Тахалтай тарваганы махыг боловсруулах арга

2019-05-30

 

 

Дуслыг хураавал далай болно

Дуулсныг хураавал эрдэм болно гэсэн цэцэн үг байна. Дуслыг хураагаад далай болох нь үнэмшилгүй яриа. Итгэхгүй бол та угаалтуурын цоргоо дутуу хааж ус дусах төдий орхиод үз. Бүтэн гурван сарын дараа л хурсан ус доод давхрын айлын таазыг дөнгөж  нэвтэлж туулна. Орон сууцны контор дуудах хэмжээнд хүрч ч ус алдахгүй. Дусал усыг хураахад танай байрыг дүүргээд, хотын дүүргийг дүүргээд, Улаанбаатарыг дүүргээд, улмаар улсыг дүүргээд Номхон далай шиг цэлэлзэнэ гэдэг “мөнхийн хөдөлгүүр” бүтээх шиг хэзээ ч боломжгүй гэдэг нь тодорхой. Далай, дуслын асуудал иймэрхүү анзааны байхад дуулсныг хураагаад эрдэм болдог ч хаашаа байна вэ гэсэн эргэлзээ төрнө. Монгол Ганжуурын 113 боть хөлгөн судрыг уншиж сайтар ойлгохын тулд тус номыг тайлбарласан Данжуурын 226 ботийг нэмж унших ёстой байдаг. Үүнтэй агаар нэгэн адилаар өвөг дээдэс минь дээрх цэцэн үгийг ойлгоход зориулсан тайлбар сургаалаа хойч үе бидэндээ айлдаж үлдээсэн байх ёстой бус уу?

Эрлээ. Үзлээ. Оллоо. “Аливаад авах гээхийн монгол ухаанаар ханд” гэсэн сургаал хэлжээ. Сонсож дуулснаасаа гээхийг нь гээ, харин шигшэж авсан чинь алт байх ёстой гэсэн үг өгүүлбэр байгаа хэрэг. Тэгэхээр дуулсан болгон эрдэм биш юм байна. Авах гээхийн ухааны харьцааг тохируулах ёстой болж байна.

Түүхийгээр нь цөс, давсаг залгиад тарваган тахал тусч байв

Өвөрхангай аймгийн Сант сумын нэг айл хэдэн жилийн өмнө 2014 оны есдүгээр сард тарвагатай болсон байдаг. Тарвага агнахыг орон даяар хориглоод зургаа дахь жилийнхээ нүүрийг үзэж байсан үе. Гэхдээ уг айлыг тоо толгойг нь өсгөх гэж тарвага гаршуулан тэжээх гэжээ хэмээн эндүүрүүзэй. Ердөө идэшний тарвагатай болж. Тэр тарвагыг гаднын шалтгаанаар “насан эцэслэсэн” (уг айлынхан өөрсдөө буудсан, эсхүл бусдаар буудуулсан) гэж ойлгох ёстой. Сант сумын сайхь айлынхан “Тарваганы хүн мах түүхийгээр нь идвэл нойр булчирхайнд сайн, давсгийг нь залгивал бөөр, сав, давсганд сайн, цөсийг нь залгихад цөсний үрэвслийг нам дарна, гар хөл хугарч бэртсэн бол элгийг нь идэхэд өвчингүй болгоно” гэж дуулснаа 100 хувь эрдэм гэж ойлгосон хүмүүс байжээ.

Гэрийн эзэн нь хүн махыг, гэрийн эзэгтэй цөсийг, хүүхэд нь давсгыг нь залгилаа. Ингэж бүгдийг түүхийгээр нь залгих хэлбэрээр идэв. Аз болоход тэднийд болон ойр хавьд яс нь хугарсан хүн байсангүй. Тийм учраас түүхий элэг залгих хүн гарсангүй. Эцэст нь тэднийх махаар нь боодог хийж идэв. Харамсалтай  нь, тарвага тахалтай байснаас нэг гэрийн гуравт бүгдэд нь залгиур хоолойн тахал тусчээ.

Дэлхий даяаршиж, дээр нь манай улсын Анагаахын шинжлэх ухаан дажгүй сайн хөгжсөн хойно тарваган тахал туссан эцэг, эх, хүүхэд гурвыг зүй бусын хорогдолд оруулж, нөгөө ертөнцөд алдана гэж юу байх вэ! Эмчиллээ, эдгээлээ, эмнэлгээс гаргалаа. Харин “жаахан” мөнгө зарсан байна. Өвөрхангай аймгаас 50 гаруй сая, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс бараг зургаан сая, нийтдээ 60-аад сая төгрөгийг тарваган тахал туссан гурвыг энх тунх болгоход, дээр нь тухайн голомтын тойрогт хамрагдсан  62 хүнийг тахал эс туссан болохыг шинжлэн тогтооход зарцуулжээ.

 

 

Тарвага тахалтай эсэхийг мэддэг “Завхан” арга

Завхан бол хутагт хувилгаадын нутаг. Гэхдээ тэдгээр Бурханы шашны самади хувилгаан лам, гэгээнтнүүд л оготнын хамраас цус гаргахгүй явсан болохоос, Завханчууд тарвага агнадаггүй байсан гэж яривал  арван хар нүглийн нэгд унаж худал хэлсэн болно. Нүгэлт хар гөрөөчний ангилалд багтсан, зөвхөн ангийн махаар өл залгадаг, арьсыг зарж ар гэрийнхнээ санхүүжүүлдэг харц ядуу тарвагчин анчид ч байсан. Тарваганы ялбаг, боодог, хорхогийг тансаг хэрэглээ болгон зооглодог тайж, ноён, баячууд ч байсан.

Байгалийн баялаг, ан гөрөө, араатан жигүүртэн элбэг, замын хүн саатмаар Завхан нутагт хагд өвс иддэггүй хар ус уудаггүй, шороо шиг бужигнаж байсан тэр олон тарваган дунд туссан өвчин нь тахал гэж оношлогдсон, хүнд халдвал аюул тарих вирустэй “нөхдүүд” цогиж л явсан хэрэг. Хошуу ноён, харц ард ялгаагүй тахалтай тарваганы мах идэж өвдөж зовсон байж таараа. Амь насаа алдсан ч байж магад. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг болохоор гашуун сургамжаас гаргалгаа хийсэн үе үеийн Завхан нутгийнхан тахалтай, тахалгүйг нь ялган таньж мэдэх аргыг хэдэн зуун дамжин боловсруулсан юм билээ. Ам дамжин яригдаж, хойч үр удам нь суралцан тогтоож ирсэн тэрхүү аргыг 1800 оны сүүлчээр Засагт хан аймгийн Цэцэн Сарт уулын хошууны Дүгэр занги гэдэг бичгийн хүн эмхэтгэн “Тахал туссан тарваганы явдал суудлын шинж оршвой” нэртэйгээр цааснаа буулгажээ. Улмаар хошууны түргэн бичээч нараар хуулбарлан хувилуулж хавх, занга, цахиур буугаар “өвч зэвсэглэсэн” анчин, гөрөөчин голдуу хүмүүст тараасан байдаг.

Нийтээр бичиг үсэгтэй болж 1979 онд ЮНЕСКО-гоор зарлуулахаас өмнөх цагийн үе дамжсан тарвагачингуудын бичиг үсэгтэйг тоолсноос үсэггүйг нь тоолбол амар хялбар байхаар тун цөөн байж. Нэгэнт уншиж чадахгүй учраас бичиг ном, судрыг хадгалж хайрлахдаа тун тааруу байсан бололтой. Муутуу цаасан дээр бичсэн “Тахал туссан тарваганы явдал суудлын шинж оршвой” гэсэн тэрхүү номыг оригоор нь олоод үзэх санаатай нутаг орондоо нэр цуутай явсан тарвагачин гөрөөчний ач зээ нартай олонтаа уулзаж сурагласан. “Манай өвөө аавынд, хошуунаас тараасан гээд нэг тийм судар байсан юм гэнэ лээ. Тэр үедээ ч юм уу, хэдийд ч юм бэ, үрэгдээд алга болсон байх. Бидэнд дамжиж ирээгүй” гэсэн ижил хариулт өгч байна. Тэгэхдээ, сайн тал нь тарвагыг тахалтай, тахалгүйг таних аргыг цээжээр мэднэ шүү.

Дүгэр зангийн тэр судраас ам дамжин ирсэн хамгийн үнэтэй зөвлөгөөг өөрийн үгээр танилцуулъя.

—Тахал туссан тарвага алтан нар ээсэн газар байвал халуундаа дэмийрч зовж шаналах тул сүүдэр газар барааддаг. Тийм учраас нам дор газрын гуу, жалга, хангай газрын асга, хад чулууны завсрын сүүдэр газар идээшлэхээр өглөө, оройн гараанд гарсан тарвагыг агнах хэрэггүй. Тийм газрын ойролцоох нүхний тарвагыг ч бас агнах хэрэггүй. Эдгээр тарвага тахалтай гэдэг нь 100 хувь баталгаатай.

—Тахалтай тарваганы бүүрэг хазаж өвчин тараах аюултай тул ийм газрын нүх дошин дээр суухыг цээрлэ.

—Нохой бариад гэртээ зуугаад ирсэн тарвагыг идэх нь байтугай гар хүрч ч болохгүй. Тахал туссан тарвага эрүүлээсээ ядруу дорой, тамир тэнхээ тааруу учраас байгалийн цэвэрлэгээнд өртөж чоно, нохойнд баригдахдаа амархан байдаг. Нохой барьсан тарвага тахалтай гэдэгт эргэлзэх хэрэггүй.

—Тахалтай тарваганы хөлийн таваганд цус буусан (хурсан) байдаг тул зугтахдаа өөд газар руу биш заавал уруудаж давхидаг. Гэтэл өглөө, оройн гараагаар цээж газар өгсөж идээшилж байгаа эрүүл тарвага хүн хараад нүх рүүгээ явахдаа доошоо уруудаж таарна даа. Тэгэхээр нүх рүүгээ уруудаж харайсан эрүүл тарвага, хөлдөө зовиурлан өгсөж чадахгүй уруудаж харайсан тахалтай тарвага хоёрыг ялгахад тун бэрх.

Ямар ч болов уруудаж харайхад нь агнасан тарвагаа сэжигтэн тарвага гэж нэрлэе. Энэ сэжигтэн нь тахалтай юу, эсхүл цэвэр үү гэдгийг мэдэх мөрдөнгийн арга байна. Энэ бол: Агнасан тарвагаа бууны үзүүр, эсхүл модоор хөшин дээш нь харуулна. Хөшсөн зүйлээрээ хөлийнх нь нарийн шуун дээр дарж байгаад хутгаар тавхайн улыг нь зүснэ. Хурсан цус ихээр гарч байвал агнасан тарвага чинь тахалтай гэдгээ шууд хүлээж байна гэсэн үг. Гэтэл цус гарч байгаа нь ч мэдэгдэхгүй, цус алга байна гэхээр огт хоосонгүй ч юм шиг эргэлзээ төрүүлж байвал яах вэ. Боодог ч хийж идмээр, хорхог ч хийж хоолломоор арааны шүлс асгаруулсан нас гүйцсэн бурхи Таны өмнө хэвтэж байдаг. Авах хэцүү, орхих хэцүү. Тахалтай тахалгүй нь 100 хувь батлагдадгүй. Одоо яах вэ? Дүгэр зангийн номд энэ асуудалд хариу болохуйц заавар зөвлөгөө бичигдсэн байжээ.

—Гар хуруугаа эсгээгүй, ил шархгүй хүнээр тарвагаа өвчүүл. Түүхийгээр нь бусдад идүүлэх байтугай гараар бариулахыг цээрлэ. Боодог хорхог хийх нь тарвага янзалж байгаа хүнийг түүхий махтай ихээхэн зууралдахад хүргэх учраас боодог хорхог хийхээс татгалз. Аль болох хурднаар тогоонд чанаж сайн болго. Тарвага тахалтай ч байсан нэгэнт чанаж болгосон бол махыг идэхэд өвчин тусахгүй. Тахалтай тарваганы болсон мах, тахалгүй тарваганы болсон мах ямар ч ялгаагүй адилхан гэж өгүүлсэн юм байх.

 

Төгсгөлийн оронд өгүүлэх нь

Дүгэр зангийн зөвлөгөө нь тарваган тахал тархах гурван хэлбэрээс хоол боловсруулах эрхтэнээр дамжиж тусдагаас сэргийлэх арга замыг голчилжээ. Мээмний сүүгээр биш мэрэгчийн махаар анхлан амлуулсан мэт, тарваганы мах идэх дуртай, дээр нь тарваганы түүхий эрхтэн идэхийг ардын эмчилгээний нэгэн төрөл мэт буруу ойлгосон монголчууд бид өнөөдөр нэг зүйлийг маш анхаарах хэрэгтэй байна. Энэ нь, өвчтэй тарваганы түүхий, шүүрхий мах идэхэд тухайн хүнд тахал тусахаас гадна өвчтэй тарваганы бүүргэнд хазуулахад тахал тусах,  уушгины тарваган тахал туссан хүнээс амьсгалын замаар бусдад халддаг тухай шинжлэх ухааны анхан шатны мэдлэг, үгүй ядахдаа мэдээлэлтэй байж сэрэмжлэх ёстой.

Жич: Нийтлэл тэрлэгчийн зүгээс “Тахалтай тарваганы махыг боловсруулах арга” гэж гарчигласан учир нь дээр үед ийм байжээ гэдгийг сонирхуулах гэсэн болохоос Уншигч та бүхнийг энэ аргыг туршаад үзээрэй хэмээн эрсдэлтэй зөвлөгөө өгөөгүй гэдгээ хэлье. Дээр нь тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах хоригийн хугацаа үргэлжилж буй. Хамгийн сүүлд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөлөөс 2017 оны есдүгээр сарын 22-нд тарвага агнах хоригийг гурван жилийн хугацаагаар сунгасан болохыг сануулъя.