“Эмээлт”-д хуримтлагдсан адууны ширийг борлуулахаар боллоо

2019-05-13

“Эмээлт” захад хуримтлагдаад байгаа боловсруулаагүй адууны ширний стандартад нийцсэн хэсэг, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн хэрэгцээг хангах хэмжээнд худалдан борлуулахыг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.

Харин стандарт хангаагүй ширийг Хөдөө аж ахуйн биржээр бүртгэлжүүлэн дэл сүүлгүйгээр арилжаалах боломжтой аж.

Өнөөдрийн байдлаар “Эмээлт” захад 600 мянган ширхэг адууны шир хуримтлагджээ. Энэ нь дотоодын үйлдвэрүүд гар аргаар төхөөрөх үед гарсан эсгэлтийн гэмтэлтэй шир авдаггүй, механик гэмтэлтэй ширийг үйлдвэрийн аргаар боловсруулах технологи дутмаг зэрэгтэй холбоотой юм.

Ширийг экспортод гаргавал  дэл, сүүлтэй нэг ширний үнэ одоо байгаа 10-12 мянган төгрөгнөөс 45-50 мянга болж өсөх боломжтой гэж тооцоолж албаныхан байна. Малын түүхий эд экспортлогчдын холбоо боловсруулаагүй, бэлэн байгаа адууны ширийг экспортод гаргах хүсэлтээ сүүлийн хоёр жил дараалан ХХААХҮЯ-нд ирүүлжээ.  Манай улс жилд 300-350 мянган адууны шир бэлддэг бөгөөд 30-40 мянган ширээр төрөл бүрийн гутал үйлдвэрлэдэг байна.