Азийн Хөгжлийн Банкны дэд ерөнхийлөгч Ахмед М.Саийдыг хүлээн авч уулзав

2019-06-10

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.06.10/ Азийн Хөгжлийн Банкны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Азийн Хөгжлийн Банк /АХБ/-ны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд Монгол Улсад анх удаа зочилж буйгаа дуулган, эрхэмсэг ноён Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган уулзаж буйд баяртай байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд, энэхүү завшааныг ашиглан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарыг хөгжүүлэхэд сүүлийн 20 жилд АХБ-ны гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэхийг хүсч байна гэв. Тэрбээр, АХБ нь Монгол Улсын Засгийн газартай хамтран 1.9 тэрбум ам.долларын 310 төслийг хэрэгжүүлээд байна. Энэ нь Монгол Улсын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж, нийгэм, эдийн засгийн салбарт томоохон шинэчлэлийг бий болгосон. Бид АХБ-тай цаашид бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа төдийгүй  Монгол Улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар эдийн засгийн өсөлт хурдасч, хөрөнгө оруулалт нэмэгдэн, төсвийн сахилга бат сайжирч байгааг тэмдэглэн талархал илэрхийлэв. Түүнчлэн, манай улс уул уурхайн салбарыг түшиглэсэн эдийн засагтай хэдий ч энэ нь дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс эрсдэлтэй, иймд Монгол Улсын Их Хурал, Засгийн газартайгаа хамтран эдийн засгаа аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт тулгуурлан солонгорулах зорилттой байна. Мөн манай орны эдийн засгийн өсөлт сэргэж, 2019 оны эхний улиралд ДНБ-ий өсөлт 8.6% -д хүрээд байна гэлээ.

АХБ-ны дэд ерөнхийлөгч ноён Ахмед М.Саийд хэлэхдээ, Азийн Хөгжлийн Банк Монгол Улстай нягт холбоотой ажиллаж байгаа нь урт удаан хамтын ажиллагааны үр дүн. Эдийн засгийн өсөлт сэргэж байгаа нь Монгол Улсын Их Хурлаас баримталж буй бодлого, эрх зүйн зохицуулалт бол салшгүй хэсэг юм. Түүнчлэн Монгол Улсад айлчилж буй зорилгуудын нэг бол олон улсын санхүүгийн байгууллагуудаас гаргасан хүсэлтийн дагуу монголын банк, санхүүгийн салбарын үйл ажиллагаатай танилцах юм гэлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл өргөн баригдсан болохыг дурдаж, хуульд орж буй өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө. Уулзалтад Азийн Хөгжлийн Банкны суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломен, Азийн Хөгжлийн Банкны дэд суурин төлөөлөгч Деклан Мааги нар байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.