Украины Ерөнхийлөгчийн сонгууль болж байна, урьдчилсан дүнг даваа гарагт зарлана

2019-03-31

Украинд Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх 30 мянган сонгуулийн байрыг гуравдугаар сарын 31-ний бямба гарагт орон нутгийн цагаар өглөө 08.00-д нээснээр тус улсын 29 сая сонгогч 39 нэр дэвшигчээс төрийн тэргүүнээ тодруулах үйл явдал эхэллээ. Тус улсад оршин суугаа иргэдээс гадна бусад 72 улс оронд байрлуулсан сонгуулийн 101 байранд украинууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс сонголтоо хийж санал өгч байна. Харин Украины эрх баригчид ОХУ-ын Москва, Санкт-Петербург, Ростов-на-Дон, Екатеринбург, Новосибирск хотод байсан сонгуулийн санал өгөх таван байрыг хаасан нь 3 сая украин сонгогчийн санал өгөх эрхээ эдлэх боломжийг үгүйсгэв. Түүнчлэн Гүрж, Казахстан, Финланд улсад сонгуулийн байр ажиллуулж санал өгөхийг хориглосон байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүн даваа гарагт гарна. Нийт 39 нэр дэвшигчээс шоу жүжигчин Владимир Зеленский, одоогийн Ерөнхийлөгч Петр Порошенко, “Батькивщина” намын тэргүүн Юлия Тимошенко хатагтай, “Амьдралын төлөөх сөрөг хүчний тавцан” намын тэргүүн Юрий Бойко нар сонгогчдын хамгийн олон санал авна, гэхдээ хэн нь ч дангаараа 50+1 санал авч чадахгүй гэж улстөрийн ажиглагчид тооцож байна. Ийм тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөх аж. Өөрөөр хэлбэл, Украины Ерөнхийлөгч энэ удаа бус удаахь сонгуулиар тодрох нь.

Эх сурвалж: Aguulga.mn