Тансаг амьдралаас амьдын тамд шидэгдсэн Тайландын хатны түүх

2019-05-30

Орчин цагийн хаадын дотроос Тайландын хаанаар саявтархан өргөмжлөгдсөн Рама шиг нь үгүй. Халуун наранд шивээстэй биеэ гайхуулан, майкаа дээш нь сөхчихөөд алхаж явдаг энэ эрхэм эдүгээ 67 настай.

Хаан ширээнд суухынхаа өмнөхөн шинэ эхнэр авч буйгаа зарласан эр. Дөрөв дэх эхнэрээ авч буй энэ юм. Цагтаа онгоцны үйлчлэгч байсан бүсгүй аажимдаа Хааны хамгаалалтын албаны дарга болоод бүр генерал цолд хүрсэн нь эцэстээ Хааны гэргий болох өгсүүр зам нь байж.

Гэхдээ энэ удаад Тайландын Хааны одоогоор сүүлчийн гэргийн тухай бус харин өмнөх гэргий Сирасми Сувадигийн талаар цухас өгүүлье. Хэдхэн хоногийн өмнө Германы Bild түүний халзан толгойтой гутарч суугаа бичлэгийг дэлхий нийтээр цацлаа. Цагтаа данхалзаж цалгиж явсан эмэгтэй энэ удаад камерын өөдөөс ч харалгүй доош ширтэн хүлцэнгүй нь аргагүй суух аж.

Уг нь хэдхэн жилийн өмнө л гоо үзэсгэлэнг нь дэлхий даяар шагшиж байсансан. 2001 онд тэр анх Хаантай нэр холбогдсон юм. Үүнээс жилийн өмнө Хааны албанд зүтгэх болсон юм билээ.

2001 оны хоёрдугаар сарын 10-нд тэд хуримаа хийсэн. Өмнө нь хоёр ч эхнэртэй байсан хаан 50 насны сүүдэр зооглож буй тул гэр бүлийн халуун дулаан уур амьсгал шаардагдах болсон талаар дурьдаад Сирасмиг эхнэрээ болгон авлаа. Өмнөх гэрлэлтийн дөрвөн хүү нь хаан ширээ залгамжлах эрхээ хасуулсны зэрэгцээ эцгийнхээ овгийг ч авах эрхгүй болсон юм. Мөн Хааны ордонд насаараа орох эрхгүй болжээ. Тайландын Хааны хүсэл ийм тул зарлиг ингэж бууж.

Сирасми Сувадигийн хувьд дандаа ч ийм нурмагар эмэгтэй байгаагүй юм. 2009 онд Фу Фу маршалын төрсөн өдрөөр Хааныхаа дэргэд цээж нүцгэлэн зогсож, ирсэн зочидтой наргисан удаатай. Фу Фу гэдэг нь тэнгисийн цэргийн маршал. Гэхдээ хүн биш нохой. Хаан хайртай нохойндоо хүссэнээрээ алдар цол олгосон нь энэ.

Хожим Фу Фу үхэхэд Тайланд даяар дөрөв хоногийн гашуудал зарласан юм. Маршал ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн тул гашуудсан нь тэр. Тайландын Хааны авир шийдвэр нэг иймэрхүү чигтэй.

Сирасмигийн хувьд нэг л өдөр тэнгэр хөмөрнө гэдэг шиг юм болжээ. Хамаатнуудыг нь авлига хээл хахууль, хууль бус наймаанд буруутган шүүж эхлэв. Хоёр ах, эгч, хамаатан гээд бүгдэд нь тус бүр таван жилийн ял оноож, шорон руу илгээв.

Харин Сирасмиг Бангкокоос өөр тийш цөлөхөөр шийджээ. Ингээд Хааны ордноос гутамшигтайгаар хөөгдөхийн  өмнө нь хүүтэйгээ сүүлчийн удаа уулзах таван минутын тун ч “өгөөмөр” хугацаа хайрласан байна.

Одоо интернэтээр тэрхүү уулзалтын ганц л зураг харагддаг. Хүүтэйгээ хамт газар суугаад ар нуруунаас нь тэвэрчихсэн. Хүү нь ээж рүүгээ харья гээд ч харж чадахгүй байгаа янзтай зураг. Тэр хоёр ингэж таван минут суугаад насаараа дахин уулзах эрхгүй болцгоосон юм.

Хүү саяхан 14 нас хүрсэн ч төрсөн өдрөөрөө ээжтэй уулзах эрх авч чадаагүй. Хүүгээ Мюнхен дэх сургуульд илгээчихсэн болохоор уулзах боломж ч одоогоор бол үгүй.

Сирасми ордноос хөөгдснөөс хойш Ратчабури мужид нэгэн байшинд амьдрах болжээ. Түүний байшин саяхан газар хөдлөлтөд сүйрчихсэн балгас мэт гэнэ. Ханан дээр нь “Ордонд байгаа юм шиг тохь тухтай байгаа биз дээ, чамд” гэж бичсэн байдаг ажээ.

News1.mn Р.Гэгээ