Сансарт бурхантай тааралдав уу

2019-04-12

 

Сансарт хүн ниссэний 58 жилийн ойд

1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд хүн сансарт анх ниссэн нь манай гарагийн соёл иргэншлийн түүхэн дэх “хамгийн хамгийн бас дахин хамгийн” гэсэн тодотголтой үйл явдал. Хүн төрөлхтөний хэдэн зуун мянган жилээр хүсэн мөрөөдөж байсан хүсэл биелсэн гэхээсээ илүүтэйгээр дэлхийн шинжлэх ухааны төвшний “хөндлөвч мод”-ыг маш өндөрт тавьсан хэрэг. Оюун ухаант хоме сапиенсаас сансрыг эзэмших эрин эхэлснийг зарласан алхам байв.

*               *                 *

Сансрын нисэгч Ю.Гагарины түүхэн нислэгийн протоколоос танилцуулъя.

 

— 09:07 цаг. Олон улсын сансрын нислэгийн буудал “Байконур”-аас “Восток” хөлөг хөөргөлөө. Гагарин “За, явлаа” гэж хашгирлаа. 10-аад минутын дараахнаас “Восток” хөлөг сансрын тойрог замд, эх дэлхийгээсээ 175-302 км-ийн зайтай, 65.4 градусын налуу өнцгөөр чөлөөтэй нисч байна.

— 09:52 цаг.. Өмнөд Америкийн дээгүүр нисч өнгөрөхдөө Гагарин “Нислэг хэвийн үргэлжилж байна. Сэтгэл санаа өөдрөг байна” гэж илтгэлээ.

— 10:15 цаг.. Африк тив дээгүүр нисч өнгөрөхдөө Гагарин “Нислэг хэвийн үргэлжилж байна. Жингүйдэлтийг сайн давж байна” гэж мэдээллээ.

— 10:26 цаг.. Дэлхийг бүтэн тойрч нислээ. Хөлгийн тооромсогийн төхөөрөмжийг ажиллуулж тойрог замаасаа гарч эх дэлхийдээ буухаар доошилж эхэллээ.

— 10:44 цаг.. Гагарин хөлгийн бүхээгээс гарч зориулалтын тусгай шүхрээ задаллаа (Олон жилийн турш бүхээгтэйгээ газардсан гэсэн буруу ойлголт байсан)

— 10:55 цаг.. Сансрын тойрог замаар “Восток” хөлгөөр 108 минут нисч эх дэлхийгээ тойрсон Гагарин Саратовын ойролцоо газардлаа.

*               *                 *

Сансрын анхны нисэгч Юрий Гагарин нь манай хойд хөрш Зөвлөлт Холбоот Улсын Смоленск мужийн Гжатид 1934 оны гуравдугаар сарын 9-нд төрсөн. 1957 онд Зөвлөлтийн агаарын хүчний цэргийн сургуулийг төгссөн. Тэрбээр сансарт нисэхдээ 27-тай байсан бөгөөд дахиж нисээгүй, харин сансрын дараагийн нисэгчдийг бэлтгэж байв. Ю.Гагарин дөнгөж 34 настайдаа 1968 онд сургалтын нислэгийн үеэр учир битүүлэг шалтгаанаар онгоц нь дэлбэрэхэд амиа алдсан юм.
Үнэн алдартны шашинтай хэдий ч тухайн үеийн шаардлагаар үүнийгээ бусдаас нуухаас аргагүй нөхцөлд байсан Ю.Гагарин энэ сэдвээр бодит үнэн, онигоо хоёрын дундуур хэрхэн өгүүлснийг уншигчдадаа сонирхуулъя. Агуулга нь иймэрхүү:

Юрий Гагарин сансарт ниссэний дараа манай хойд хөрш, одоогийн ОХУ-ын төрийн тэргүүн Н.С.Хрушев болон бусад удирдагч түүнийг баатрын ёсоор хүлээн авчээ. Тэр цаг дор ОХУ-д шашныг “Ард түмнийг хордуулагч хар тамхи” гэж үзэж байсан үе. Тэгсэн Хрушев олноос захлан Гагаринтай ганцаарантай нь уулзаж “Юра, сансарт Бурхантай тааралдав уу. Бурхан байна уу” гэж асуужээ. Гагарин,

— Тааралдлаа. Бурхан байнаа гэж хариулсан байна. Хрушев “Би ч бүр тэгж бодоод байсан юм. Өөр хүнд битгий хэлээрэй” гэж захисан байна.
Гагарин Италид зочилж, католик шашны төв-Ватиканы 261 дэх пап лам Ионн XXIII-тай уулзжээ. Ромын пап лам түүнээс “Сансарт Бурхантай тааралдав уу. Бурхан байна уу” гэж асуужээ. Гагарин,

— Тааралдсангүй, Бурхан алга гэж хариулсан байна. Ионн XXIII пап лам “Би ч бүр тэгж бодоод байсан юм. Өөр хүнд битгий хэлээрэй” гэж гуйсан байна.

Эх сурвалж: aguulga.mn