Европын цомуудын финалд зөвхөн Английн багууд тоглоно

2019-05-10

Хөлбөмбөгийн Евролигийн шигшээ тоглолтод (финал) Английн “Арсенал”, “Челси” баг шалгарч, аваргын Цомын төлөө өрсөлдөх боллоо. Финалын тоглолт Азербайжаны нийслэл Баку хотын  Олимпийн стадионд энэ тавдугаар сарын 30-ны пүрэв гарагийн үүрээр 02.00 цагаас эхэлнэ. Лондоны “Арсенал” баг Евролигийн хагас шигшээгийн хариу тоглолтод өчигдөр Испанийн “Валенси”-г талбайд нь 4:2-оор буулган авав. Эхний тоглолтод “Арсенал”-ын “их буучид” талбайдаа 3:1-ээр хожсон.

Английн нийслэл Лондон хотын өөр нэг баг “Челси” нь Германы “Айнтрахт” багийг хагас шигшээд буулган авав. Хагас шигшээгийн эхний тоглолтод Германд зочлон 1:1-ээр тэнцсэн “Челси” өчигдөр талбайдаа хийсэн хариу тоглолтын үндсэн цагийн 90, шүүгчийн мэдлийн 30, нийт 120 минутад хожиж чадалгүй дахин 1:1-ээр тэнцсэн. Ялагчийг торгуулийн цохилтоор тодрууллаа. “Челси” өрсөлдөгч “Айнтрахт”-ыг 4:3-аар хожиж финалд шалгарлаа. Ийнхүү Евролигийн аваргын төлөө Английн хоёр баг өрсөлдөх болов. Дашрамд дурдахад, Аваргуудын лигийн финалд мөн л Английн хоёр баг – алдарт “Ливерпүүл”, Лондоны “Тоттенхэм” шалгарсан билээ. Энэ финалын тоглолт зургадугаар сарын 2-ны ням гарагийн үүрээр 01.00 цагт Испанийн Мадрид хотын “Атлетик М” багийн шинэ цэнгэлдэхэд эхэлнэ. Хөлбөмбөгийн клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн – Аваргуудын лиг, Евролигийн финалд анх удаа Английн дөрвөн баг шалгарсан онцлог үйл явдал энэ удаа тохиож байна.