Хүрэлсүхээр хачирлаж байгаад хөх Алтайг аваад үхнэ л гэнэ дээ…

2019-06-10

Р.Эмүжин

 

За манай Алтайнхан ч будаан дээрээ бужигнаж, бууриа эвдэн талцаж байна даа. Хөгжинө гэж байхгүй, урагшилна гэж ухрахаас өөрцгүй. Сүүлийн үед хэрүүл ч тасрахаа байв, хэмнэлт ч хийхээ болив. Шалтгаан нь нөгөө л мөнгө хөрөнгө, мөрөөдлийн орд газрууд. Дээр нь Раднаасэдийн улсын төсөв болон гаднын хөрөнгө оруулалтыг аймаг руугаа тэрбум тэрбумаар татаж чадсан нь Говь-Алтайг гоё харагдуулаад байна.

Сүүлийн гурван жилд 103 тэрбум төгрөгийг Алтайн хөгжлийн төлөө төсөвт суулгаж, алдагдсан хязгаар бүс нутаг алхам урагшлах боломж бүрдсэн. Гэтэл яав? Хөгжил авчрах учиртай өнөө хэдэн цаасыг нь цавчиж идэх гээд баасан дээр шавсан батгана шиг баарцаглаж байна даа. Зүгээр ч нэг аягатай хоолоо булаацалдахгүй. Төр самарч, түмнийг хохироон байж хор найруулна. Найруулж байгаа хор нь хуучны МАХН угшилтай, одоогийн МАН удамтай. Дээр нь томоохон орд газруудад шунасан, морь мал ярьж, мод бургастай найзалсан нөхөд өлбөлзөнө. Яг ийм байдал аймаг бүрт байдгаас болоод хөдөө хөсөр хаягдаж, хэдхэн хүний дарангуйлалд хэрчим хэрчмээр чимээгүйхэн залгиулж буй аймаг олон доо. За би энгийн жишээ дурдъя. Манай аймгийн МАХН гаргалгаатай, МАН дүртэй феодалууд Хүрэлсүхийг 50 хувьтай Алтайнх гэж цоллоно. Ээж нь Халиуных болохоор тэгж байгаа юм. ЖДҮ Амарбаясгалан 100 хувьтай Алтайнх юм байх.

Аав ээж хоёулаа Алтайнх болохоор 100 хувь гээчид би ч бас багтах бололтой. Үүгээр зогсохгүй нөгөө 50, 100 хувиа уралдуулна. Хооронд нь яс хаяна. Яваад очиход нь хөөргөнө. Алт мөнгөн аягатай сүү барьж угтана. Эрхлүүлнэ. Эвдэнэ. Бэлэг сэлт барьж гүйнэ. Бэлзгийг нь хүртэл магтана. Тэгэх зуураа чихэнд нь сэм сэмхэн нөгөө 50, 100 хувиа давтана. Сэтгэлд нь сэв хаяна. Бие биетэй нь өрсөлдүүлнэ, дайсагнуулна. Дундаас нь хожоо харна. Аймгийн Засаг ноёдоо ч бас ямар нэгэн байдлаар ингэсгээд ангилаад авна, алалцуулна. Аавын аав нь Ховдынх, ээжийн ээж нь Алтайнх биш Увсынх ч гэх шиг. Бүр нэг манж аргатай, мафи сүлжээтэй. Үүний ард юу байна гээч? Өнгөрсөн зууны феодлууд шинэ цагийн түүхийг бичин түүчээлж буй залуу үеийнхний тархийг атгаж, тэднээр тоглож, хооронд нь алалцуулж, нэгийг нь нөгөөгөөр дэгээдэн унагаж, үр дүнд нь өмч хөрөнгөө зузаатгана. Одоо л гэхэд аймгийн Засаг дарга Гансэлэм, Рэнцэндорж хоёрыг байя гэтэл нь байлдуулж, Амарбаясгалан, Раднаасэд хоёрыг алъя гэтэл нь алалцуулж байгаа. Хоёрхон жилээр урагшлуулаад харвал тэд хоорондоо тэгтлээ муу, муухай байгаагүй. Хооронд нь өрсөлдүүлж, хор идүүлж, адуу мал бэлэглэж, агсам залуу хүн гэхгүй найрын ширээ голлуулан суулгаад тал талаас нь долоосоор байгаад ийм болгосон хэрэг. За тэгээд нөгөө бөгс бөөрийг нь долоосоор байж эвдсэн залуу улстөрчийгөө тэжээгчээр тодруулаад авна.

Цаана нь ердөө л төрөөр олон жил тэжээлгэж, төсвийн хөрөнгөөр барих шийдэх барилга зам энэ тэрд эзэн суун хөрөнгөө арвижуулах аймаар санаархал нуугддаг. Хамгийн сүүлчийн ТЭЖЭЭГЧээр Амарбаясгалан, Рэнцэндорж нар тодорч, өөрсдөө ч мэдэлгүй өмч хөрөнгийг нь өсгөн нэмэгдүүлэх ээлжит ХҮҮ нь болоод байх шиг байна. Өө тэгээд түүний хүргэн, үүний бэр гээд энэ сүлжээ бүүр нэг цус ойртсон балайрал, цуг идэхийн сондгойрол. Залуус хоорондоо алалцаад байдаг, зангирч суусан Балгандорж Солонгосын хөрөнгө оруулалтаар баригдах шинэ ДЦС-ын тендэрийг авах жишээтэй. Нарийн мэргэжлийн салбараар наймдугаар ангийн боловсролтой хүн ингэж тоглодоггүй л байх шүү. Шинэ үеийнхэн хоорондоо үзэлцээд байдаг, хуучны феодлууд Бигэрийг там болгосон алт олборлолтоо үргэлжлүүлэх эрх авч ч байх шиг. Одоо бүр нөгөө хэрүүлдээ намайгаа хутгаад Раднаасэдээр хачирлана. Хүрэлсүхийгээ холбоод Амарбаясгалангаар амтална. Төрөлх нутаг Алтай байтугай улс орныхоо хаана ч, уужим дэлхийн альхан ч булангаас үнэн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг намайг ч одоо яана гэхэв. Дараагийн удаа Алтайн100 хувийн цустай Ерөнхий сайд төрнө энэ тэр гэж залуу хүний замыг алдуулахгүй байвал яасан юм бэ. Дээр нь нэмж хэлэхэд шинэ цагийн дууг хуучин зууныхан аялахгүй. Сураг сонсвол Ховд, Баян-Өлгийд ч бас байдал ийм байна.

Алслагдсан нутгийг чинь арваадхан хүн атгачихаад, төр зохицуулж, улс удирдаж сууна. Их Алтай энэ хүмүүсээр дуусахгүй, эх орон энэ хүрээд эцэслэхгүй. Үүнээс цааш газар, түүнээс цааш зуун зуун бий. Алтайг авдар авдар хөрөнгөтэйгээ, нөгөө халаалт дулаантайгаа, дээр нь зам барилга, Бигэрийн алттай, Таянгийн, талын Мэлсийн уурхайтай нь аваад үхэж чадах юм уу? Нүцгэн буцах нь уу, нөмрөөд үхэх нь уу, харъя. Та нарын үеэр эх орон, эх Алтай дуусахгүй. Алтайгаар овоглодог төрд өнгөтэй яваа, түмэнд нүүртэй яваа залуус ч гэсэн өнгөрсөн зууны феодлуудаасаа ангижирч, өөрсдийн цаг үеийг эхлүүлэх болсон юм биш үү? Хэзээнээс бие бие рүүгээ хялайж харах болсноо сана, хэнтэй нөхөрлөөд ааш чинь эвдэрч, амбиц чинь нэмэгдэж, аялга аяг чинь өөрчлөгдсөнийг бод.

Төлөвшил муутай хүн төөрч дуусдаг, төгсгөлөө ч харах чадваргүй харалган болдог хорвоо шүү. Нутгийн залуус нудралцахыг, нударга зангидан өширхөлцөхийг харах муухай байна. Түүнийгээ Ерөнхий сайдаар хачирлах бүүр ч муухай байна. Тэгээд энэ бүхний ард Алтайн ард түмэн хохирч, авахыг хаяхын чинээ боддог арваадхан хүн хожно. Ай хө гэж…