БААВГАЙН САВАР буюу Тэмээн тавхайгаар хийсэн хоол

2019-03-31

 

 

1990 он гарлаа. Монголын бүх хүн Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвөөс гадаад паспорт авах тэгш эрхээр хангагдлаа. Харин паспорттай болсны ашгаа гаргаж өмнөд хөршийг зорихдоо Цагаан хэрэм үзэх, Хааны ордон музей сонирхох, Бээжин нугас идэх хэмжээнд аялан жуулчлах уу, эсвэл арилжааны банк, анд нөхдөөсөө зээл авч ганзага наймаа хийж бизнест хөлөө тавих уу гэдэг нь хувь хүний сонголт байв.

Өвөр түрийндээ орж өссөн эмэгтэй, эрэгтэй хоёр найз минь хоёр дахь замыг сонголоо. (Надтай биш, хоорондоо өвөр түрийндээ орж байсан гэдгийг тодотгоё). Би нэг дэх, юм үзэж нүд тайлах хувилбарыг сонгов. Санхүүгийн асуудлыг тэр хоёр 100 хувь даахаар боллоо. Миний эрэгтэй найзыг Ёндон, эмэгтэйг нь Нансал гэдэг. Ёндон  Дорноговь аймгийн төвд ар, өвөр Шандын хог гэж ад үзэгдэж байсан Орос цэргийн ангийн үлдээсэн хаягдал төмрийг урьд хөрш рүү гэрээ хийж гаргалаа. Сэлэнгийн Тужийн нарсанд хөрөө рам  ажиллуулж вагон вагоноор гуалин мод зөөв. Нансал Ховд аймагт ангийн отог гаргаж Алтайн хар тарваганы арьсыг мянга мянгаар нь бэлтгэж хойд хөрш рүү гахай гахайгаар гаргалаа. Дээр нь малчдын цахилгаан үүсгүүрийн ахуйн хэрэгцээнд зориулан Японоос дотоодод импортолсон жижиг оврын “Хонда” моторыг зуу зуугаар нь гадаадад шинэ Сибирь рүү экслортлов.

Хоёр найз минь хэдхэн жилийн дотор нилээд их мөнгөтэй болж, чөмөг суулаа. Хэдийгээр би түүхийн дурсгалт газраар орох, тэр хоёр бизнесийн орчноор явах гэсэн өөр өөр маршруттай  боловч хойд урьд хөршийн хоолыг гурвуулаа хамтдаа сорчилж, сонирхож идсээр байгаад хоолны хоббитой болов. Бид гурвын хоббиг их идэх, арааны шүлс асгаруулсан хоолтой зоогийн газраар дахин дахин үйлчлүүлэх гэж ойлгож болохгүй. Харин өмнө нь амсаж ч үзээгүй хоолыг идэж үзэх гэсэн, хийдэг жорыг нь мэдэж аваад өөрсдөө хийх гэсэн хорхой, хобби гэж ойлгоорой. Найзуудынхаа ачаар би Ленинградын Эрмитажийг үзэхийн зэрэгцээ Петеградын шарсан махны нүнжигтэйгээс нь идэж  явлаа. Эрхүү хотын Эдийн засгийн сургуулийн ханан дахь, Ю.Цэдэнбал даргын суралцаж  байсныг тэмдэглэсэн дурсгалын самбарын дэргэд зургаа авахууллаа. Тэр оройгоо Ангар хотын дэн буудалд Оросын солянка шөл халбагадаж,  Кавказын узбек пловоор дайлуулж суусан. Дашрамд хэлэхэд Ю.Цэдэнбал даргын төгссөн Сибирийн Санхүү, эдийн засгийн дээд сургууль нь одоо Эдийн засаг, хууль зүй, байгалийн Их сургууль болж өргөжжээ.

Хэдэн оныг одоо санахгүй байна. Хавар тавдугаар сар эхэлж байсан.  Ёндон, Нансал хоёр “Чамд хүүхдийн шээсэнд чанасан шувууны өндөг идүүлж хаврын ядаргааг чинь гаргана” гэж утасдаж байна. Гурвуулаа Хятад руу явлаа. Тус улсын Жянсү муж (Шанхай хотын хойгуур оршдог)-ийн Доньян хотод очиж 10 хүртэлх насны хөвгүүдийн шээсэнд чанасан шувууны өндөг – “Түнзыдань” идлээ. “Түнзыдань” гэдгийг зандан хөвгүүдийн өндөг, өндгөн хүү гэж хоёр янзаар монголчилж болох гэнэ. “Түнзыдань” нь даралт буулгаж тогтворжуулдаг, хамгийн чухал нь ядаргаа гаргадгаараа алдартай учраас Доньян хотыг хаврын цагт гадаад, дотоодын ирээчин яваачингийн  хөл дардаг аж. Хятадад “1 өрх 1 хүүхэд” гэсэн хууль үйлчилдэг. Доньян хотын айлууд ч бусдын адил нэг хүүхэдтэй, гэхдээ бүгд эрэгтэй биш, эмэгтэй ч байна. Дээр нь өндөг чанах шээсийг 10 хүртэлх насны хөвгүүдийнх байна гэж хязгаарладаг.

“Зандан хөвгүүдийн өндөг” идэхээр зорьж ирэгсдэд Доньян хотын захиргаанаас чин шударга, ном ёсоор нь үйлчлэх нөхцөл бүрдүүлжээ. Хотын бага сургуулиудын 10 хүртэлх насны эрэгтэй сурагчдыг тусгай 0-д зориулалтын тусгай саванд шээлгэж байна. Тэгж хуримтлуулсан шээсэнд, үйлчилгээний тусгай зөвшөөрөл бүхий газрууд шувууны өндөг чанаж гадаад дотоодын зочид, жуулчдад худалдаж байв. Доньян хотын Захирагчийн алба, Жянсү мужийн захиргаанаас балчир хөвгүүдийн шээсэнд өндөг чанаж иддэг энэхүү уламжлалыг биет бус соёлын өв гэж 2008 онд зарлажээ. Санаа дагасан уу, бид гурав, гурав хоног “Түнзыдань” идээд алжаал тайлагдаж, бие хөнгөрч сайхан болсон. Хүүхдийн шээсэнд чанасан өндөг хурц үнэртэй болохоос Монголдоо давстай усанд бидний чанаж иддэг “Түмэн шувуут”-ын өндөгнөөс ялгарах зүйл байхгүй юм билээ. Бага насны хөвгүүд олонтой, манайхны монгол айл бол заавал Хятадын Доньян явж “Түнзыдань” идээд яах вэ. Монголдоо, гэртээ хүүхдүүдийнхээ шээсэнд “Түмэн шувуут” компанийнхаа тахианы өндгийг чанаж идэж болмоор санагдана. Гэхдээ өөрсдөө хүсвэл шүү. Энд, өндөг чанахад анхаарах зүйл гэвэл хөвгүүдийн шээсэнд эхлээд хальстай нь чанана, дараа нь хальсыг нь авч зөөлөн галаар үргэлжлүүлэн  шээсэндээ буцалгах ёстой.

Ёндон, Нансал, бид гурвын  “идэж үзэх хобби”-ын аяллын хүрээнд дээр дурдсан “Түнзыдань”-аас гадна урд хөршид явахдаа тэмээний тавхайг баавгайн савар гэж хууртагдан дайлуулсан минь санаанаас огт гардаггүй юм. Хоёр анд минь “Баавгайн савраар хийсэн хоол гурвуулаа иднээ. Өөрсдөө мөнгө гаргахад арай л үнэтэйдээд байна. Хятадын талын том бизнесмэнээр даалгана” гэж ярина. Энэ хоол нь Шинжаан-Уйгарын хөвчийн хүрэн баавгайн тавгаар хийдэг, тансаг зэрэглэлийнх бөгөөд Хонконг, Шанхайд хамгийн хямд 1000 доллар, бусад хотод 1500 долларын үнэтэй гэж яригддаг байв.

Ганзага наймаачин нэрээ “бизнесмэн, босс, даяа” гэж дуудуулах төвшинд хүрсэн хоёр андыг минь урд хөршийн томчууд том л дайлдаг юм байна хэмээн бахархах өдөр ирэв. Баавгайн савартай тавхайгаар хийсэн хоолонд бид гурав уригдлаа. Тэгэхдээ Шанхайд биш Бээжинд. Үнэхээрийн сайхан хоол байна. Биднийг дайлсан бизнесмэн, Манжийн хааны зооглодог байсан 500 нэр төрлийн хоолны нэг, баавгай Хятадын Улаан номд орсон учраас зоог хийх материалын олдоц ховор боллоо гэх мэтээр, реклам зар сурталчилгааны унжирсан яриагаар уг хоолны даруулга хийсэн юм. Баавгайг Улаан номд орсон амьтан гэдгээс болоод арай өөр амьтны хөлийн тавхай биш байгаа гэсэн хардлага төрлөө.

Хардах шалтгаан нь бидний идсэн баавгайн савар хоёр хумстай байсанд оршино. Нийслэлд Нэгдүгээр төрөх эмнэлэгийн үүдэнд, баавгайн савраар жирэмсэн эхчүүдийн гэдсийг маажна, нэг удаад төдөн төгрөг, маажсан байхад өвдөхгүйгээр амархан төрдөг гэж ярьсан “ардын эмч” нарын хадганд ороосон савар арай л олон хумстай байсан санагдаад болдоггүй. Гэсэн ч 1500 долларын үнэтэй хоол, Манжийн хааны зоог гээд байхад урьдаас нь баавгайнх яг мөн үү гэж асуултай биш. Ингээд монгол тэмээ хоёр бөхтэй, араб тэмээ нэг бөхтэй, манай туулай эвэргүй, Өмнөд Америкийнх эвэртэй байдаг шиг Шинжаан-Уйгарын хүрэн баавгайн хөл нь хоёр хумстай биз ээ гэж бодлоо сарниулсан сан.

Сайн хүн явснаа, саар хүн идсэнээ ярьдаг болохоор би энэхүү аяллаас ирээд Баавгайн савартай тавхай-г 1500 доллараар идлээ гэж таньдаг, таньдаггүй олон хүнд танилцууллаа. Тэгсэн Өмнийн говиос төрсөн бизнесмэнүүд: -Ямар юмны баавгайнх байх вэ. Манай Ханын хэц, Галбын говийн улаан тэмээний тавхай. Хятадууд аймаг, сумын бойн дээр (нядалгааны газар) өвдөгний үеэр нь тайраад хаячихсан шилбэтэй тавхайг аргал мэт түүгээд, машинд ачаад явдгийг хараагүй юм уу. Дээр үед баавгайн савраар хоол хийж байсан гэнэ лээ. Одоо бойн дээр хаясан манай говийнхны тэмээн тавхайгаар хоол хийгээд баавгайн савар гэж юм мэдэхгүй баячуудыг хуурч бизнес хийж байгаа. Өмнөговьтой хил залгаа Баяннуурын хошууны урд, дундад сумын өвөрмонголчууд хэдхэн жилийн дотор тэмээгээ дуусгасан. Тэднээс тэмээгээ яагаад гуанз, рестораныханд зарж худалдаад байгаа учрыг асуухад “Тэмээн тавхайг Бээжингээс урагшаа баавгайн савар гэж хоол хийж үнэ хүргэдэг. Тийм болохоор бид ч тэмээгээ үнэ хүргэж заран арвин зоостой болсон” гэж өгүүлдэг хэмээн ярьж билээ.

Хятадуудын энэ бизнес нилээд хэдэн жил үргэлжилсэн. Бид гурвыг дайлдаг бизнесмэн хятад “Танай ар монголчууд үнэнийг задлаагүй, харин өвөрмонголчууд тэмээгээ зарах үнэ өртөг дээр урд газрын хан үндэстнүүдтэй тохиролцолгүй маргаан гарснаар баавгайн саврыг тэмээн тавхайгаар орлуулан хоол хийдэг болох нь илчлэгдэж энэхүү бизнес нурсан” гэж хожмоо ярьж байсан юм. Бид гурав ч түүнээс, тухайн үед рестораныханд өөрөө хууртагдсан уу, мэдсэн атлаа биднийг хуурсан уу гэдгийг яагаад ч юм бэ асууж чадаагүй. Харин тэрээр тэмээний тавхай их хэмжээгээр олж өгөхийг биднээс гуйдаг байгаа. Яах гэж байгааг лавлахад  “Тэмээний тавхайн өсгийн доторх бүлх өөхөөр элэг анагаадаг эмчилгээний нууц жор нийтэд ил болж задарсан. Элэгний өвчтэй хүмүүсийг эмчлэхэд хэрэглэх гэсэн юм” хэмээн хариулсан юм.

Урьд хөршөөс ирсэн хятад хүн манай орны Өмнө, Дорно хийгээд бусад говиор тэмээний тавхай хэрэгтэй байна гэж ярьж яваа бол, худалдаж авч байгаа бол баавгайн саврыг орлуулах бус, элэг нэгтэй хятадуудынхаа элгийг эмчилж эдгээх гэж зорьсон нь тэр. Өвлийн идшиндээ тэмээ төхөөрсөн айл байвал, монголчууд минь тавхайг нь хятадуудад зараад ч яах вэ, өөрсдөө эмчилгээний журмаар шөл гаргаж уувал эм болдоггүй юм гэхэд хоол болох биз ээ гэж бодоод “нууц жор”-ыг нийтэллээ.

Тэмээн  гөрөөс (хавтгай) болон тэмээний тавхайн бүлх өөхийг (өсгийн                доторх) хүмүүний элэг илааршуулахад хэрэглэнэ.

“Бүлх өөх ихээхэн том бол хоёр хувааж 2 нэгж, бага бол шууд 1 нэгж гэж хэмжээслэнэ. Нэг нэгжийг 3 өдөр дараалан буцалгаж ууна.

—Эхний өдөр нэгж бүлх өөхөн дээрээ 4 аяга ус хийж сайн доргилуулан буцалгаж ширгээн 3 аяга шим шөл гаргана. Энэ шим шөлөө 3 хувааж өглөө, өдөр, орой 1 аягыг бүлээнээр ууна.

—Хоёр дахь өдөр, урьд нь буцалгасан нэгж бүлх өөхөн дээрээ дахин 5 аяга ус хийж  эхний өдрийнхөөс их хугацаагаар доргилуулан буцалгаж 3 аяга шим шөл гаргана Энэ шим шөлөө 3 хувааж өглөө, өдөр, орой 1 аягыг  бүлээнээр ууна.

—Гурав дахь өдөр, урьд нь буцалгасан хуучин нэгж бүлх өөхөн дээрээ дахин 6 аяга ус хийж  эхний өдрийнхөөс их хугацаагаар доргилуулан буцалгаж 3 аяга шим шөл гаргана.  Энэ шим шөлөө 3 хувааж өглөө, өдөр, орой 1 аягыг бүлээнээр ууна.

—Шим шөлийг уусны дараа 1 цагийн дотор хоол идэж, унд цай уухыг хязгаарлана. Мөн хэт халуун, хэт хүйтэн уухыг хориглоно. 6-7 нэгжийг 18-21 хоног уухыг нэгэн мөчлөг эмчилгээний уулт гэж үзнэ. Эрүүл чийрэг, чацуутан насны хүмүүний элэгний нэгэн адилын төвшинд илаарших хүртэл тавхайн  бүлх өөхийг цувруулан ууж өвчинг үгүй хоосон болгоно” гэж зааварлажээ.

Эх сурвалж: aguulga.mn