Хэйсэйгийн 30-р он IV.30-нд дуусна, Японы шинэ эзэн хааны анхдугаар он V.1-нд эхэлнэ

2019-03-31

Дорно дахины эртний уламжлалын дагуу Японд эзэн хааны ширээнд угсаа залгамжилсан ханхүү залрах бүрт хаанчлалын шинэ эрин эхэллээ гэж тооцон нэр оноож хуанлийн жилийг нэгдүгээр оноос тоолж эхэлдэг. Энэ нь манай Монголд 1911 онд VIII Богдыг хаан ширээнд залаад цаг тооллыг “Олноо өргөгдсөний” гэж нэрлээд улмаар “анхдугаар он” гэж албан ёсоор ярьж бичих болсонтой яг адил юм.

Японы одоогийн эзэн хаан Акихитогийн хаанчлалын цаг тоолол “Хэйсэйн” гэсэн нэрээр түүнийг 1989 онд ширээнд заларснаар эхэлсэн. Тэрбээр дөрөвдүгээр сарын 30-нд буюу Хэйсэйгийн 30 дугаар онд хаан ширээнээсээ буух юм. Төрсөн хүү Нарухито нь тавдугаар сарын 1-нд шинээр эзэн хааны ширээнд заларч, түүний хаанчлалын эрин эхэлж, анхдугаар он эхлэх юм. Японы Засгийн газар дөрөвдүгээр сарын 1-ний даваа гарагийн 11.30 цагт Нарухито эзэн хааны хаанчлалын үеийн шинэ эрин-цаг тооллын нэрийг албан ёсоор зарлана. Ямар журмаар уг нэрийг хэрхэн сонгосноо тайлбарлана. Ерөнхий сайд Шинзо Абэ шинэ эриний анхдугаар он эхэлж байгаатай холбогдуулан ард түмэндээ хандаж үг хэлэх юм байна.

Эх сурвалж: Aguulga.mn