АН-ынхан С.Эрдэнийг эсэргүүцээд эхэллээ

0
225

Б.Гал

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ АН-ын дарга болсон. Түүнийг нам доторх сунгаагаар АН-ын дарга болсныг 2016 оны нэгдүгээр сарын 30-нд намынх нь Дотоод сонгуулийн хороо албан ёсоор зарлсан юм. Тэгвэл тэрээр энэ албан тушаалд очоод 40 хоноод намынхаа гишүүдээс гурван удаа шаардлага хүлээн авлаа.

Эхнийх нь энэ сарын 7-нд хүргүүлсэн АН-ын эмэгтэйчүүдийн шаардлага. Уг шаардлагадаа АН-ын аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга нар болон Үндэсний бодлогын хорооны гишүүдийг шинээр томилох, сонгох бүртгэл эхэлсэн. Шинээр сонгох сонгуулийн бүртгэл эхэлсэн бөгөөд Үндэсний бодлогын хороонд орох гишүүд эхний ээлжинд гурван сая төгрөг тушаах ёстой. Энэ байдлыг АН-ын эмэгтэйчүүд эсэргүүцэж, албан тушаалыг мөнгөөр үнэлж байна” гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Тодруулбал “…Ардчилсан намын улс төрийн үйл ажиллагаа тогтвортой удаан хугацаанд шударгаар зохион байгуулах чадвартай байя гэвэл даруухан төсөвтэй, хэмнэлттэй, зарцуулалтын соёлтой болох ёстой гэж эмэгтэй гишүүд бид үзэж байна. Намын бүх шатны сонгуулийн дэнчин, давхардуулахгүйгээр хэт өндөр тогтоож байгаа нь намд итгэх ард түмний итгэлийг мохоож байна. Иймээс намын албан тушаалыг өндөр үнээр үнэлэхийг зогсоож, намаа өрийн сүлжээ, авилгын эрсдлээс ангид байлгахыг шаардаж байна” гэсэн байна.

Мөн 10-ны өдөр АН-ын зарим гишүүдээс С.Эрдэнэд шаардлага хүргүүлжээ. Шаардлагад “…Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоох тухай” тогтоол нь Ардчилсан намын VII Их хурлаас баталсан Үндсэн дүрмийн заалтуудыг ноцтой зөрчиж байна. …Энэ бүхнээс үзэхэд Дотоод Сонгуулийн Хорооны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоох тухай” тогтоол, “Дотоод сонгуулийн хорооны дүрэм” зэрэг нь бүхэлдээ намын Үндсэн дүрмийг зөрчсөн, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж баталсан дүрмийн бус акт гэж үзэж байна.

Шинээр эмхлэгдэн байгуулагдсан намын удирдлага, Дотоод сонгуулийн хороо Намын YI, YII Их хурлаас дэвшүүлсэн намын шинэчлэлийн бодлогыг гажуудуулж, гишүүдийн сонгох сонгогдох эрхийг боогдуулсан, АН-ын гишүүдийг бүх шатанд мөнгөөр боомилохыг санаархсан, нээлттэй нам болох шинэчлэлийн гол зорилтыг умартсан хариуцлагагүй шийдвэрийг гаргасанд бид туйлын харамсаж байна. Дүрмийн бус, эрх зүйн чадамжгүй дээрх тогтоол шийдвэрээр хүч түрэмгийлэн дотоод сонгуулийг явуулах гэж оролдох нь АН-ыг хагалан бутаргах, цаашлаад Монголын ардчилалд асар их хохирол авчрах хорт ажиллагаа гэж бид үзэж байна. Тиймээс бид АН-ын эв нэгдлийг эрхэмлэн, Монгол Улсад ардчилалыг бэхжүүлэх манлайллаа ухамсарлан Үндсэн дүрэм зөрчсөн дүрэм журмаар сонгууль явуулахыг тууштай эсэргүүцэж байна. Намаа дотоод ардчилалтай, гишүүддээ нээлттэй, тэгш оролцоотой, бодлогын нам болгож шинэчлэхийг зорьж байгаа намын анхан шатны байгууллагууд, жирийн гишүүд, Их хурлын төлөөлөгчид улс орны өнцөг булан бүрт энэхүү бусармаг шийдвэрт эгдүүцэн эсэргүүцэж байна.

Энэхүү эрх зүйн олон зөрчилтэй тогтоолоор дотоод сонгууль явуулбал намын бүх шатны бүтцийн байгууллага, тэдгээрийн удирдлага, цаашдын бүх шийдвэр эрх зүйн чадамжгүй болох ноцтой үр дагавар бодитой байх тул эдгээр зөрчлүүдийг бүрэн арилгаж Үндсэн дүрэмд бүрнээ нийцсэн дотоод сонгууль явуулахыг бид танаас хатуу шаардаж байна.

Хэрэв бидний энэхүү шаардлагыг хүлээн авахгүй бол  Ардчилсан намын гишүүд бид хууль бус сонгуулийн эсрэг гишүүдийнхээ өргөн оролцоо дэмжлэгтэйгаар Үндсэн дүрмээ мөрдүүлэх, намаа нээлттэй, тэгш оролцоотой, хууль, шударга ёсыг дээдлэгч, мөнгөний бус, бодлогын нам болгон шинэчлэхийн төлөө дараа дараагийн алхмуудыг тууштай хийх болно” гэжээ. Түүнчлэн энэ сарын 11-нд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан АН-ын гишүүд, дэмжигчдийг янз бүрээр шахаж, боомилсон шийдвэрээ эргэж харахыг хүсэн намын дарга С.Эрдэнэд ил захидал илгээжээ. Учир нь Ардчилсан нам бүх шатны удирдах ажилтны сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж байгаа. Гэвч намын Дотоод сонгуулийн хорооноос гаргасан тогтоолын дагуу бүх нэр дэвшигч  сонгуулийн хураамж болон дэнчин төлөхөөр болжээ.

Тухайлбал, Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүнд нэр дэвшигч гурван сая төгрөгийн сонгуулийн хураамж, мөн ийм хэмжээний дэнчин тавих ёстой. Түүнчлэн нийслэлийн намын даргад нэр дэвшигч 90, аймгийн намын даргад бол 15, дүүргийн намын даргад нэр дэвших бол 20 сая төгрөгийн сонгуулийн хураамж төлөх ёстой. Мөн 2016 оны сонгуульд намаа ялагдуулсан бүх шатны намын даргыг удирдах ажилтны сонгуульд  бүртгэхээс татгалзах аж. Түүнчлэн өнгөрсөн сонгуульд бие даан нэр дэвшсэн, өөр намаас нэрийг нь дэвшүүлсэн, намын гишүүнчлэлээс хасагдсан зэрэг “тодотголтой” бол бүртгэхгүй. Энэ мэтээр Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн шийдвэрээ нэн даруй засч залруулах ёстой гэдэг байр сууриа П.Цагаан илэрхийлсэн байна.

 

 

 

Эх сурвалж: www.aguulga.mn