Д.Энхбат агсны хүүхдүүд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хандлаа

2019-05-07

Б.ДАМДИН-ОЧИР

ТЕГ-ын дарга асан Б.Хурц 2003 онд тагнуулын ажилтан байхдаа Д.Энхбатыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Франц улсаас “хулгайлан” авчирсан. Улмаар Д.Энхбат 2006 онд нас барсан юм.

Д.Энхбатын хүү Золбоо, Золбообаяр нар  Герман улсад амьдардаг байна. Тэд 2011 онд УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хандаж Эцгийнхээ нэр төрийг сэрггээх тухай хүсэлт гаргаж байсан. Гэвч “…ТЕГ-т шилжүүллээ” хариуг тэдэнд хүргүүлээд таг чиг болсон байдаг.

Тэгвэл Э.Золбоо, Э.Золбообаяр нар 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд дахин өргөдөл гаргажээ.

Тэд өргөдөлдөө “…Аавыг минь хулгайлж хууль бусаар олон улсын хил давуулж Монгол Улсад авчран эрүүдэн шүүж, амь насыг нь хохироосон хэргийг гардан гүйцэтгэсэн Б.Хурц гэх хүнийг Англи улсын шоронгоос ХБНГУ-д шилжин шалгагдаж байх үед нь суллуулж, эх нутаг Монголд ирэнгүүт нь АТГ-ын дэд дарга зэрэг өндөр албан тушаалд томилон, генерал цолоор шагнаж, улс төрийн өрсөлдөгчдийг намнах, тагнах, шалгах, энгийн ирэгдийг хилс хэрэгт холбогдуулан яллах, монгол хүний удам судар нэр хүндээр наадаж байдаг эрх мэдэл бүхий бүлэглэл, улстөрчдийн бий болгосон “Харгислалын хонгил” эхнээсээ илэрч байгаа энэ цаг үед тодорхой хариу, шийдэл хүлээн авна гэсэн итгэлээр Б.Жаргалсайхан танд хандаж байна.

…Бид Эрхэм Ерөнхий прокурор танд болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайд, УИХ-ын С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг нягтлах Түр хорооны гишүүдэд, Хууль зүйн байнгын хороо, мөн ОУПХ, ХБНГУ-ын холбогдох байгууллага, НҮБ-ын Хүний эрхийн хороонд тус тус өргөдөл өгч байгаагаа уламжилж байна” гэжээ. Мөн “…Жич: 2011 онд Монгол Улсын эрх баригчдад илгээсэн өргөдлийг хавсаргав” гэсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин