Орон гэргүй архичин эрийг өөд нь татаж, 25 жил уулзаагүй аавтай нь уулзуулжээ

2019-05-29

Английн Клиторпс хотын оршин суугч 38 настай багш эмэгтэй Кэти Николь орон гэргүй нэгэн эрийг нь өөд нь татаж, халамжлан хамтдаа амьдрах болжээ.

“Би түүний хажуугаар хэд хэдэн удаа өнгөрөхдөө анзаарч харсан юм. Тэгээд ярилцаж үзье гэх бодол төрсөн.  Дэргэд нь суугаад “Чи надад түүхээ ярьж өгөөч?” гэснээр бид хоёрын харилцаа эхэлсэн” хэмээн Кэти өгүүлжээ.

Орон гэргүй магадгүй ямар ч ирээдүйгүй болчихсон мэт гутарч явсан эрийг Гарднер Жон гэдэг. “Жон надад эхнээсээ л ухаалаг, сайхан сэтгэлтэй хүн шиг санагдсан юм. Тэр амьдралаа өөрчилмөөр байгаагаа хэлсэн. Тэгээд хамтдаа түүний хүслийг төлөвлөгөө болгон биелүүлэхээр шийдсэн юм” гэж Кэти нэмж ярьсан байна.

Жон өөрийнхөө түүхийг Кэтид үнэнээр нь бас бүтнээр ярьж өгчээ. Хайртай бүсгүйтэй нь нууц амрагийн харьцаатай эрийн биед халдсан хэргийн улмаас хоёр жил хагасыг шоронд өнгөрөөснөө хэлсэн гэнэ. Шоронгоос гараад архинд орж, гудамжинд хоноглох болжээ.

Николь Жонтой танилцснаас хойш хоёр сарын дараагаар гэртээ анх урьж, шүршүүрт оруулж, үсийг нь засч, шарсан тахиагаар дайлснаар тэдний хамтын амьдрал эхэлжээ. Танилцснаас хойш найман сар өнгөрч буй аж. Энэ хугацаанд Жон цэцэрлэгчээр ажиллах болж, сүүлийн 25 жилийн хугацаанд огт уулзаагүй аавтайгаа очиж уулзсан байна.

“Гудамжинд хоноглож явахад шөнө бүр хар дарж зүүдэлдэг байлаа. Сэтгэлийн минь гүнд сайхан ирээдүй угтах юм шиг мөрөөдөл оршсоор л байсан. Миний тэр хүсэл мөрөөдөлд биелэх боломж олгосон Кэтид би хязгааргүй их баярладаг” хэмээн Жон өгүүлжээ.

News1.mn Р.Гэгээ