“Манчестер Юнайтед” талбайдаа “Барселона”-д хожигдож, “Аякс” баг “Ювентус”-тэй тэнцэв

2019-04-11

2018/2019 оны хөлбөмбөгийн улирлын Аваргуудын лигийн хасагдах 1/4 шатны шилдэг найман багийн эхний тоглолтууд өндөрлөлөө. Урьд шөнө Английн Манчестер Юнайтед баг талбайдаа Испанийн Барселонад 0:1-ээр /хамгаалагч Шоу 12 минутад өөрийн хаалгандаа автогоол/ хожигдож, Голландын Аякс талбайдаа Италийн Ювентустэй 1:1-ээр /гоол: Нерес 46 мин – Роналду 45 минутад/ тэнцэв. Уржигдар болсон тоглолтод Аваргуудын лигийн “дэлдэн чихт” цомыг таван удаа өргөсөн Английн алдарт Ливерпүүл талбайдаа Португалын Португ 2:0-ээр /гоол: Кейта 5 мин, Фирмино 26 минутад/, Английн Тоттенхэм шинэ цэнгэлдэхдээ, энэ улиралд түрүүлэх тааварт нэрлэгдэж байгаа Манчестер Ситиг 1:0-ээр /гоол: Сон Хын-Мин 78 минутад/ буулган авсан.

Эдгээр багийн хариу тоглолтууд манайхаар, ирэх долоо хоногийн мягмар гарагаас лхагвад шилжих шөнө, лхагва гарагаас пүрэвт шилжих шөнө /IV.17, 18-ны 03.00 цагт/ болох хуваарьтай. Хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожсон багууд шөвгийн дөрөвт шалгарна. Шалгарсан 4 баг финалд шалгарахын төлөөх 1/2 шатанд өрсөлдөнө. Тоглолтуудын цаг өдрийг давхцуулахгүй, нэг өдөр нэг тоглолт болох хуваарь гаргасан байгаа. Эхний тоглолтууд V.1-ний 03.00 цаг, V.2-ны 03.00 цагаас, хариу тоглолтууд V.8-ны 03.00 цаг, V.9-ний 03.00 цагаас эхэлнэ. Финалын тоглолт VI.1-нд Испанийн Мадрид хотын “Метрополитано” цэнгэлдэхэд болно