Замын цагдаа хөнөөсөн залууст хорих ял оноолоо

2019-06-05

Албан үүргээ гүйцэтгэж явсан замын цагдаагийн албан хаагч Б-г машинаараа чирч амийг нь хохироосон хоёр этгээдийг шүүх хурал хоёр өдөр үргэлжилж өчигдөр шүүхийн шийдвэр гарчээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг бүлэглэж, хүнийг эрхэлж байгаа ажил албан үүрэгтэйн холбогдуулж, өөрийг нь алсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсон байна. Ингэхдээ шүүгдэгч Б.Энхбаярыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад 477.000.000 буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дэх зүйлийн хоёр дахь хэсгийн 2.9, 2.11-д зааснаар шүүгдэгч Т.Лундаад 13 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Энхбаярт 15 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхбаярт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ