Их хаан, жанжны хөшөөнд мэхийдгээс ээжүүдээ ингэж хүндэтгэж байсангүй

0
180

Б.Галцог

Энэ жилийн “Март-8”-ны баяраар “Сайхан монгол ээж” чуулга уулзалт Төрийн ордонд боллоо. Гуравдугаар сарын 7-нд болсон энэ чуулга уулзалтад оролцсон Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлснийхээ дараа ээжүүдэд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлэв.

Ерөнхий сайдын энэхүү хүндлэл зарим хүнд тун “хачин” харагдсан бололтой юм. Тэр аргагүй. Манай төр, засгийн удирдлагууд Их эзэн Чингис хааны хөшөө, Их жанжин Д.Сүхбаатарын хөшөө, Монгол төрийн есөн хөлт туганд мэхийн хүндэтгэл үзүүлдэг. Баяр бүрээр давтагддаг энэ үйлдэлд монголчууд бид нэгэнт дасссан. Харин төр, засгийн удирдагчдаас ээжүүдэд ийм хүндэтгэл үзүүлж байсан удаагүй юм.

Ер нь Ерөнхий сайдын энэ хүндэтгэлийн үйлдлийг Я.Цэвэлийн тольд

Мэхэсхийх: 1. баахан мэхийх

  1. Хоёр алгаа хавсарч, бөхийн ёслох,

Мэхийх:  1. Бие бөхийн, толгой гудайх (Мэхийн ёслов)

  1. Хүн амьтны гэдэс хэвлээ дотогш татаж хонхойлгох
  2. Үйл явдалд хичээнгүйлэн чармайх мэрийх хэмээн тайлбарласан бий. Энд мэхэсхийх, мэхийхийн утгын ялгаа, холбоог ойлгомжтой хэлжээ. Мэхийн ёслох нь малчин ардын өдөр тутмын харилцаанд ч байнга давтагддаг. “Монголчуудын ёс заншлын тайлбар толь”-д “Зочдыг угтах үдэх үед харилцан алга хавсарч мэхэсхийх, гар өргөн ёслох, гар барилцаж болно” гэсэн байдаг. Эндээс үзэхэд мэхэсхийх нь бялдуучлал биш хүндэтгэл юм. Мэхийх нь дорой буурайн биш даруу төлөвийн илрэл болой. Ардын ёс заншил бол бичигдээгүй аман хууль гэдгийг олйгох нь зөв биз ээ.

Нөгөө талаар энэхүү мэхийн ёслох хүндэтгэл нь олон улсын дипломат ёс, хүндэтгэлийн хэлбэр ажээ. 2015 онд Хятадыг чөлөөлөх дайны ялалтын парад болсон. Уг ёслолд уригдсан улс орнуудын төрийн тэргүүн нарыг Хятадын дарга Си Жиньпин найрсгаар угтан авч, өөд өөдөөсөө харилцан мэхийн ёсолцгоож байв. Түүнчлэн Английн Хатан хаан II Элизабетад дэлхийн улс орнуудын удирдагчид, тэдний гэр бүлийнхэн, дэлхийн нэр алдартай хүмүүс мэхийн хүндэтгэж уулздаг. 1977 оны тавдугаар сарын 1-ний өдөр Букинхэмийн ордонд хүлээн авч уулзав. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картер хатан хаанд мэхийж хүндэтгэл үзүүлээгүй нь олны дургүйцлийг хүргэсэн байдаг. Сайхан даа, Элчин сайд С.Баярыг итгэмжлэх жуух бичгээ барих үед гэргий нь холоос гараа өгч, хайхрамжгүй мэндчиллээ хэмээн ихээхэн шүүмжлүүллээ. Энэ бүхэн чинь мэхийн ёслох хүндэтгэлийн дээд хэлбэр гэдгийг дэлхий хүлээн зөвшөөрсөн, дэлхийн хүндэтгэлийн соёл гэдгийг хэлээд байгаа юм.

Харин манайд гарч буй мэр сэр ойлголтыг нэг тийш болгон, Ерөнхий сайд Ж.Эрдэнбатын ээжүүдийг хүндэлж мэхийн ёсолсныг жишиг болгон Монгол төрийн ёслол, хүндэтгэлийн үйлдэл болгон хуульчлах нь зөв мэт ээ. Ер нь тэгээд Төрийн ордны тэр танхимыг дүүргэн суусан хэдэн зуун ээжүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлсэн нь сайхан биш гэж үү.

Эх сурвалж: www.aguulga.mn