Шинэчлэгдээгүй гэрээтэй, хуульд захирагддаггүй “Улаанбаатар төмөр зам”

2019-05-15

Монголын төрийн өмчит компаниуд гэж задарсан хэдэн компани бий. Албан тушаал наймаалцсан, мөнгө угаасан, төрийн хөрөнгийг завшсан гээд хамаг муу бүхнийг хийдэг. Дээр нь байнга алдагдалтай ажилладаг. Үүний нэг нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг.

Улаанбаатар төмөр зам ХНН-ийг тойрсон хэл ам, хэрүүл маргаан бишгүй олон. Захирал Д.Жигжиднямаа төрийн хөрөнгийг хувьдаа завшсан гэх хэрэг олон жил үргэлжилж байна. Хуулийнхан байсхийгээд л тус нийгэмлэгт баривчилгаа хийдэг. Төрийн өмчийн вагон зарж хувь хүртдэг хардлагууд ч бий.

Ерөөсөө “Улаанбаатар төмөр зам” ХНН Монголын хуульд захирагддаггүй болохыг зарим хүмүүс хэлж байгаа юм. Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөж буй хууль тогтоомжид “Хувь нийлүүлсэн нийгэмлэг” гэх үг, үүний зохицуулалт байдаггүй гэж байна. Монголын газар нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит байгууллагын үйл ажиллагааг зохицуулах хууль эрх зүйн орчин байхгүй байгаа нь өөрөө том асуудал. Тиймээс энэ нийгэмлэгт гарсан зөрчил дутагдлыг засч залруулах боломжгүй.

Түүнээс гадна Улаанбаатар төмөр зам ХНН хотын яг тэг голд байрлалтай. Вагон үйлчилгээний хэсгээс гадна ашиглалтаас гарсан вагоны үзвэрүүдийг зам дагуу хэдэн арван метрээр байрлуулсан байдгийг хүн бүр мэднэ. Хотын төв хэсэг гэдэг өөрөө маш их ач холбогдолтой, эрэлттэй газар болсон билээ. Тэгвэл Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хотын төвд том хэмжээний газрыг үр ашиггүй мэдэлдээ байлгадгийг шүүмжлэх хүмүүс байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН Монгол, ОХУ-ын хамтын эзэмшил байгууллага юм. Тиймээс Оросын талыг харах шаардлага ч бий. Гэвч Монголын талаас ч санаачлага гаргаж засч, сайжруулах ёстой олон ажил хүлээгдэж байгааг энэ мэт жишээ харуулна. Түүгээр зогсохгүй Монгол, ОХУ-ын хоорондын гэрээ одоо хүртэл шинэчлэгдээгүй байдаг юм байна. Энэ талаар өнөөдөр хэн ч ярьж, хэлж шаардаж байгаа тохиолдол алга.

Монголын төр төрийн өмчит компаниудаа энэ мэтчлэн толгойг нь илсээр байвал үргүй зардал нэмэгдэж, татвар төлөгчдийн халаасыг улам тэмтэрсээр байх нь ээ.

Эх сурвалж: news1.mn Г.БАЛЖИННЯМ