“Цовдлогдсон эх” рүү үл бүтэх этгээдүүд тос цацжээ

2019-05-07

Германы Берлин хотноо үл бүтэх этгээдүүд Трептийн цэцэрлэгт хүрээлэн дэх дурсгалын цогцолборын “Цовдлогдсон эх” хөшөө рүү машины масло цацаж доромжиллоо. Өнгөрсөн амралтын бямба гарагт болсон энэ үйл явдал нь удахгүй тавдугаар сарын 9-нд тохиох Дэлхийн II дайнд Гитлерийн фашист армийг бутцохисны Ялалтын баярын 74 жилийн ойн өмнө болсноороо олон улсад шуугиан тарьж олны эгдүүцлийг хүргэв.

Арванхоёр метр өндөр, 40 тонн уг хүрэл хөшөөг Берлинийг чөлөөлөх тулалдаанд амь эрсэдсэн Зөвлөлтийн долоон мянга хоёр зуун дайчдын дурсгалд зориулан 1949 оны тавдугаар сард босгосон аж. Цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнууд хүрэл хөшөө рүү цацсан тосыг ням гарагт арилгаж цэвэрлэсэн байна.