Селена Гомес: Бидний үеийнхний жинхэнэ аймшиг бол олон нийтийн сүлжээ

2019-05-16

26 настай дуучин Селена Гомесийн сэтгэл санаа харьцангуй тогтворжиж, сэтгэцийн эмнэлгээс гарч, хэдэн хоногийн өмнө бүр Каннын кино наадмын улаан хивсний ёслолд оролцлоо.

 

Каннын наадамд түүний тоглосон The Dead Don’t Die кино оролцож буй юм. Селена Гомес улаан хивсний ёслолд оролцож, гоёлын даашинзтай олон зураг авахуулсны зэрэгцээ мөн ярилцлага өгөөд амжжээ. Тэрбээр ярилцлагадаа үеийнхээ залуусын гол аймшгийг олон нийтийн сүлжээ гэж тодорхойлсон байна.

 

“Бидний үеийнхний хувьд энэ олон нийтийн сүлжээ жинхэнэ аймшиг болж хувирч байна. Энэ охид бүсгүйчүүд, залуус олон нийтийн сүлжээнд хэт донтож, түүнээсээ болж дэндүү эмзэг болж буй нь намайг айлгах боллоо. Тэд бодит амьдралын талаархи мэдрэмжээ алдаж байна. Хүмүүс үнэн бодитой мэдээлэл, орчноос холдох тусмаа аюул руу унах шиг санагдана.

 

Би одоо олон утгагүй гэрэл зураг олон нийтийн сүлжээнд оруулахаа больсон. Ухамсартай, ухаантай байхыг хүсч байгаа. Гэвч охид бүсгүйчүүдтэй уулзаж ярилцахад тэдний оюун санаа бүр хоосорчихсон юм шиг санагдах боллоо. Тэд өөрийн гэсэн үзэл бодолгүй болжээ. Олон нийтийн сүлжээнд болгоомжтой байж, цаг хугацаагаа хязгаарлаж байх хэрэгтэй” хэмээн Селена Гомес өгүүлсэн байна.

News1.mn Р.Гэгээ