсэн учраас  Британийн улс төрийн хүчнүүд эвслийн Засгийн газар байгуулах тохиролцоонд хүрлээ. Нэгдсэн вант Улсын хаан IV Жорж шилтгээндээ экс Ерөнхий сайд Чемберлэн, Черчилль хоёрыг урьж авчраад “Эвслийн Засгийн газрыг та хоёрын хэн нэг нь толгойлох хэрэгтэй байна” гэлээ. Черчилль хар цагаан дуугүй, зүгээр л хааны ордны цонхоор гадагшаа хараад зогсчихсон гэдэг. Цаг хэртэй энэ ажин түжин чимээгүй байдал үргэлжлэхэд тэвчээр  алдсан  Чемберлэн нь хаан IV Жоржид хандан “Черчиллийг Ерөнхий сайд болохыг зөвшөөрч байна” гэж дуугарчээ. Уинстон Черчилль Ерөнхий сайд болоод парламентад үг хэлэхдээ бодит хүнд байдлыг хулдаж нуулгүйгээр мэдэгдсэнээр Будант Альбионы ард түмэнд дайны жилүүдэд ухаантай, хүлээцтэй байхаас өөр сонголт үлдээгүйг ойлгуулсан юм. Тэрээр “Энэ нөхцөл байдалд би Та нарт цус, нулимс, хөлс, хүнд хөдөлмөрөөс өөр амлах юм алга” гэж өгүүлсэн билээ.

Дэлхийн II дайн эхэлж нийтийн санаа сэтгэл хямарсан 1940 онд нэгэн удаагийн цуглааны үеэр “Victory” (ялалт) гэсэн үгийн эхний “V” үсгийг долоовор, дунд хуруугаараа дүрслэн харуулж “Бид итгэл найдвар, хүч чадлаар дүүрэн тулалдах болно. Бид эх орон, газар шороогоо хамгаалах болно. Бид далайн эрэг дээр, газар шороон дээр, тал хээр нутагт, дов толгод дээр, усан дээр, агаарт хаа ч тулалдаж болно. Бид хэзээ ч бууж өгөхгүй” гэж хэлсэн юм.

Уинстон Черчилль “Дэлхийн II дайн” гэсэн зургаан боть түүхийн ном бичээд 1953 онд Нобелийн шагналыг Утга зохиолын төрлөөр авсан. Шагнал гардах үедээ Шведийн ван IV Густавт хандаж “Эрхэм дээдэс таныг эндүүрээгүй гэдэгт найдаж байна” хэмээн өгүүлсэн байна. Уинстон Черчилль 1874 оны арваннэгдүгээр сарын 30-нд Английн Оксфордширийн Бленхэймийн ордонд төрсөн бөгөөд “дөнгөж” 91-тэйдээ нас барсан юм. “Дөнгөж” гэсний учир нь хэрвээ илүүдэл жингээ хасч байсан бол, түүнчлэн биеийн тамирын дасгал огт хийдэггүй, үргэлж виски ууж, навчин тамхи татдаг буруу зуршлуудаа хаясан бол наад тал нь 121 наслах байлаа. Энд тамхи таван жил, архи 10 жилийн нас авдаг, биеийн тамирын дасгал 15 жилийн нас нэмдэг хэмээн баримжаалсан болно.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг. “Чингис Соусе” сургуулийн төв талбайд Гурван их гүрний удирдагч И.В.Сталин, Ф.Д.Рузьвелт, У.Черчилль нарын Ялтад хийсэн уулзалтад зориулсан хөшөөг 2017 оны тавдугаар сарын 9-нд Ялалтын баярыг өдрийг тохиолдуулан босгосон. Хөшөөн дээр Ялтын (Крымын) бага хурал. Дэлхийн дайны (1939-1945) шийдвэрлэх үе-1945 оны хоёрдугаар сарын 4-11-нд болж, Гитлерийн эсрэг эвслийн гишүүн гурван их гүрний удирдагчид. ЗСБНХУ-аас И.В.Сталин АНУ-аас Ф.Д.Рузьвелт, Их Британиас У.Черчилль нар түүхэн уулзалт хийсэн юм хэмээн монгол, орос, англи хэлээр сийлсэн.