Ц.Нямдоржийг л зайлуулбал бүх ноцтой хэргүүд дарагдана. Ямар гоё вэ?!

2019-05-14

Цаана чинь ямар аймшигтай юм болж байна гээ! УИХ–ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Цэндийн Нямдоржийг “авлах их аянд” гарцгаасан байна. Монголыг гучаад жил гадныхантай хамсан, тонон дээрэмдэж цөлмөсөн алуурчид, авилгачид, оффшорчид, орон шоронгийнхон, тэднээс их мөнгө лиценз аваад баяжчихсан МАНАН–мафийн гар хөл бологчид сайд Ц.Нямдоржийг ямар ч үнээр хамаагүй зайлуулах гэж үхэлдэн тэмцэж байгаа нь энэ. Хөөрхийдөө, Ц.Нямдорж гэдэг шударга сайд л эдэнд “замын бөглөө” болоод байгаа юм байх. Мафийнхны оролцсон, оройлж удирдсан 23 ноцтой хэргийг тэдний хамсаатан хуулийхан дарчихаад, заримыг төөрүүлчихээд байгаа.Одоо бүр, эхнээс нь хэрэгсэхгүй болгож эхэллээ.

С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллага, төр нийгмийн нэрт зүтгэлтэн О.Дашбалбар, Л.Энэбиш, Б. Дангаасүрэн… нарын арав гаруй хүнийг алсан, учир битүүлгээр үхэлд хүргэсэн хэргүүд, Оюу толгойн гэрээнүүдийг улсдаа ямарч ашиггүй, харин харийнханд ашигтай байдлаар хийж, хувьдаа баяжсан, тэр мөнгөө оффшор бүсүүдэд аваачиж нуусан ноцтой хэргүүд, Эрдэнэтийн 49;51 хувийн нууц хуйвалдаанаар хамсан идсэн хэргүүд, нас барсан 10000 хүнийг амьд болгон халамжийн мөнгийг нь хувааж авч байсан, түүнийг зохион байгуулалттай сүлжээ болгон удирдаж байсан хүмүүсийн хэрэг, Эрдэнэс Тавантолгойгоос 240 мянган тонн нүүрсийг хулгайгаар хил давуулсан хэрэг, 60 тэрбумын сүлжээг удирдан зохион байгуулж, төр засгийн эрхийг хууль бусаар булааж авсан хэрэг “Очир төв”-ийн гэхчлэн аймшигт аллага хүчирхийллүүд, “Худалдаа хөгжлийн” болон “Капитал” банкны олон тэрбумын хэргүүд, “Чингис”, “Самурай” бондуудын нэрийн доор 33.3 их наяд төгрөгийг зээлээр завшиж өршөөлийн хуулиар нууцалж дарсан хэргүүд, ЖДҮ болон бусад сангуудаас хуйвалдаж завшсан олон тэрбумын хэрэг… гэхчлэн 23 ноцтой хэргийн сэжүүрээс барьж аван шалгаж эхлэтэл Ц.Нямдоржийг “авлах аян” эхлэх нь тэр. Үүнийг хэн удирдаж, зохион байгуулж байгааг манай ард түмэн төвөггүйхэн мэдэж байгаа. Ардчилсан намын удирдлага, ард нь мафийн огцорсон толгойлогчид сууж байгаа. Үүний баталгаа бол Ардчилсан нам задарч, шинэардчиллынхан тусдаа нам байгуулж, хуучин АН–аас өдөрт л олон хүн гарснаа мэдэгдэж байгаа явдал. Ц.Нямдоржийг “авлах аян”-д зарим нам бүлэглэлээс гадна, суудалгүй хоцорчихоод гомдож горойсон хэдэн хуульчинцар энэ аяныг турхирч байгаа нь нууц биш.

Шудрага үнэний төлөө, тэр дундаа С.Зориг агсны хэргийг баримтаар илрүүлж, жинхэнэ захиалагчид алуурчдыг хуулийн өмнө бөхийлгөх гэсэн Ц.Нямдоржийг харлуулах бүхий л нууц хуйвалдааныг АН удирдаж байгаа. Тэд, хүний санаанд оромгүй бузар гүтгэлэг, нууц хуйвалдаан зохион байгуулаад ч ард түмнийг итгүүлж чадахаа өнгөрч. “Ноцтой мэдээ” сониныг ашиглан, дан Ц.Нямдоржийг гүтгэж доромжилсон 12 нүүр “хар сонин” гаргахаасаа ч ичсэнгүй. Түүний  нь хүмүүс уншилгүй ураад хаяж байна билээ. Сая төгрөг хүртэл их мөнгө амлаж Д.Сүхбаатарын талбайд жирийн иргэдийг цуглуулаад, мөнгө ч өгөлгүй хулхидаж тараах нь тэр.400 хүн оролцсон юм уу, үгүй юу, тэр цуглаанаа 40000 хүн оролцсон гэж худал мэдээлэн олон түмний шившиг болох нь тэр. Ц.Нямдоржийг авлах аян ийнхүү үргэлжилж байгаа юм. Түүнийг хичнээн харлуулах гээд “хар будаг”тогтохгүй л дээ. Тэр чинь Монголд бугшсан мафийн сүлжээтэй эхнээсээ тэмцэж “Центрпойнт”-ын гэхчлэн аймшигт сүлжээнүүдийг тас цохин, амь хайргүй тэмцэж байсныг нь ард түмэн мэднэ.

Хонзогногчид, түүнийг “орондоо хууль зассан” хэмээн гүтгэж УИХ–ын даргын суудлаас нь зайлуулж байж билээ. Тэр бол, УИХ–д оруулж ирсэн “Солиотой хүний өдрийн тэмдэглэл” шиг хуулинцаруудыг мэргэжлийн үүднээс засчихдаг л байсан хүн. Өнөөдөр хонзогногчид яг тэр операцаа хэрэгжүүлж эхлэлээ. Улсын нууц задруулсан хэргээр ял эдлэж, сүүлд Ц.Нямдоржийн буянаар ялын хугацаа дуусгалгүй суллагдаж байсан генерал Баатараас эхлээд олон олон хонзогногчид “Ц.Нямдоржийг авлах аян”-ны тэргүүн эгнээнд “туг дарцаг” нь болон намширч явдаг харахад юу ч гэмээр юм дээ?!

МАНАН мафийнхан, тэдний гар хөл болсон зусарч бялдуучид “Ц.Нямдоржийг л зайлуулбал бүх ноцтой хэргүүд дарагдана. Ямар гоё?!” хэмээн хашгиралдаж явна. Бүү оодор. Цаг хугацаа харуулна аа.