“Сахал” Д.Эрдэнэбилэгийг 30 хоног хорих шийдвэрийг шүүх гаргалаа

2019-05-28

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас худалдаж авахдаа Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн асуудлаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ХХБ-ны ТУЗ-ийн дарга, “сахал” Д.Эрдэнэбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн.

2019 оны гуравдугаар сарын 5-нд Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулаад сулласан юм. Тэгвэл Д.Эрдэнэбилэг нарыг дахин цагдан хорих хүсэлтийг НПГ-аас гаргаж шүүхэд хүргүүлсэн юм. Сүхбаатар дүүргийн шүүх энэ сарын 21-нд цагдан хорионы асуудлыг хэлэлцэх үеэр Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүгч Х.Идэрээс татгалзсан. Улмаар тус дүүргийн ерөнхий шүүгч захирамж гаргаж Б.Дуламсүрэн шүүгчид уг асуудлыг шилжүүлсэн. Гэвч Б.Дуламсүрэн өчигдөр /2019.5.27./ энэ асуудлыг шийдэх шүүхийн харьяалал тогтоолгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргасан.

Тэгвэл уг асуудлыг шийдэх хурлыг өнөөдөр /2019.5.28./ орой тус дүүргийн Ерөнхий шүүгч даргалан хэлэлцээд Д.Эрдэнэбилэгийг 30 хоногоор баривчлах тогтоол гаргалаа. Ингэснээр Д.Эрдэнэбилэг нарыг 2019 оны 6 сарын 27 хүртэл хорихоор болж байгаа юм.

Эх сурвалж: news1.mn Г.НЯМ