Назарбаевын хөтөлбөрт сонгуулиар Казахстаны хоёр дахь Ерөнхийлөгч нь Касым-Жомарт Токаев болов

2019-06-11

Ням гарагт болсон Казакстаны Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн урьдчилсан дүнг тус улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга К.Петров даваа гарагийн үд дунд олон нийтэд танилцуулав. Нэр дэвшигч долоон улстөрчөөс санал өгсөн нийт сонгогчдын 6 сая 504 мянгынх нь буюу 70.76 хувийн санал авсан Касым-Жомарт Токаев сонгуульд ялсан агаад “Ұлт тағдыры” хөдөлгөөнөөс (Үндэстний хувь заяа) нэр дэвшсэн Амиржан Косанов 16.02, “Ак жол” намын (Гэрэлт зам) Дания Еспаева 5.2 хувийн саналаар удаалав. Бусад дөрөв нь “Ұлы дала қырандары” нийгэмлэгээс (Тал нутгийн бүргэдүүд), Садибек Тюгел, Казахстаны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Амангельды Таспихов, “Ауыл” намаас (Хөдөө тосгон) Толеутай Рахимбеков, Коммунист Ардын Намаас Жамбыл Ахметбеков тус тус дэвшсэн бөгөөд нийлээд ердөө  8 хувийн саналыг хувааж авсан байна.

Касым-Жомарт Токаев нь тус улсын анхны Ерөнхийлөгчийн албыг 30 жил хашсан Назарбаевын шууд нөлөөний улстөрч, эрх баригч “Нур Отан” намын (Гэрийн гэрэл) нэр дэвшигч юм. Тэрбээр Назарбаевыг гуравдугаар сард огцроход тус улсын Парламентаас Ерөнхийлөгчөөр сонгогдсон агаад энэ удаа Үндсэн хуульд заасны дагуу бүх ард түмний олонхийн саналаар ийнхүү хууль ёсны бүрэн эрхэт Төрийн тэргүүн гэдгээ баталгаажууллаа. Ажиглагчид уг сонгуулийг Назарбаевын дэглэсэн улстөрийн хөтөлбөрийн дагуу явагдлаа гэж дүгнэж байна.

Е.Мягмарсүрэн