Цээжинд нь чоно гөлөглөсөн 90+60 бөх

2019-05-16

 

 

БУШХҮҮГИЙН ҮЛГЭР

Засагт хан аймгийн Цэцэн сарт уулын хошуунд эгэлгүй бяр чадалтай Бунь аварга хэмээх хүчтэн байж. Тэрээр таргийн хэ­дэн ямаа, умгар бор гэр­тэй, ижийтэйгээ аж төрдөг амьдрал ядуу нэгэн яв­жээ. Бунь аварга гэрээ баглаж үүрээд, дээр нь ижийгээ суулгаад нүүдэг. Ийнхүү нүүдэл хийж явахдаа хааяа бас сахилгагүйтэн тэмээ болон туйлж ээжийдээ  эр­хэлдэг байна. Ээж нь тая­гаараа дээрээс нь зөөлхөн тоншиж “сөөг, сөг сөг”  хэ­мээн  хөхөрч явах жишээ­тэй. Бунь аварга нэг намар зэргэлдээх хошууны Хан Хөхий уулын тахилга наа­дамд явж байгаад зам заал­гахаар худаг дээр очвол залуухан хүүхэн есөн ал­дын гүн худагнаас ус хо­воо­­дож малаа усалж байх агаад мэндийн зөрөөнөөс өөр юм хэлэлгүй, огт тоо­доггүй гэнэ.

Тэгэхээр нь унаж явсан намрын тарган ат­ныхаа  хондлой дээр да­раад орхитол хойш оцорч, хавийн газрыг сэвсээр булаад дуу шуу болоод  явчихаж. Хүүхэн ч түүнийг бяр чадлаараа гайхуулж байна гэж багцаа авав бололтой, нэг том харснаа худгийн онгоцны өрөөсөн үзүүрээс шүүрэн ганц га­раараа барьчихаад огт савлуулалгүй баруун, зүүн тийш хөдөлгөн “Ингэж ин­гэж яваад Илжгэн ноёны наадмын газар очно” гэж заасан гэдэг. Алдарт Бунь аварга уг наадамд түрүүл­сэн бөгөөд хожмоо “Олон  газар явж бяртай чадалтай гэсэн болгонтой нь барил­даж хүч үзэн, бас бооцоо мөрий тавьж ачаа бараа, хад чулуу өргөж явлаа. Илжгэн хошууны тэр хүүхэн шиг бяртай хүн үзээгүй” хэмээн хуучилж суудаг байжээ.

Бунь аваргыг нас барсны дараа үзэхэд ха­вирга нь битүү байсан бө­гөөд цээжинд нь чоно гө­лөглөсөн юм гэнэ лээ. Хэ­дэн жилийн дараа зэргэл­дээ хошууныхан бөх, морь­той болно хэмээн  ал­дарт бөхийн шарилыг хул­гайлж аваачин тахиснаас XIX зууны эцэс, XX зууны эхээр Даншиг наадамд алдарт Намхай аваргатай өгөө аваатай барилдаж байсан Ламжав арслан хэ­мээх нэгэн хүч­тэн, дуунд мөнхөрсөн Лу жанжны сай­вар халтар гэдэг нэгэн хур­дан хүлэг, одоогийн Увс айм­гийн Өн­дөр­хангай, Зүүн­хангай нутгаас тодорч халх Дөр­вөн аймаг, Шавь, энэ таван газар дуурссан гэдэг. Домогт гардаг Ламжав арслан (1854-1917) нь бодит хүн. Түүний барилдааны амжилт бүрэн бус бөгөөд 1883 онд Намхай аваргыг орхиж Даншигт түрүүлсэн нь архив дахь наадмын оноо дансаар батлагддаг. Сонирхуулахад төрийн тахилгат Хан Хөхий нутгийн хүчтэн Ламжав арслангийн дөрөв дэх үеийн ач хүү нь “Монголын үнэн” сонины эрхлэгч Баасанжавын Ганболд юм.

1970-аад оны сүүлчээр “Бушхүүгийн үлгэр” кино гарлаа. Тэр кинонд Монгол Улсын манлай заан Д.Дол­горсүрэн гэрээ баглаж үүрээд, дээр нь ижийгээ суулгаад, яг л домогт өгүүлдэг Бунь аварга шиг явдаг билээ. Тэгсэн чинь хуучин Цэцэн сарт уулын хошууны хөгшчүүл “Манай хошууны Бунь авар­гын тухай кино бай­на. Харин Долгорсүрэн зааны цээжинд чоно гөлөг­лүүл­дэггүй нь жаахан тийм байна” гээд байсан гэсэн шүү.

Бунь аваргын төрсөн нутаг-Засагт хан аймгийн Цэцэн сарт уулын хошууны хилийн дээсийг эдүгээ­чилбэл, хамгийн урд талд “Эрдэнэт”-ийн Ш.От­гон­билэгийн мэндэлсэн Зав­хан аймгийн Дөрвөлжин сум, хамгийн зүүн талд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Бага­бан­дийн төрсөн Яруу сум, хам­гийн хойд талд түүний гэргий, экс Тэргүүн хатаг­тай А.Оюунбилэгийн мэн­дэлсэн Сантмаргац сум, хамгийн зүүн хойд талд анхны Ерөн­хийлөгч П.Очирбатын төр­сөн Түдэвтэй сум гээд цаа­шаа явна. Тойруулалгүй тодорхой хэлбэл тус хошууны нутагт одоогийн Завхан аймгийн Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргац, Сонгино, Ургамал, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан сум, Алдархаан сумын баруун их хэсэг, Түдэвтэй сумын баруун тал, Яруугийн баруун тал, Увс аймгийн Завхан сумын зүүн хэсэг орно.

 

ЦАГААН ХЭРЭМ

Бид, сансрын хөлгөөс эх дэлхийгээ харахад хайр­лах­гүй байхын аргагүй цэв цэнхэр капрон шиг сийм­гэр, бараг л халуун савны запаас шиг хэврэг, дээр нь бас юу ч вэ дээ, хүн тө­рөлх­төний бүтээн байгуу­лалтаас Хятадын Цагаан хэрэм хамгийн тод харагддаг гэж сонссон хүмүүс. Хэрвээ Хэн­тийн Дадал сумд 1962 онд босгосон Чингис хааны хөшөө, тийм гэж хэлэхийн аргагүй гэрлэн бүр­хүүлд орчихсон харагд­даг гэж дуулсан бол Ж.Гүр­рагчаа баатраас асуух байсан.

Тээр жил Америкийн Ерөнхийлөгч Р.Никсон Хятадын Цагаан хэрмэн дээр  очоод “Ийм бахархал болсон хэрмийг бай­гуул­сан ард түмэн аугаа их түүх­тэй байж таарна. Аугаа их түүхтэй ард түмэн аугаа их ирээдүйтэй байж таар­на” гэж хэл­­лээ. Дараа нь МСДН-ын дарга Бат-Эрдэ­нийн Батбаяр “Ийм бахар­хал болсон хэр­мийг бариу­лахад хүргэсэн ард түмэн мөн дутуугүй  аугаа их түүхтэй байж таарна” гэж өгүүлсэн байсан. Баабар Бат­бая­рын төрийн шаг­нал авсан “Монгол­чууд. Нүүдэл суудал” номын эхний хуудсанд байна уу, хоёр дахь хуудсанд бил үү сайн санахгүй байна, гай­хам­шигтай энэ хоёр “үг” бүр анхнаасаа байж, бас чимж байдаг.

Б.Батбаярыг Баабар болохоос нь өмнө зүс таньдаг, гэхдээ аавтай нь бүр илүү танил ойр дотно байсан. Т.Бат-Эр­дэнэ гуай Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат, сарлаг судлалаар олон улсад яригдсан, доктор цолтой эрдэмтэн байв шүү. Миний бие өөр нэг эрдэмт­нийг эчнээ таньдаг хүн­дэлдэг байв. Тэр хүн бол 1968 онд 10 мянган хувь хэвлүүлсэн “БНМАУ-ын түүхийн дээж бичиг” номдоо, хятад сурвалжаас дэндүү их иш баримт авсан гэд­гээр буруудаж, устгуулсан доктор Г.Сүхбаатар гуай. Тэрээр “Монголын эртний түүхэнд холбог­дох гол үнд­сэн мэдээ нь эртний Хята­дын түүх, гүн ухаан, утга зохиол, урлаг, хэл шинжлэл зэрэг олон салбар ухааны түм буман ном зо­хиол до­тор агуу­лагдсаар байна” гэж номоо шатаалгаад ч хашрахгүй бичсээр, хойч үедээ үнэнийг хэлсээр байсан юм.

Язгуур монголчуудын түүхийг долоогоос найман зуун жил урагш­луулсан, эрдэмтэн Г.Сүхбаатар тэр түм буман ном зохиол  до­тор морь уралдах, бөх ба­рилдах, сур харвах  та­­лаар юу гэж бичив гэж баахан шүүрдсэн байгаа юм.  Эрдэмтэн Г.Сүх­баа­та­рын олж үзсэнээр, Монгол эрийн гурван наа­дам нь эрт дээр цаг үед бөх барилдах, морь уралдах гэсэн хоёр төрөл байдгийг дурдсан, Монгол угсаатны бөх, бүр Хүннү нараас уламжлалтай гэж бич­сэн байгаа аж. Хамгийн сонир­холтой нь  Вэй улсын Лоян хотод очсон Их Нирун ул­сын эрдэмтэн хүний тухай Хятадын нэг дээрэнгүй түшмэлийн хэл­­сэн үг бай­на. Тэр түшмэл “Түүний мэд­дэг юм гэвэл бөх ба­рил­дах, морь харах л юм” гэж хэлжээ. Энэ үг төрийн хэрэг хэлэлцэж Их Нирун улсад очихдоо наадам үзэж, бөх барилдан морь уралдахыг харсан диплотмат элчийн яриа байх нь ойл­гомж­той. Тэгэхээр 330-555 оны үед мандаж бай­сан Их Нирун (Монгол) ул­сын үед тө­рийн наадам хийдэг байжээ гэсэн гар­гал­гаанд хүргэж байна.

Монгол угсаатны бөх Хүннү нараас уламжлалтай гэдгийн тухайд XX зуунд олдсон, улам баталгаа­жуулсан нотлох баримт бий. Үүнд Хятадын Сань­ши мужийн Ши ань Хешэн тосгоноос малтан гаргасан Хүн­нүгийн булшны хоёр гуулин пайзыг дурдаж болно. Түүнчлэн Өвөрмонголын Ордос нутгаас олдсон Хүн­нүгийн  үеийн хүрэл арлыг нэрлэж болно. Эдгээрт хав золгон барилдаж байгаа хоёр бөхийн сийлбэр байдаг.

 

НОМЫН РЕДАКТОР

Бидний хэдэн анд нийлж Монгол бөхийн холбогдолтой 90 гаруй хосгүй баримтаар ном гаргахаар сэтгэл шулуудлаа. Уг номд оруулах гэж байгаа материал бол үнэхээр тасархай. Эхнийх нь, 1924 онд Уул тайлгын наадамд зургаа давж улсын заан цол хүртсэн Өндөр Гонгорын залуу цагийн зураг. Оросын эрдэмтэн П.Коз­ловын 1923-1926 онд Ноён уулын Хүннүгийн булш ухаж судалсан эрдэм шинжилгээний ажлын тухай ”Дневники Монголо-Ти­бетс­кой экспидиций“ номд гарсан гэрэл зураг. Мөн П.К.Козловын гэр музейгаас Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун докторын авчирсан алдарт Вандан аваргын зураг.

Бичмэл материал нь, нас барсны дараа үзэхэд хавирга нь битүү байсан бөгөөд цээжинд нь чоно гөлөглөсөн, дараа нь зэргэлдээ хошууныхан бөхтэй болохын тулд шарилыг нь хулгайлсан 90 бөхийн намтар. Ёстой дэлхийн чихийг дэлдийлгэнэ дээ. Ингэж бодоход цээж огшоод ирж байна. “Эхээс мэндлэхдээ хавирга нь битүү байсан ерийн ерэн эр хүн хаана байж, зөвхөн Монголд. Нас барсан хүний цээжинд гүйж очоод гөлөг­лөсөн ерийн ерэн гичий чоно хаана байж вэ, зөвхөн Монголд. Эцэг өвгөдийнхөө унаган соёл уламжлалын төлөө шарил хулгай хийсэн засаг захиргааны, ерийн ерэн нэгж хаана байж вэ, зөвхөн Монголд” Бид энд хошуу нутгийг ярьж байна, бид энд хавар болгон ма­рал бугын халуун цус ууж ви­та­минждаг Бөртэ чонын удам мон­голчуудын тухай ярьж байна…

Эхлээд бид хэд номоо хянан тохиолдуулахаар эрдэмтэн зохиолч хэн гуайтай уулзлаа. Хадаг барилаа, архи гаргалаа. Сайх эрдэмтэн зохиолч уух бүү хэл, амсал­гүй өдий хүрсэн аж. Там­хил­лаа, огт татдаггүй юм байна. Айраг барилаа, багаасаа ууж сураагүй болохоор төдгүй гэнэ. Энэ эрхэмд асуудлаа танилцуулах дарааллаа нэгд, Өндөр Гонгор болон Вандан аваргын зураг, хоёрт 90 бөхийн намтар гэж тооцсон байсан юм. Хүн нь төвшин сайхан, яриа хөөрөөтэй, бидэнд чин сэтгэлээсээ тус болбол болчихоор хүн байна. Тэгэхээр нь хэлэлцэхээр оруулж байгаа хоёр асуудлынхаа байрыг сольж, 90 бөхийн намт­раас эхэллээ, алдарт Бунь авар­гын тухай  ярилаа. Эрдэмтэн зохиолч,

–Экс Ерөнхийлөгч Очирбат, Багабанди нарын сартуул нутагт бас, хүний цээжинд чоно гөлөглөж байж уу гэснээ,

–Бөх сонирхдог хүн болгон л, манай нутагт ийм алдартай бөх байсан, цээжинд нь чоно гөлөг­лөсөн, шарилыг нь хулгайд алд­санаас болоод одоо бөхгүй бол­чихлоо гээд халаглаад байх юм. Наадах чинь домог яриа байлгүй гэхээр их дургүй. Үнэн гэж зүтгэ­хийг яана. Тав зургаагаараа бэлт­рэг ордог хүний цээж гэж юу бай­хав, шарил бараадаж гөлөглөдөг чоно ч гэж хаана байхав. Хүүхэд залуучуудын хэлдгээр бол “ноү ариун цэвэрч” амьтан болох байлгүй. Уг нь ижил хийморьтойд нь харагдаж, илүү хийморьтойд нь алагддаг араатан гэл үү, зохиолчдоо гэж байна.

Уншигч та, нас барсны дараа цээжинд нь чоно гөлөглөсөн, шарил нь хулгайлагдсан 89 бө­хийн намтрыг цааш нь нэмж ярих гээд сууж байсан биднийг ямар байдалд орсныг төсөөл дөө. Эрдэмтэн зохиолчийн өрөө­нөөс яаж гарснаа одоо ч сана­даггүй юм.

Тэндээс гарангуутаа хэвлүүлэх но­мдоо гаргах гэж байсан 90 бөхийн намтраа бүгдийг урж хаялаа. Гэртээ давхиж ирээд дараагийн номд орох байсан 60 бөхийн намтар бүхий ноорог цаасыг устгалаа. Энэ 60 бол өнөөгийн Монгол Улсын хилийн дээсний цаана  Өвөрмонголын Альшаа, Хөхнуурын дээд монгол, Агын буриад, Шинжаан-Уйгарын газар шорооноо төрсөн гэдэг үндэслэлээр эхний номд орох жагсаалтаас түр хасагд­аж, хоёр дахид нь хэвлэгдэх бөхчүүдийн намтар байсан. Харин Өндөр Гонгор, Вандан аваргын зургаа ураагүй.

 

(PS: Нэрэлхээд яах вэ, чин үнэнийг хэлэхэд компьютерт хадгалагдаж байгаа 90+60 бөхийн намтрын файлаа  устгаагүй л байхгүй юу. Ердөө принтерээр бичгийн цаасан дээр гаргасан эх хувийг урж хаясан)