Казахстаны Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг VI.9-нд явуулна гэж зарлав

2019-04-10

Н.Назарбаевын оронд Казахстаны Парламентаас тус улсын Ерөнхийлөгчийн албанд шинээр томилсон К.Токаев ээлжит бус сонгуулийн товыг зарлав.

Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу ирэх 2020 оны хавар дөрөвдүгээр сард болох байсан ч тэрбээр “Ээлжит бус сонгуулийг энэ зун 2019 оны зургаадугаар сарын 9-ний  ням гарагт явуулна. Нийт ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй болох нь Казахстан улсын тогтвортой байдлыг гадаад, дотоодод баталгаажуулах маш чухал алхам юм” гэж мэдэгдлээ. К.Токаев нэмж, Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах талаар Н.Назарбаев болон Парламент, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн зөвлөлийнхөн, мөн намын дарга нартай зөвлөлдөж санал нэгдсэн гэж ярилаа.

Энэ мэдээлэлтэй холбогдуулан, Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч “Нур Отан” намаас К.Токаевыг биш, Н.Назарбаевын ууган охин Дарига Назарбаеваг нэр дэвшүүлэх нь, улмаар Ерөнхийлөгч болгох нь гэсэн таамаглал олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Өдгөө 55 настай Дарига Назарбаева хатагтай нь өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос Казахстаны Парламентын сенатын даргын алба хашиж байгаа бөгөөд тус улсад бүхний танил болсон улстөрч юм байна.

Дашрамд хэлэхэд хамгийн сүүлчийн, Ерөнхийлөгчийн сонгууль 2015 оны дөрөвдүгээр сарын 26-нд болоход Н.Назарбаев сонгогчдын 98 хувийн санал авч Төрийн тэргүүн болж байв.

Эх сурвалж: Aguulga.mn