Сэтгүүлчид дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ?

2019-05-14

АНУ-ын анхны сонин гэгдэх “The Boston News Letter” 1704 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр анх хэвлэгдсэнээс хойш сэтгүүл зүй америкчуудын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Цаг хугацааны явцад Америкийн сэтгүүл зүйн өнгө төрх маш их өөрчлөгдөж ирснийг дурдах юун.

Сонин сэтгүүлээс авахуулаад радио, өргөн нэвтрүүлгийн телевизийн сүлжээ, 24 цагийн мэдээ дамжуулдаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүртэл өнгө төрхөө өөрчлөн, дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн шинэ, сүүлийн үеийн үйл явдлын тухай мэдээ дамжуулж байна. Сэтгүүл зүй, бодит мэдээлэлд хязгааргүй үнэнч хүн төрөлхтөн өнөөдөр олон нийтийг мэдээллээр хангах, сонгогчдын боловсролын дээшлүүлэх үүрэгтэй сэтгүүл зүйд итгэх итгэл нь алдарч буй нь харамсалтай. Тиймээс дэлхийг сайн тал руу өөрчилсөн сэтгүүлчдийн гавьяаг эргэн сануулахыг хүслээ.

 

ПАНАМЫН БАРИМТ

Энэ бол сэтгүүл зүй бол олон нийтэд үйлчилдэг дөрөв дэх засаглал гэдгийг нотолсон сонгодог жишээ юм. Хэдийгээр дэлхийн тэргүүнүүд, улстөрчид болон алдартнууд шуугиан дэгдээсэн эдгээр баримтуудыг үл тоомсорлон, нүдээ аньж хүлээн авсан ч Германы “Suddeutsche Zeitung” тэргүүтэй сэтгүүлчдийн баг зориг гаргаж, том нууцыг олон түмэнд дэлгэсэн. Панамын баримтуудыг Панам улсын “Mossack Fonseca” хуулийн фирмд ажиллаж байсан нэгэн ажилтан нь задалсан. Энэхүү фирм кино одод, төрийн өндөр албан тушаалтнууд зэрэг чинээлэг эрхмүүдэд санхүүгийн мэдээллээ нууцлах боломж олгодог байжээ. Оффшор бизнесийг дэлхий дахинд хууль бус гэж үндсэндээ үздэг ч “Mossack Fonseca” гэх цаасан дээрх компанийг луйвар хийх, төрийн эрх мэдлийг хувийн эрх ашигтаа ашиглах, татвараас зайлсхийх зорилгоор ашигладаг байв. Мөрдөн шалгах явц анхан шатандаа явж байгаа учир энэ том нууцыг дэлгэсэн гавьяаг бодитоор хэмжих боломжгүй байгаа хэдий ч Панамын баримтууд баялгийн тэгш бус хуваарилалтын асуудлыг ил гаргах нь тодорхой болоод байна.

 

УОТЕРГЕЙТИЙН ТУХАЙ МЭДЭЭ

Сэтгүүл зүйн түүхэн дэх хамгийн алдартай сурвалжилгын нэг. 1972 онд “Вашингтон пост” сонины хоёр сэтгүүлч Боб Вудворд, Карл Бернстайн нар Вашингтоны Уотергейт цогцолбор дахь тухайн үеийн АНУ-ын Ардчилсан намын удирдах байгууллага байсан Ардчилсан үндэсний хорооны төв байранд таван этгээд нууцаар нэвтэрч, чагнах төхөөрөмж суурилуулсан гэх үйл явдлыг анх мэдээлсэн. Вудворд, Бернстайн нарын шуугиан тарьсан Уотергейтийн хэргийн талаарх сурвалжлаг энэхүү хэргийг АНУ-ын Конгрессоор шалгуулах, улмаар Никсоныг ерөнхийлөгчийн албан тушаалаас нь огцруулахад хүргэсэн билээ. АНУ-д ерөнхийлөгчийг амьд ахуйд нь албан тушаалаас нь огцруулж байсан тохиолдол үүнээс өмнө ч, хойно ч дахин гараагүй.

1972 оны зургаадугаар сарын 17-ны өдөр буюу Бүгд Найрамдах намаас дэвшигч Ричард Никсон хоёр дахь удаагаа сонгогдсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болохоос дөрвөн сарын өмнө Ардчилсан намаас нэр дэвшигч Жорж Макговерны сонгуулийн штабт /Уоторгейт цогцолборт байрлаж байсан/ нууцаар нэвтэрсэн таван хүнийг баривчилсан хэрэг гарсан. Эдгээр таван этгээд чагнах төхөөрөмж байрлуулж, зарим мэдээллээр ардчилсан намын баримт бичгүүдийн гэрэл зургийг авч байсан аж. Энэ хэрэгт Никсоны засаг захиргаа холбоотой байсан эсэхийг өнөө хэр нотолж чадаагүй ч Никсонд ардчилсан намынхны хэлэлцээ хийж буй нууц бичлэг үнэхээр байсан нь тогтоогдсон байдаг.

Энэ хэрэг явдлын талаарх сурвалжилга сүүлд Роберт Редфорд, Дастин Хоффманы тоглосон “All the President’s Men” кино болж түүхэнд тэмдэглэгдсэн билээ.

 

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АГЕНТЛАГИЙН ТАГНАХ АЖИЛЛАГАА

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг алан хядагчид болон нийгэмд аюул учруулж болзошгүй гэх хүмүүсийг тагнан, мөрддөг байсан нь нууц биш.  Гэвч тус агентлаг албан ёсны зөвшөөрөлгүйгээр шуудангийн ажилтан, дунд сургуулийн багш, банкны ажилтнуудыг тагнан, мөрдөж байсан тухай мэдээ 2013 онд томоохон шуугиан тарьсан билээ. Энэхүү мэдээллийг дэлхий дахинаа алдаршаад байгаа шүгэл үлээгч Эдвард Сноуден “The Washington Post” болон Британийн “The Guardian” сонины сурвалжлагч нарт өгсөн аж. Энэ мэдээллийн мөрөөр “The Washington Post”  сонины сурвалжлагч Бартон Геллман, “The Guardian” сонины Гленн Гринвальд нар эрэн сурвалжилж мөн Сноуден хэн болох нь мэдэгдсэнээр энэ асуудал хожим нь үндэсний хэмжээний асуудал болжээ. Үндэсний аюулгүй байдлын агентлаг хувь хүмүүсийг төдийгүй тухайн үеийн Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы канцлер Ангела Меркел зэрэг бусад улс орны өндөр албан тушаалтнуудыг тагнаж, чагнадаг байсан нь ил болсон.

Энэхүү сурвалжлага олон нийт утсаар ярьсан яриа болон интернетэд бичсэн захидал зэрэг хувийн нууц гэх зүйл ямар ч баталгаагүй болохыг олон нийтэд сануулсан хэрэг болсон юм.

 

ВЬЕТНАМЫН СУРВАЛЖИЛГА

Вьетнамын дайн бол АНУ-ын түүхэн дэх хамгийн том гамшиг болсон гэдгийг хэн хүнгүй мэднэ. Домогт телевизийн сурвалжлагч, тухайн үед  CBS оройн мэдээний хөтөлбөрийн нэвтрүүлэгч Уолтер Кронкайт 1968 оны хоёрдугаар сард Вьетнамд очиж, энэ дайнд Америк ялалт байгуулж чадахгүй гэдгийг нотолсон эрэн сурвалжилга хийсэн байна.

“Вьетнамаас сурвалжилж байна: Хэн, Юу, Хэзээ, Хаана, Яагаад” нэртэй хагас цагийн нэвтрүүлгээр Вьетнамын дайны тухай баримтуудыг дэлгэж, энэ дайнд АНУ ялж чадахгүй гэж дүгнэсний дараа Кронкайт юу үзсэнээ болон Вьетнам дахь АНУ-ын цэргийн командлагч генерал Крейгтон Абрамс Кронкайтад юу ярьж байсныг харьцуулснаар нэвтрүүлгээ төгсгөжээ.

Өөрийн тайлбартаа Кронкайт “Өнөөдөр Вьетнам дахь цуст дайн мухардалд орсноор төгсөх нь хэзээ хэзээнээс илүү тодорхой болж байна” гэж онцолжээ. АНУ-ын ерөнхийлөгч Линдон Жонсон түүнийг “Кронкайтыг алдвал, Америкийн талыг алдах болно” гэж хэлж байсан гэдэг.

Кронкайтын энэхүү сурвалжилга Америкийн ард түмний байр суурь, ойлголтыг өөрчилж, улмаар Вьетнам дахь цуст дайныг төгсгөх шийдвэр гаргахад нөлөөлсөн билээ.

 

КОНТРА БҮЛЭГЛЭЛИЙН НУУЦ

АНУ-ын ерөнхийлөгч асан Роналд Рейганы засаг захиргаа Никарагуагийн барууны үзэлтэй Контра бүлэглэлийг нууцаар дэмжиж байсныг 1986 онд Associated Press агентлаг Цагаан ордон Контра бүлэгт хууль бусаар дэмжлэг үзүүлдэг байсныг илчилсэн цуврал материалуудыг нийлснээр илчилжээ. Контра нь АНУ-ын Тагнуулын төв газраас байгуулж, санхүүжүүлж, удирдаж байсан босогчдын бүлгүүд бөгөөд Никарагуагийн зүүний үзэлтэй, ардчилсан замаар сонгогдсон Сандинистагийн засгийн газрыг унагах дайны үеэр олон мянган энгийн иргэнийг хөнөөсөн аж. 1986 оны аравдугаар сард Сандинистын хүчнийхний буудаж унагасан Тагнуулын төв газрын онгоцноос олдсон баримтыг шалгаж, холбогдох хүмүүстэй олон арван ярилцлага хийсний дүнд Associated Press агентлагийн сурвалжлагч Роберт Пэрри Рейганы засаг захиргаа хууль бусаар Иранд зэвсэг нийлүүлснээс олсон орлогын тодорхой хувийг Контра бүлгийг санхүүжүүлэхэд зориулдаг байсныг илчилснээр Иран-Контрагийн шуугиан дэгдэж байсан түүхтэй. Тэрбээр мөн 1980-аад онд АНУ-ын Тагнуулын төв агентлаг Контра бүлэг АНУ-д хууль бусаар хар тамхи нийлүүлдэг байсан хэрэгт холбоотой болохын илчилж байжээ.

 

БАРЬЦААНЫ ХҮНИЙГ ЗЭВСГЭЭР СОЛИХ ИРАНЫ ГЭРЭЭ

Associated Press агентлагийн Контратай холбоотой шуугиан дэгдээсэн мэдээлэл гарснаас хойш хэдхэн хоногийн дараа Иран-Контрагийн хэргийн “Иран” тал гэх тодотголтой мэдээллийг Ливаны “Ash Shirra” долоо хоног тутмын сонин олон нийтэд дэлгэж шуугиан тарилаа. Энэхүү мэдээлэлд АНУ Иранд нууцаар зэвсэг борлуулж, оронд нь барьцаанд буй АНУ-ын иргэдийг суллах ажиллагаа явуулж байсан баримтыг дэлгэсэн байна.

АНУ-ын тэр үеийн ерөнхийлөгч Роналд Рейган энэхүү мэдээллийг эрс няцааж, Цагаан ордноос явуулж буй “гэмгүй” дипломат хүчин зүтгэлийг гутаалаа хэмээн хэвлэл рүү дайрч байжээ. Гэсэн хэдий ч АНУ-ын хэсэг сэтгүүлчид, тэр дундаа “Washington Post” сонины сурвалжлагч Дэвид Хоффман Цагаан Ордон Иранд зэвсэг нийлүүлж, олсон ашгаараа Контра бүлгүүдийг санхүүжүүлж байсан нотлох баримтыг олж, дэлгэжээ. Иран-Контрагийн хэрэг Роналд Рейган ерөнхийлөгчийн үед шуугиан дэгдээж байсан олон хэргүүдийн хамгийн томд тооцогддог бөгөөд энэ хэрэгт олон тооны хүн холбогдож, есөн хүн ял авч байжээ.

Эх сурвалж: zindaa.mn