Акихито өнөөдөр бууж, Нарухито маргааш 126 дахь эзэн хаан болно

2019-04-30

Японы 125 дахь эзэн хаан, өдгөө 85-тай Акихито дөрөвдүгээр сарын 30-ны энэ өдөр албан ёсоор ширээнээсээ бууна. Харин маргааш тавдугаар сарын 1-нд түүний хүү, үе залгамжилсан хунтайж Нарухитог Японы хаан ширээнд залах ёслол болно. Шинээр эзэн хаан болсныг зарлах үеэр Нарухитогийн суух “Такамикура” ширээ нь 6,5 метр өндөр, алтдаж чимэглэсэн өвөрмөц хийцтэй. Ийм загварын ширээг шинээр Японы хаан болох ёслолын үеэр хэрэглэдэг уламжлал нь VIII зуунаас улбаатай. Түрүү түрүүчийн “Такамикура” ширээ нь элэгдэж хуучирсан учраас одоогийнхыг нь 1915 онд Нарухитогийн элэнц өвөг Тайшог хаан ширээнд залахад зориулан шинээр хийжээ. Улмаар энэ ширээг Нарухитогийн өвөг эцэг Хирохитог 1926 онд, эцэг Акихитог 1989 онд хаанд өргөмжлөхөд хэрэглэж байсан. “Такамикура” ширээг зөвхөн Японы шинэ эзэн хааныг албан ёсоор зарлах үед бэлгэдлийн хэлбэрээр ашигладаг бөгөөд бусад цагт тус улсын эртний нийслэл (794-1868 он) Киотогийн ордонд чандлан хадгалж байдаг.

Танд сонирхуулахад, маргааш Японы 126 дахь эзэн хаанаар өргөмжлөгдөх хунтайж Нарухито нь 47-той залуухан байхдаа 2007 оны зургадугаар сард манай улсад зочилсон. Тэрбээр Японд сууж байсан Элчин сайд, дипломатч Р.Жигжидийн зохицуулалтаар Архангайн Хотонт сумын нутаг Орхоны хөндийд морилон саатаж, эртний Уйгарын хаант улсын нийслэл Орду Балык буюу нутгийнхны нэрлэдгээр Хар балгасны туурь, тус нийслэл хотын хамгаалалтын харуулын цонжны үлдэгдэл, түрэг бичээс бүхий гэрэлт хөшөөний янгирын дүрст тамга, бусад үсэг, зурлагыг сонирхон үзэж гэрэл зургийн хальснаа буулган авчээ. Хунтайж Нарухито тухайн үед өөрийг нь машид хүндэтгэн, Хар балгасны гэрэлт хөшөөний өмнөх тэгш газарт тусгайлан монгол гэр майхан барьж хүлээн авч дайлж цайлсан Хотонт сумынханд баярлаж явдгаа нэг биш удаа ярьсан байдаг.

Эх сурвалж: aguulga.mn