АН-ын удирдлага Монголын мафийг нүцгэн цээжээрээ хамгаалж байна

2019-03-28

 

 

 

 

Г.ЖАМЬЯН

(Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн)

 

 

Уул нь би, энэ хэдэн шудрага залуучуудыг дэмждэг юм. Монголыг гучаад жил тонон дээрэмдэж, дэлхий даамгүй баяжсан Монголын мафийн сүлжээг нураахын төлөө У.Хүрэлсүх, Л.Оюун–Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар…тэргүүтэй хэсэг залуучууд амь бие хайргүй тэмцэж байгаад зөвхөн би биш, Монголын ард түмэн баярлаад, дэмжээд байгаа нь туйлын үнэн.

Монголын мафийн, МАН талын толгойлогч М.Энхболдыг суудлаас нь зайлуулах гэж хичнээн сар яаж зовов?!  Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын шудрага талыг барьсан дөчин гишүүн, Ардын намын удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд, парламентад суудалгүй нам, төрийн бус байгууллагуудын удирдлага, Иргэний хөдөлгөөнийхөн, талбай дүүрэн жагсаал цуглаан, суулт өлсгөлөн… нийлж байж Мафийн толгойлогчийгарай ядан буулгасан. Гэлээ ч энэ сүлжээ амь бөхтэй хэвээрээ байгаа. Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нарын тохоон томилсон хууль хүчний байгууллагын удирдлагууд, тухайлвал Улсын дээд шүүхийн дарга Ц.Зориг, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, түүний орлогчид, АТГ-ын дарга Энхжаргал нарын хүмүүс суудалдаа шигдсээр байгаа. Тэд Монголын  мафийг хуучин бүтцээр нь авч үлдэх, дахин босгож ирэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй болоод байгаа билээ. Эднийг зайлуулаач, монголд шудрага ёс тогтож бид амар амгалан амьдармаар байнагэж ард түмэн маань, ёстой л өглөө үдэшгүй зальбирч байсан даа. Гучаад жил Монголыг дээрэмдсэн энэ сүлжээг бүр мөсөн нураана гэдэг чинь асар их эсэргүүцэлтэй  тулгардаг юм байна. Мафийнхнаас хөрөнгө зоорь, өндөр алдар цол албан тушаал авчихсан, гэнэт баяжсан, ураг төрлийн холбоотой болчихсон хэсэг хүн, бүлэглэлүүд энэ мафийн хувь заяаны төлөө нойргүй хонож байгаа нь нууц биш.

Би нэг л зүйлд харамсаж байгаа. Миний хүндэлж дээдэлж явсан Ардчилсан намын маань өнөөгийн удирдлага, энэ мафийн бүлэглэлийг улаан нүүрээрээ , халуун цээжээрээ хамгаалж байгааг хараад ой гутах юм даа. Хайран нэр хүнд, хайран ардчиллын маань үнэт зүйлс, хайран ардчиллын ирээдүй.

Ардын нам талын мафийн толгойлогч М.Энхболдыг суудлаас нь зайлуулах хөдөлгөөн өрнөснөөс эхлээд л Ардчилсан намын удирдлага хэдэн хэсэг хуваагдсан. УИХ дахь цөөнхийн бүлэг хоёр хуваагдлаа. Нэг хэсэг нь (голдуу баячууд) мафийн толгойлогчийг дэмжиж, нөгөө хэсэг нь (шудрага талыг баригчид) М.Энхболдыг огцруулах бичигт гарын үсэг зурцгаасан.  АН-ын удирдлага шудрага гишүүддээ арга хэмжээ аван хөөхийг нь хөөж, арга хэмжээ авахыг нь аваад УИХ дахь бүлэгээ  задлаад хаячихсан. Сөрөг хүчин маань өнөөдөр “сөхөрсөн хүчин” болоод байгаа.

Уул нь Ардчилсан намын цөөнхийн бүлэг чинь хүчтэй бүлэг байсан юм. Бүлгийн даргатай, УИХ-д дэд даргатай, хэзээ дуртай цагтаа завсарлага авдаг, олонхид ямарч шаардлага тавьж болдог, олон түмэнд нэр хүндтэй бүлэг байлаа даа. Одоо тартагтаа тулаад зөвлөл гэнэ үү, нэг юм байгуулж. Ардчилсан намын нэр хүндийг ингэж л шороон доогуур буллаа даа.

Би уул нь энэ намуудыг шудрага үнэний дуу хоолой болоод явж байвал алиныг нь ч дэмждэг л хүн. Улсын их хурал дээр бүдүүлэг загнаад, сайн зүйлийг харлуулж, муу бүхнийг дэмжээд байвал аль ч намыг эсэргүүцдэг, тэмцдэг байр суурьнаас ханддаг.

Ардчилсан намаас, гайгүй шудрага юм гээд дэмжиж байсан зарим зэлуус маань бүр цаашаа 360 градус эргэлээ. Би АН-ын нарийн бичгийн дарга О.Магнайн тухай түрүү бичсэн. Их итгэж явсан хүн, болчимгүй загнаад байхаар хэн хүнгүй л гомдох юм байна шүү дээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гэж ямар сайхан залуу гарч ирлээ?!   Энэ парламентын эхний  чуулган дээр УИХ-ын даргаа ямар зоригтой шүүмжилсэн гээ. “Миеэгомбын Энхболд бол хамаг бузар булхайг үйлдчихээд, ард нь сэмхэн хоцордог хүн” гэж жинхэнэ нүүр царайг нь зоригтой хэлж билээ. Би , хэлсэн үгийг нь бичиж тэмдэглэж авсан байгаа. Тэгсэн чинь өнөөх М.Энхболдоо огцруулах болсон чинь, намынхаа удирдлагуудтай нийлээд мафийн толгойлогчоо хамгаалж эхлэдэг байгаа. Тэгсэн чинь Ардчилсан намын нарийн бичгийн дарга болох л гэж замаа засч байсан юмсанж. Одоо том суудалд оччихсон бүр ч гаарлаа л даа. Ардын намын хэдэн шудрага залуучуудыг, “дайсан”-аа ч гэж үзэж байгаа юм уу. Үг л дуугарвал тэднийг загнаад байх болж.

Швейцарь улсад УИХ-ын даргатай хамт айлчлаад бөөн хэрүүл орж ирлээ. Швейцарийн хоолыг хэрүүлгүйгээр “гударчихаж” болсонгүй гэж үү?!  О.Баасанхүү, Б.Пүрэвдорж хоёр энэ багийн бүрэлдэхүүнд багтаж явсан, МАН-ын гишүүн Т.Аюурсайханыг хэлэх хэлэхгүйгээр л бичлээ, ярилаа. “Т.Аюурсайхан бид хоёр адилхан “үзүүлэн” байдлаар айлчлалд явсан” гэсэн ярилцлага өгч. Төр засгаа яаж ч муулсан та нарын эрх. Улсын төсөв хөрөнгөөр дан “үзүүлэн” авч явдаг ойлголтыг нийтэд өглөө. Харин Швейцарийн талаас юу гэж бодож байгаа бол?!  Манайхныг доромжилж, дан “үзүүлэн”-гүүдээ явуулж л гэж бодож байгаа байх даа.  Уг асуудал нь хэрэлдээд байхаар ч зүйл биш билээ л дээ. Т.Аюурсайхан “Би С.Баярцогтын оффшор дансны таван хуулгыг аваад ирсэн” гэж. Хоёр улсын хууль хяналтын байгууллагууд урьд нь ярилцаж тохироод С.Баярцогтын оффшор дансны таван хуулгыг солилцохоор болж. Түрүү нь албан ёсоор шийдчихэж. Дээд хэмжээний айлчлалын үеэр УИХ-ын дарга, уг асуудлыг хариуцсан хоёр хүнд тэр бичгийг албан ёсоор гардуулаад өгчихөж. Түүний нь эрхэм гишүүн Т.Аюурсайхан нийтэд мэдээлчихлээ. Юу нь буруу байгаа юм?!  Ер нь Б.Пүрэвдорж, О.Баасанхүү нарын зүгээс энэ хэдэн шудрага залуусыг харлуулах гэж яасан  муухай зүтгэнэ вэ?   Өш хонзон юм уу, өөрсдөөс нь илүү гарчих гээд байгаа юм уу. Энд , сайн мэдэх нэг зүйлээ тодотгочихьё. Т.Аюурсайхан чинь, өнөөдөр өнгө мөнгөөр УИХ–д орж ирчихээд ичиж үхмээр зүйл яриад, гудамжны хэрүүлээс өөр юм мэдэхгүй байгаа хүмүүсийн дэргэд бол үзүүр тохой өндөр хүн шүү. Гадаадын 4-5 улсын хэлээр чөлөөтэй ярьж бичдэг, мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалсан, Ерөнхийлөгчийн зөвлөх байсан, Монголын төрд бэлтгэгдсэн боловсон хүчин юм билээ.

Түүний хийж байгаа алхмууд, хэлж ярьж байгаа зүйлүүд хэнд ч итгэл үнэмшилтэй байдаг. “Булавч бултайна, даравч дардайна” гэсэн нэг үг бий дээ. Т.Аюурсайханыг харлуулах гэж зүтгээд байгаа энэ хэдэн хүн харах цаг ирэх байлгүй. Ер нь шинэчлэлийн төлөө тэмцээд байгаа залуус бол бүгд л ийм бэлтгэгдсэн хүмүүс билээ.

Улсын их хурал гэдэг өнөр бүлд маань хэл мэддэггүй, хэвлэл ном уншдаггүй, хэрүүлээс өөр юм боддоггүй яасан олон хүн орж ирээ вэ?!  Заримд нь онигоо хүртэл гарсан байна. “Гадаадын хүн харахаараа зугтаагаад байдаг” гэж. Дараагийн сонгууль хаяанд ирлээ. Та нар минь энэ сонгуулиар их мөнгө тараасан, гүйлгээгүй бараагаар хуурсан хүмүүсийг л дахин битгий сонгоорой гэж захимаар байна.

Ард түмэн минь, сүүлийн үед болоод байгаа үйл явдлыг тун анхааралтай ажиглаж, хэн нь хэн бэ гэдгийг таньж байгаа байх. Ямар залуус, Монголын мафийн сүлжээг нураах гэж зүтгээд байгаа, ямар намын хэн гэдэг хүн энэ тогтолцоог хадгалж үлдэх гэж салганаж чичрээд, зүрх нь хаагдчихаад байгааг ажиглаж байгаа даа. Тэр дунд С.Зоригийн аллагыг захиалсан, гүйцэтгэсэн, буруу замаар будлиулсан хүмүүс, хууль бусаар төр засгийн эрхийг булааж авсан 60 тэрбумынхан, Эрдэнэтийн 51 хувийг гадныхантай хуйвалдаж барьцаанд тавигчид, 49 хувийг нь төрийн мөнгөөр хувьдаа авч баяжигчид, нас барсан 10000 хүнийг “амьгүй албат” болгон төрийн мөнгийг хулгайлж баяжигсад, улстөрийн аллага, учир битүүлэг үхлүүдийн эзэд бүгд л хөтлөлцөөд явж байгаа. Энэ их шудрага ёсны эргэлтийн явцад, ээлжилж төр барьсан, хойшид ч барих тавилантай гурван том нам МАН, АН, МАХН гурвыг л цэвэршээсэй гэж үнэнхүү итгэж байсан юмсан. МАН одоо цөөн хэдэн “хонзогногчид”-оосоо салчихвал цэвэрших замдаа орлоо гэж харж байна. Харин Ардчилсан нам?!

Ц.Элбэгдорж , М.Энхболд, С.Баяр нарын удирдсан мафийн сүлжээ  ямар аймшигтай зүйл хийж байсан нь захаасаа бичлэгээр илэрлээ. Эрх баригчиддаа гурван санал тавьмаар байна. 1-т: С.Зоригийн хэргийн бичлэгийг ард түмэндээ үзүүлье. 2-рт  энэ гэмт этгээдүүд тэдний гэр бүл ойр дотныхонд хилийн хориг тавья. 3-рт эдний хөрөнгийг битүүмжилж шалгая.

Эх сурвалж: news1.mn