Хөшөөтийг хөнөөсөн У.Барсболдтой хуулийнхан хэзээ уулзах вэ!

2019-04-16

Манай сайт өнгөрсөн өдрүүдэд Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутагт байрлах  Хөшөөтийн нүүрсний ордын талаар  цуврал нийтлэл хүргэсээр байгаа. Мэдээж уг нийтлэлийг баримттайгаар олон нийтэд хүргэхий тулд нутгийн иргэд бидэнд нийтлэлд дурдагдах бодит мэдээллийг өгч хамтран ажиллаж буй билээ. Учир нь нутгийн зон олон “Шударга ёс, хууль эрх зүйт байдал эргэн сэргэж байгаа энэ цаг үед алдагдасан Хөшөөтын ордын асуудал яахын аргагүй хөндөгдөх сэдвийн нэг учраас бид нутаг орныхоо төлөө тэмцэх болно” хэмээсэн юм.

Тус ордыг Монгол Улсын ашигт малтмалын стратегийн ордод хамааруулах асуудал хоёроос, гурван удаа хөндөгдөж, УИХ, Засгийн газрын хэмжээнд ажлын хэсэг байгуулагдсан ч асуудал шийдэгдэхгүй сунжирсаар цагтаа цалгиж, гулгиж явсан сайд асан У.Барсболд гэдэг хүний хүслээр шийдэгдсэн байдаг. Үүний цаана хууль бус олон үйл ажиллагаа, асар их мөнгө, авилгал байж болзошгүйг тухайн үед хэвлэлүүд  баримттайгаар мэдээлж байсан ч Хөшөөтөд хайр зарласан эрхмүүд асуудлыг хав даран өнгөрч байсан удаатай.

Түүнээс гадна тус ордын нөөцийг хуурамчаар тогтоож стратегийн ордод хамруулаагүй  нь тодорхой байдаг. Энэ нь өөрөө төрийг хуурсан, хууль бус үйл ажиллагаа гэж ч үзэж болно. Тухайн үед тус ордыг 89 сая тонны нөөцтэй ч ашиггүй гэсэн мэдээлэл хэнд ашигтай байсан гэдэг нь өнөөдрийн өндөрлөгөөс харахад ил байна. Уг орд нь Тавантолгойн нүүрсний ордоос дутуугүй нөөцтэй, ашигтай гэдгийг өдгөө хаана, хаанаа хүлээн зөвшөөрөөд байна. Тухайн үеийн эрх мэдэл бүхий сайд, дарга нар тус ордыг төрийн мэдлээс гаргаж, хууль бус дүгнэлт үйлдүүлж, нөөцийг хуурамчаар тогтоосон нь  тэднийг  мэдээлэлд ойр байдлаа ашиглаж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл нь яалт ч үгүй  хариуцлага тооцох хангалттай шалтгаан болно. Мэдээж энэхүү шийдвэрийг гаргасан, гаргалцахад нөлөөлсөн эрхмүүд өнөөдөр Монголын толгой баячуудын эгнээнд бичигдэж хэдэн үеэрээ идэж барахгүй их хөрөнгийг Хөшөөтөөс босгосон гэсэн үг. Тэдний нэг нь мэдээж сайд асан У.Барсболд. 

Тиймээс  Хөшөөтийг там болгосон эрхмүүдийг өнөөдөр шүүн хэлэлцэхэд  албан  тушаал эрх мэдлээ ашиглан стратегийн ач холбогдол бүхий ордыг гадны иргэнд хууль бусаар зарсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэхэд хүргэж байна. Хөшөөтийн нүүрсний ордын баялагаас зөвхөн Ховд төдийгүй нийт Монголчууд  ашиг хүртэх ёстой. Энэ нь Үндсэн хуульд заасан газрын хэвлийн баялаг нийт ард түмний өмч гэдэг заалт хэрэгжих үндэслэл болох юм.

Уг нь орон нутгийн иргэдийн зүгээс байгаль орчинд сөрөг нөлөөтэй гэж үзэж, тэмцсэн ч, шүүх байгууллага хүртэл У.Барсболд гэдэг хүнд үйлчилсэн байдаг. Үүнийг бид өмнө нь баримтатайгаар хүргэсэн билээ. Энэхүү Хөшөөтийн нүүрсний уурхай, ордын тухай асуудал нь баруун бүсийн хувьд стратегийн ач холбогдол бүхий орд төдийгүй Монгол Улсын эхний тавд орох том орд гэдгийг ч хэлэх ёстой.

Өөрөөр хэлбэл Оюутолгойтой холбоотой Дубайн гэрээ, Эрдэнэтийн 49 хувийн асуудал, Тавантолгойн ордыг тойрсон маргаан ч энэхүү Хөшөөтийн ордын луйврын дэргэд жижигдэнэ. Үнэндээ энэ бүх луйврын эхлэл Хөшөөтийн ордоос эхэлсэн бөгөөд эндээс эхлэн Монголын бүх баялагийг дээрэмдэж болно гэсэн гаргалгаа бий болсон байдаг.

Төдр үүссэн буглаа, луйвар бүхнийг шахан зайлуулья гэвэл орд бүхний хувь заяа хэний гараар хаашаа зарагдсаныг олж тогтоохоос эхлэх ёстой. Шударга байя  гэвэл шударга бусын хонгил эхэлсэн тэр газраас эхэлж бүхнийг цэвэрлэх ёстой. Инээсэн бүхэн нөхөр биш. Монголын төрд инээж ирээд хамаг өрмийг нь хамаад явсан хүмүүсийг шударга шүүхийн өмнө дуудах цаг болсон. Тэр бүхний тэргүүн эгнээнд Хөшөөтөөр хөрөнгөжсөн У.Барсболдыг хуулийнхан хамгийн түрүүнд дуудах ёстой болов уу.

Эх сурвалж: http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=19997&fbclid=IwAR3qYVVEAOEpXV_ZjduWL6vvgcNqEfAKgSPHdgOtyMXjkS0Qbz4zKPOLH4k