Д.Мижиддорж: Миний хувьд гэхээс илүү бидний, манай хамт олны гэж ярих дуртай

2019-05-17
Д.Мижиддорж: Миний хувьд гэхээс илүү бидний, манай хамт олны гэж ярих дуртай

Энэ удаагийн “Аврагчийн хөрөг” буландаа Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн жолооч, холбоочин, ахлах ахлагч Д.Мижидоржийг урьж ярилцлаа. Тэрээр 16 дахь жилдээ ард, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

 

  -Амрыг эрье. Ажил үйлс тавлаг сайхан зусаж байна уу?

“Онцгой мэдээ” сониныхоо нийт уншигчдынхаа энэ өдрийг амрыг эрье. Хэнтий аймгийн Батширээт сумаас зүүн хойш 80 км Онон багийн нутаг “Хашлиг” гэдэг газар ОХУ-ын хилээр дөрөвдүгээр сарын 22-ны өдөр орж ирсэн ойн түймрийг унтраах ажиллагаанд 22 хоног Онцгой байдлын байгууллагын алба хаагчдынхаа хамтаар үүрэг гүйцэтгээд ирлээ.

– Одоогоос 16 жилийн өмнө Онцгой байгууллагын алба хаагч болсон байна. Энэ албатай холбогдсон түүхээсээ хуваалцаач?

Анх 2003 онд өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд энэ байгууллагын шатаар алхаж байсан. Цаг хугацаа ч нүд ирмэхийн зуур өнгөрч, бусдын амар тайван, амгалан амьдралын төлөө үе, үеийн алба хаагчидтайгаа мөр зэрэгцэн зүтгээд 16 жил болсон байна.  Ажил, амьдралын минь амжилт, аз жаргал энэ албанаас эхэлсэн болохоор өөрийнхөө хийж чадах бүхий л зүйлдээ сэтгэл, зүтгэл гарган ажиллахыг хичээдэг дээ.

-Дуудлага бүрийн онцлог өөр өөр. Үүрэг гүйцэтгэж байсан томоохон аврах ажиллагааныхаа талаар сонирхуулбал?

Дуудлага бүрийн цаана хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө байдаг. Хэдийгээр түймэр гарлаа, усанд живлээ гэсэн дуудлага ирдэг ч ямар нөхцөл байдал хүлээж байгааг таамаглах боломжгүй шүү дээ. Тийм учраас л баг хамт олны нийлсэн гар, ажилдаа хандах хандлага, чин шударга зан чанарууд маш их нөлөөлдөг гэж боддог. Миний хувьд гэхээс илүү бидний, манай хамт олны гэж ярих дуртай. Хамгийн сэтгэл эмзэглэмээр дуудлагын нэг 2008 онд Улаанбадрах суманд ангиараа зугаалж явсан хүүхдүүд нууранд живсэн гэсэн дуудлага байсан. Дуудлагаар 24 цагийн турш үүрэг гүйцэтгээд живсэн гурван хүүхдийн хоёрынх нь амийг аварсан. Живээд амь насаа алдсан  хүүхдийг хараад маш их эмзэглэж байснаа одоо хүртэл санадаг юм. Говийн ус тогтмол улаан шороо ихтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байдаг гээд онцлогтой л доо.

Хүний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахад мэргэжлийн ур чадвараас гадна сэтгэл зүтгэл их шаарддаг болов уу?

Тэгэлгүй яахав. Мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүтгэл аль аль нь хосолж байж л ажлын үр дүн сайн байна. Хамгийн гол нь хийж байгаа ажилдаа эзэн болох, байнгын бэлтгэл сургуулилт хийж бие бялдар, сэтгэлзүйгээ бэлдэх, аврах ажиллагаа бүрээс суралцаж байж л бусдад амьдрал бэлэглэнэ, амьдрах эх үүсвэрийг  нь авран хамгаалж чадна шүү дээ. Бидний ажил хамгийн буянтай. Аврагч хүнд амьдралын утга учрыг аврал эрсэн хүн бүрийн төлөөх сэтгэлээр дамжуулан ойлгуулдаг хүндтэй алба даа.

-Таны хувьд жолооч-холбоочны үүргийг гүйцэтгэдэг. Ажил, үүргийнхээ онцлогийг юу гэж тодорхойлох вэ?

 -Аврагчдын амь насыг давхар хариуцна. Дуудлага бүрт цаг хугацаатай уралдаж очдог гээд ажлын хувьд онцлог ихтэй. Тийм учраас хэзээ ч ирж болох дуудлаганд гарах байнгын л бэлтгэл, бэлэн байдлаа хангана, машин техникийнхээ бүрэн бүтэн байдлыг хянана, засвар үйлчилгээ хийнэ. Ингэж ажиллаж байж  амар тайван байж чаддаг. Шинэ залуу алба хаагчдадаа өөрийн туулсан амьдралаас олж авсан туршлагаа хуваалцаж,  сургаж, дадлагажуулахыг л хичээж ажилладаг даа.
– Дорноговь аймгийн хувьд ямар төрлийн аюулт үзэгдэл, осол ихэвчлэн тохиолдож байна?

Манай аймгийн хувьд говь, хээр хосолсон нутагтай, 4,6-35 м/с-ийн хүчтэй цасан болон шороон шуурга шуурдаг байгаль цаг агаарын өвөрмөц онцлогтой бүс нутаг.  Мөн хойд, урд хоёр гүрнийг холбосон төмөр зам дайран өнгөрдөг, дэд бүтэц, аялал жуулчлал хөгжсөн, хүн амын суурьшил нягтрал ихэсч байгаа зэргээс шалтгаалан ахуйн гал түймэр, зам тээврийн осол, шороон болон цасан шуурга, хүн, мал амьтны гоц халдварт өвчин ихэвчлэн тохиолддог доо.

Гэр бүл бол аврагч хүний хамгийн найдвартай ар тал. Ажил, амьдралын утга учир шүү дээ?

 Тийм шүү. Онцгой албанд ажиллаад зорилго, үүргээ биелүүлээд явахад ханийн минь дэмжлэг, туслалцаа хамгийн их байдаг. Миний ханийг У.Урангуа гэдэг.  Аймгийнхаа эмнэлэгт эх баригчаар ажилладаг. Гурван сайхан хүүхэдтэй.  Хоёр том хүүхэд маань оюутан, бага нь цэцэрлэгт суралцаж байна. Том хүүгээ албаныхаа хүн болгох хүсэлтэй байсан ч хүү маань хүсэл мөрөөдлөө дагаад өөр мэргэжлийг сонгосон. Хүн бүрийн мөрөөдөл өөр, өөр учраас хүндэтгэдэг. Бага хүүгээ өөрөө сонирхвол ажил, албандаа үүрэг гүйцэтгүүлнэ л гэж боддог доо.

-Чөлөөт цаг зав гарвал хэрхэн өнгөрүүлж байна даа?

Бие бялдар, сэтгэлзүйгээ бэлтгэх зорилгоор дугуйн спортоор хичээллэдэг. Өөрийн сонирхсон сэдвээрээ зураг зурах дуртай. Аймаг, орон нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа дугуйн спортын тэмцээнд оролцож, өөрийгөө сорьж, бусдаас суралцдаг.
-Ярилцсан танд баярлалаа. Аврал эрсэн хүн бүхэнд амьдрал бэлэглэдэг их үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье?

Энгийн  аврагч бидний ажил, амьдралын талаар олон нийтэд сурталчлан ажиллаж байгаа “Онцгой мэдээ” сониныхоо хамт олонд талархлаа илэрхийлье. Мөн Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа нийт алба хаагчдадаа ажлын амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Андгай тангарагтаа үнэнч би

Ариун үүргээ биелүүлж явна

Аврал ирсэн түмнийхээ төлөө

Алтан амиа зориулна бид