Зээлийн хүүгийн хязгаар тогтоох хуулийг буцаах уу?

2019-05-17

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг одоогоос жил гаруйн өмнө өргөн барьсан. Зээлийн хүүд дээд хязгаар тогтоох тухай асуудалд банк санхүүгийн салбарынхан, эдийн засгийн мэргэжилтнүүд эсрэг байр суурь илэрхийлсээр байгаа юм.

Зээлийн хүүд хязгаар тогтоох нь иргэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хүүг бууруулах арга хэмжээ болж харагдах ч эцсийн дүндээ анхны тавьсан зорилгынхоо эсрэг үр дүн гардаг олон улсын жишиг байдаг гэж байгаа. Нэг үгээр, хамгийн их хэрэгтэй хэсэг, зээлд хамрагдаж чадаж байсан хэсэг нь дараа нь зээлд хамрагдаж чадахаа больдог. Тиймээс тэр зээлийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй хүмүүс дахиад ямар нэгэн хэлбэрээр зээлээ авах гэж оролдоно. Энэ нь далд эдийн засаг, зохицуулалтгүй байгаа тэр хэсэг рүү явах том эрсдэл байгаа гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна. Түүнээс гадна хээл хахуулийн систем үүсэх нөхцөл ч болж мэдэх аж. Нөгөө талаар банкны ашигтай ажиллагаа багасч, дараагийн том цохилт нь “Капитал” банк шиг нөхцөл байдал рүү орох эрсдэлтэй гэлцэж байна.

Энэ асуудлаар Монголбанкны Хяналтын зөвлөл өнгөрсөн сард хуралдаж зөвлөмж гаргаад байгаа юм. Тодруулбал, Монгол Улс зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох нь дээр дурдсан эрсдлүүд үүснэ гэж үзжээ.

Тэгвэл Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын ордог Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцжээ. Зөвлөлийн хурлаар зээлийн хүүгийн хязгаар тогтоох нь эдийн засаг, банк санхүүгийн салбар, иргэд зээл хүсэгчдэд том хүндрэл үүсэх тухай хэлэлцэж зөвлөмж гаргахаар болжээ.

Ингээд харахаар зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох тухай асуудалд Монголын банк, санхүүгийн томоохон төв байгууллагууд эрсдэлтэй хэмээн үзэж эсэргүүцсээр байна. Тиймээс УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өргөн барьсан Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэгдэх эсэх асуудал улам бүдгэрсээр байна.

Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ