Ажлын байран дээр ёсзүйн алдаа гаргасан бол хариуцлага тооцно

2019-04-10

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж нь ажлынхаа газрын улсын байцаагч эмэгтэйд ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлэхийг санаархсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгасан байна.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “ Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Хэрвээ ажлын байран дээр ёсзүйн алдаа гаргасан бол хариуцлага тооцно” гэжээ.

Тэгвэл хохирогч эмэгтэй холбогдох цагдаагийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан байна. Харин хүч хэрэглэн эрхшээлдээ оруулахыг завдсан гэх дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн хэргийг газарт очиж үзлэг шалгалт хийсэн аж.

Хэргийн газарт ажилласан цагдаагийн алба хаагчид бусдыг хүчиндэхийг завдсан гэх үйлдлийг хэрэг бүртгэл хийхээс татгалзжээ. Учир нь ямар нэг хүч хэрэглэсэн болон хүчиндэх үйлдэл, ёс бус авир, гэм хор учруулаагүй байна хэмээн үзсэн байна.

Шалгалтаар хүчиндэхийг завдсан хэрэг тогтоогдоогүй гэсэн тайлбарыг холбогдох байгууллагаас өгсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг дүүргийн прокурорт хүргэжээ.